Ч.Ичинхорлоо: Ясны шөл, бурамтай сүү хий дарж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг

 

    Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой зүрх судасны өвчлөлийн талаар ярилцлаа.

 

-Зүрхний өвчинг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд зүрх судасны өвчинг долоон хэсэгт хуваан авч үздэг. Энэ нь сэтгэл долгисох, зүрхээр хатгуулах, үүн дотроо хийн хатгалгаа, цусан хатгалгаа гэж хуваадаг, зүрхний халуун, зүрхний ус, зүрх будангуйрах, зүрхний хорхой, зүрхний халэнагво гэж ангилдаг. Зүрх судасны өвчин хийнээс үүсдэг. Хий нь өвчин бүхний эхлэл, шалтгаан юм. Зүрх нь гал махбодитой, зуны улиралд илүү өвчилдөг. Тиймээс 6, 7 дугаар сард зүрхээ сайн анхаарах хэрэгтэй. Одоо өвлийн улиралд бөөрний судас дэлгэрсэнээр бөөр өвчилж, давхар зүрх судсандаа нөлөөлдөг. Бөөр нь доод биед хүйтэн сэрүүн оронд оршдог ч зүрхэндээ нөлөөлсөнөөр зүрх бөөр, уушгитайгаа хавсарсан өөрчлөлтүүд, зүрхний хавангууд өвлийн улиралд их үүсдэг.

 

-Зүрхний өвчний гол шалтгаан юу вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Уламжлалт анагаах ухаанд гаслант сэтгэлийн бэрх үйлээр хямарснаас шалтгаалж зүрх өвчилнө гэсэн байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, нийгмийн, ажил төрөл, ар гэрийн бухимдлыг байнга бодож, нэг зүйлд хэтэрхий их шунаснаас болж зүрх өвчилнө гэсэн үг. Хийн шалтгаан нь хүсэл шунал юм. Зүрхний өвчин хийнээс үүсдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр ийм ч юм авмаар байна, тийм ч юм авмаар байна гэж хэтэрхий их шунах нь зүрхний өвчний том шалтгаан болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн хэт их өлсөх, нойр таслах, уурлаж бухимдах нь зүрх өвчлөх бас нэг шалтгаан. Хүн уурлаж бухимдахад эхлээд ходоод цочирч, дараа нь зүрх судсандаа нөлөөлдөг. Уурлаж бухимдах, сэтгэл са-наа тогтворгүй байх нь дан ганц зүрхийг өвчлүүлэхгүй, ходоодны өвчнөөр ч өвдөх үндсийг тавьж байгаа юм. Тиймээс битгий уурлаж бухимдаач ээ гэж хэлмээр байна. Залруулж болох тохиол аваас уурлаж бухимдахын хэрэг юун, залруулж болшгүй тохиол аваас уурлаж ундууцахын нэмэр юун гэдэг шиг уурлах нь өвчний шалтгаан болохоос цаашгүй. Амар амгалан байж, бодол санаагаа удирдаж чадвал зүрхний өвчнөөс сэргийлж чадна.

 

-Зүрхний өвчнөөс сэргийлэхийн тулд хоол хүнсээ яаж тохируулах вэ?

-Зүрхний өвчний бас нэг шалтгаан бол өөх тос. Цусан дахь өөх тосны хэмжээ ихсээд ирэхээр зүрхэнд ачаалал өгнө. Тиймээс өөх тостой хоол хүнс бага хэрэглэх, амтлаг идээ унд, гашуун исгэлэн архи, дарс, махаа тохируулж идэх хэрэгтэй. Ер нь хоол унднаас илүүтэй дотоод сэтгэлтэйгээ ажиллаад сурчихвал зүрхний өвчнөөс сэргийлж чадна. Хэрэггүй зүйл бодож сэтгэл санаагаа зо-воохгүй байх нь маш чухал. Амьсгалаа зөв авч сурах хэрэгтэй.

 

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ?

-Манай Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүст дараах зүрхний өвчнүүд зонхилон тохиолддог. Тиймээс тэдгээр өвчнүүдийн үед гардаг шинж тэмдгийг хэлж өгье. Сэтгэл долгисох өвчний үед толгой өвдөнө, маш их мартамхай болдог. Өчнөөн олон юм бодож явдаг учраас мартамхай болох нь аргагүй шүү дээ. Тэгэхээр мартамхай болж байгаа нь тархи судаснаасаа бус зүрхнээсээ шалтгаалж байгаа юм. Мөн энэ өвчний үед айж цочино, санаа алдана, амьсгал богино болно. Юм асуугаад байхад хариулахгүй, эсвэл асуугаагүй байхад учир зүггүй яриад эхэлнэ. Зүрх будангуйрах өвчний үед бас мартамхай болдог. Ямар нэгэн юманд сонирхолгүй, амьдралын идэвхигүй болдог. Энэ нь гадны янз бүрийн зүйл нөлөөлж байгаа хэрэг биш зүрхнээсээ болж идэвхигүй болж байгаа юм. Мөн цээжин дотор чулуу дүүжилсэн мэт өөрийн эрхгүй хүнд оргидог. Үүнийг бид ходоодтой ч юмуу өөр өвчинтэй холбоод байдаг. Гэтэл энэ нь зүрхний өвчний шинж шүү дээ. Зүрхний хийн хатгалгааны үед цээж, зүрх орчмоор хатгуулна, амьсгалаа дутуу авсан мэт санагдана, нүдний судас тодрох шинж тэмдэг илэрдэг. Зүрхний халуун өвчнийг хүмүүс элэг цөсний өвчинтэй андуураад байдаг. Халуун өвчний үед ааш зан хувирах, нүд улайх, зүрхээр мушгирах мэт өвдөх, хамрын үзүүр хатаж, хуурайших, өвчүү болон ар нуруугаар халуу оргих, хэл хуурайших шинж тэмдэг илэрнэ.

 

-Эдгээр зүрхний өвчнүүдийн үед ямар эмчилгээ хийх вэ?

-Зүрх долгисох өвчний үед гурван үрийн тосон эмийг идүүлэх, түрхэх, зөөлөн шимтэй хоол унд, эм тан өгдөг. Зүрхний хийг дарах эм өгнө. Дөрвөн шимт ясны шөлөнд тан уух, шөлийг нь дангаар нь уусан ч болно. Хуучин бурмын шүүсээр тан эмээ даруулж уух, эсвэл өглөө, оройн цагаар бурамтай сүү уух хэрэгтэй. Ясны шөл, бурамтай сүү хий дарж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг тул үүнийг гэрийн нөхцөлд хэрэглэж болно. Харин зүрхний хий дарах төөнүүр заслыг уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх ёстой. Эдгээр эмчилгээ нь зүрх долгисох өвчинд маш сайн. Хийн хатгалгаа өвчний үед эмчийн заалтаар тан эмүүд ууна. Төөнүүр хийнэ, бурмаар эмээ найруулж ууна. Хатгалгаанд төөнүүр эмчилгээ маш сайн. Зүрхний халуун өвчинд хануур хийдэг. Хануур хийхийн өмнө муу цус ялгах тан уулгадаг. Мөн энэ өвчний үед төөнүүр заслыг ч хийнэ. Будангуйрах өвчний үед бадганг хөөхийн тулд эмчийн хяналтанд бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Зөгийн балаар тан эмээ найруулах буюу хөлөглөж уух хэрэгтэй. Ингэснээр амьдралын идэвхигүй байдлыг засч болно.

 

-Манба Дацан эмнэлэгт зүрхний өвчтэй хүмүүс хэр их ирдэг вэ?

-Манай Манба Дацан эмнэлгээр зүрхний өвчтэй хүмүүс их үйлчлүүлдэг. Зүрхний хийтэй, зүрхний хийн хатгалгаа, сэтгэл долгисох, зүрхний халуун өвчтэй хүмүүс их ирдэг. Дан ганц зүрхний өвчтэй ч биш бөөр, уушгины хавсарсан өвчтэй хүмүүс ирж эмчлүүлдэг. Зүрхний цахилгаан бичлэг, эход үзүүлээд зүрх нь эрүүл гараад байгаа мөртлөө зүрхний өвчний шинж тэмдэг илрээд өвдөөд байна гэсэн хүмүүс манай эмнэлэгт их ирдэг. Тэгээд судас чагнаж үзээд, хэлийг нь харахад яалт ч үгүй зүрхний өвчтэй хүн байдаг. Хэл бол зүрхний толь гэж хэлж болно. Тухайн хүний хэлийг хараад зүрх нь хэр удаан өвдсөн, өвчний байдал ямар байгааг маш сайн оношилж чаддаг.

 

-Зүрхний цахилгаан бичлэг, эход илрээгүй өвчинг уламжлалт анагаах ухааны оношилгооны аргуудаар илр-үүлдэг нь их сонирхолтой байна л даа. Учир нь юунд байна вэ?

-Янз бүрийн шалтгаан нөхцлөөс болж зүрхэнд гарч байгаа өөрчлөлтийг шинжилгээний багажууд илрүүлэхгүй байх тохиолдол байдаг. Дээрээс нь зүрхний өвчний шалтгаан болох хийн хямрал гэх ойлголт Европын анагаах ухаанд байхгүй шүү дээ. Уламжлалт анагаах ухаан өөрийн гэсэн зүй тогтолтой, учир шалтгаан, нотолгоонд үндэслэсэн онолтой бөгөөд тухайн хүний бие махбод, сэтгэл оюун санааг сав ертөнц, гараг эрхэсийн шилжилт хөдөлгөөн, байгаль орчинтой нь холбон үздэгээрээ Өрнийн анагаах ухаанаас ялгаатай.

 

-Бөөр өвдөх нь зүрхэнд нөлөөлдөг гэж байсан. Тэгвэл зүрхний өвчнөөс шалтгаалж бусад эрхтэн өвчлөх үү?

-Хүний эрхтэнүүд харилцан уялдаатай, хоорондоо холбоотой байдаг. Их юм бодож шаналах нь зүрхний өвчний шалтгаан болохоос гадна ходоодны өвчинг давхар үүсгэж байдаг. Тухайн эрхтэн дангаараа өвчлөхгүй, бусад эрхтэнээ ч гэсэн хорлоод явдаг. Тиймээс зүрхний өвчний шалтгаан болсон идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байвал зүрх, бөөр, уушги, ходоод гээд олон өвчнөөс сэргийлж чадна.

-Төрөлхийн зүрхний өвчнийг уламжлалт анагаах ухаанд юу гэж үздэг вэ?

 

-Хамт төрсөн өвчин гэдэг. Хамт төрсөн өвчин гэдэг нь нэг үгээр хэлвэл удамшил юм. Өөрийнх нь болон эцэг эхийнх нь урьд насандаа хийсэн үйлийн үрээр бий болсон өвчин гэж хэлж болно.

 

-Зүрхний үйл ажиллагааг сайжруулах эм тан бий юу?

-Зүрхний үйл ажиллагааг тэтгэх тан эм бий. Гэхдээ зүрхний хамгийн сайн эм бол сэтгэлээ тайван байлгах явдал. Хоол унд, юугаар ч орлуулашгүй эмчилгээ бол сэтгэлийн амар амгалан байдал шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

“Уламжлалт анагаах ухаан” сонин №12 (28)

“Уламжлалт анагаах ухаан” сонины нэмэлт захиалга явагдаж байна. Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *