Лхам бурхан айл бүрт залран ирнэ
Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр буюу Цогт охин тэнгэр гэж нэрлэдэг. Энэ бурхан нь эм хүний дүртэй тул охин тэнгэр гэж нэрлэсэн. Балданлхам бурханы ерөнхий харагдах байдал нь хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй байх бөгөөд хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй. Үүнд, рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн эрдэмтэй. Эдгээр гурван эрдмийн хүчээр Лхам сахиусыг хаа хүрэх газарт агшин зуурт хүргэдэг төгс ид шидтэй.
Түүний унаж буй хонгор халзан луус нь илжиг, морь хоёрын эрлийз бөгөөд хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно. Луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь хонгор халзан луусн...