Төөнүүр засал дархлааг дэмжиж, өвдөлтийг намдаадаг

mamba-datsan20161111_0022

УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн гэж ангилан үздэг бөгөөд төөнүүр заслыг голлон бадган хийн хүйтэн өвчинд хийдэг. Төөнүүр нь биеийн гадаргуу дээрх биологийн идэвхит бэлчирээр дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэн, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаах ач холбогдолтой. Тухайн өвчтөний өвдөлт, зовиур илэрч байгаа болон хуруугаараа дарсаны дараа өвдөж буй газарт, судас лугших орон, судасны өвчин босох газар, таван цул, зургаан савын бэлчирүүдэд, ар нурууны 20, өврийн 22, толгой үе гишүүний 29 бэлчир гээд нийтдээ 71 бэлчирт өвчний мөн чанараас нь шалтгаалан төөнүүрийг хийдэг. Төөнүүрийг толгой эргэх, бие хүндрэх, хөөстэй бөөлжих, уушги, зүрх, толгой, цээжин бие өвдөх, бадган шар дэлгэрсэн өвчнүүдэд хийвэл тустай. Мөн долгисох, чичрэх, ухаан алдах, зүрхээр хатгуулах, айж эмээх, түгших, нойр сэрвэлзэх, чих шуугиж дүлийрэх, амьсгал давхцах, зүрх хямрах, амин судсанд шар ус, хий оршсоноор өвчүүгээр хагарах мэт өвдөх, ус уухад өвдөх зэрэгт төөнүүр эмчилгээг хийх нь тустай. Харин шарын халуун, цусны өвчин, таван эрхтэний үүд буюу нүд, чих, хамрын нүх болон зарим нэг нууц бэлчирт хийхийг хориглодог.

Мөн төөнүүр засал эмчилгээг хийж эхлэхэд шинийн өдрийг шинжлэн үзэж 1, 6, 18, 22, 24-ний өдрүүдэд хийхийг хориглоно. Төөнүүрийг өвчний байдал, төөнүүр хийх бэлчир, нас зэргээс хамааран харилцан адилгүй хийдэг. Тухайлбал, хавдар, гадар шарх, бэтэг өвчинг 10-15 минутаас дээш хугацаагаар төөнөдөг бол цайвар бадган, шар ус, зүрхний хий, ясны хийн өвчний үед 5-10 минут төөнөнө. Харин хийн хүйтэн, хүйтэн хорхой, хүйтнээр гүйлгэх, шээс хаагдах өвчний үед 5-10 минут халааж төөнөх төөнүүрийг хийж, хүйтэн чийг нойтноос болсон хүүхдийн эмгэгүүдэд цонох төдий цочроож төөнөнө.

Жирэмсэн эх нярайлсны дараа цус алдах, туулга заслын дараа, судас тасарсан үед хэтэрхий их төөнөвөл судас бүлэх, шөрмөс хумигдах, хийн гүйдэл тасарсанаар бие хатах зэрэг гэм гардаг тул төөнүүрийг сайтар тохируулан хийх хэрэгтэй. Төөнүүр эмчилгээг хийснээр биеийн гадна дотор өвчний эвэршээл хаталгааг дариуд тасалж, хий дэлгэрч, хямарсан өвчнийг гадагш нь татаж дарна. Идээ унд эс шингэснийг засч, галын илч, хоолны дуршлыг нэмэгдүүлэх тус эрдэмтэй. Хуучин хавдар, шархны сорвийг тасдаж, хавдрын толгойг дарна. Шар усыг гадагш татдаг. ууц нуруу чилэх, хүйт оргих үед бөөрний бэлчирт, шээс хаагдах, дусагнах үед давсагны бэлчирт төөнөвөл илааршина. Зүрх, амин судлын бэлчирт төөнөвөл зүрхээр хатгуулах, долгисох, санаа алдах, ухаан алдах, айдас хүйдэс арилах тус эрдэмтэй юм. Төөнүүр хийлгэсний дараа өвчтөнийг босгож бага зэрэг алхуулах бөгөөд хэт халууцах, даарах, бороонд норох, хүйтэн ус, сэрүүн идээ унд хэрэглэхгүй байхыг анхаарч, гам сайн барих шаардлагатай.

Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч О.Үүрийнцолмон

Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28)

Уламжлалт анагаах ухаан сонины захиалга явагдаж байна. Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *