Дараах үйл мөрдлөгөөр амьдрахыг сэтгэлдээ үргэлж бодон хэрэгжүүлж явбал энэ болон хойд насандаа зовлонгийн сав болохгүй. Зовлон алсран холдож амар амгалангийн мөн чанарыг төгс эдлэнэ. Үүний тулд: өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах дөрвөн ерөндгийн дотроос үйл явдал мөрийн оронд хамаарах: өдөр тутмын үргэлж мөрдөх, улирлын, ахуй үеийн явдал мөр гэсэн гурван зүйлийг мэдэх хэрэгтэй.
Түүнд өдөр тутам үргэлж эдлэх үйл нь насыг тэтгэх, ертөнцийн хүний номт явдал, дээдийн номт явдал болой.
Насыг уртасгахын тулд дараах 13 зүйлийг сахин мөрдөх хэрэгтэй.
1. Насыг тэтгэх, уртасгах явдал мөрийн зорилго
2. Өвчин, хижгээс хамгаалах сахиус
3. Өвчний нөхцөлийг тэвчих
4. Явах суух явдал мөр
5. Унтах, нойрны явдал мөр
6. Хурьцлыг эдлэх ёс
7. Иллэг, түрхлэг хийх арга (бариа)
8. Хичээл шамдлыг үйлдэх арга
9. Үрж арчих арга
10. Усанд орох (угаалга)
11. Нүдээ хамгаалах арга
12. Өвчний аюулаас сэргийлэх арга
13. Сүүлийг хураах
Насыг тэтгэх, уртасгах явдал мөрийн зорилго
Хүн төрөлхтөн үргэлж биед хорлох нөхцлийн язгуурыг хааж, амгаланд оршихыг хүсдэг. Насыг уртасгах, өнөд удаан тэтгэхийн тулд дараах зан үйлийг шүтэх хэрэгтэй.
Өвчин хижгээс хамгаалах сахиус зүүх
Өвчин хижгээс сахихад эмийн дээд, эрдэнэ, нууц тарни гурвыг биедээ хадгалж, сахих хэрэгтэй. Эмийн дээдээр сахихад: Мөнгөн усны үрэл, Намжал арүр, халуун хүйтний эрдэнийн эм үрэл, Ванбо рилвү, Шүдаг, Юнгар, Гүгүлийг зүүн суга мөр хүзүүнд зүүснээр халдварт болоод хижгийн өвчнөөс сахиж чадна. Эрдэнээр сахих нь: Их эрдэнэ Очир алмааз, Биндэръяа, Бадмаараг, Индранил, Маргад, Гартаам, Чон (эрдэнийн язгуур цагаан, хөх өнгө тогтсон гадна, дотроо сүүдэргүй, чадлаараа гараг адыг дарна) тэргүүтэн эрдэнэ эдгээрийг эрих болгоод хүзүүндээ зүүнэ эсвэл алтан бадар аяганд хийгээд оройд нь боож болно. Түүгээр өвчин адыг сахиж чадна. Нууц тарниар сахих нь: Үнэхээр алдартай сайн бүтээлчин, хүч чадал нь илт мэдэгдсэн егүзэр/бясалгагч/-ийн адис жинлавтай бодис, сахиусны уяа, зарлигласан тарнийн бичгээр сахиус хийж хоолойдоо зүүнэ. Ад тотгор хорлохоос сахина. Энэ хойдын хоёр хэргийг бүтээх нууц тарни, арвис тарни, тогтоол тарнитай сахиусыг хүзүүндээ зүүж, мартаж гээлгүй биедээ авч явах хэрэгтэй.
Өвчний нөхцөлийг тэвчих
Өвчнийг хөдөлгөх гол нөхцөл болох үл зохицох идээ, явдал мөрөө тохируулахгүй байх гэсэн хоёр зүйлийг цаг үргэлж тэвчих. Биеийн үйл явах хөдлөх, хэлний үйл ярих, сэтгэлийн үйл санаа бодол гурваас хэтэрсэн гэмийг тэвчин бие, хэлний үйлийг үл ядрах төдий тохиромжтой хэмжээнд байлгах. Хэл тэргүүтэй таван эрхтнээр тус тусын орныг үл эдлэх, мэдрэгдэж байгаа орнууд муу муухай, аймшигтай зэргээр нэрвэгдэж зовох, өөр өөрийн оронд доройтох, хэт амар амгалантай байлгаж бас болохгүй.
Явах суухыг зохицуулах явдал мөр
Амгалантай урт наслахыг хүссэн төрөлхүйтний явах суух явдал нь: Усанд живж болзошгүй эргэлзээ бүхий усан онгоцоор явах, номхруулж сургаагүй адуу, үхэр унах. Хулгайч, араатан гэх мэт амьтантай алагдах газрын зүгт явах. Гүнзгий гол мөрний хэмжээг мэдэхгүй орох, үер устайг мэдэлгүй гатлах, мэдсэн хэрнээ усны эргүүлэгтэй газраар явах. Их гал түймэртэй ойр явах, очих, орших. Зун эрэг хавцлын ирмэгээр явах. Мод, уул хадны захаар зэрэгчлэн зун өвөл авирах явахыг тэвчээрэй. Бууж суух, ер нь хаана ч явахдаа замаа машид шинжээд эргэлзээтэй газраар явахгүй байх. Өдрийн цагт ч алагдах газар, аглаг байшин, булаагдах газар, хүүрийн газар битгий яв.
Унтах нойрны явдал мөрийг зохицуулах
Шөнийн цагт унтахгүй бол ширүүдэж хий үүсэх учир хангалттай унтаж бай. Хэрэв унтаж чадаагүй бол маргааш нь хоол идүүлэхгүй өлсгөж, унтаагүй хугацааных талд нь унтуулах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө бүх хүмүүст хамаатай. Онцгойлон- Согтсон, биеийн хүч барагдсан, уй гашуудалтай, хүнд ажлаар ядарсан, маш ихээр ярьсан, хөгшин, айж цочирдсон хүмүүсийг тухайлан авч үзэх хэрэгтэй. Тэжээлийн улиралд ширүүн, хөнгөн чадал үүсэх бөгөөд, шөнө богино байдаг учраас биеийн хүч, сүр жавхаа, өнгө зүсийг булааж хий арвиддаг. Тиймээс өдөр өчүүхэн төдий хэсэг зуур унтвал тослог, хүнд болсноор туслана. Хийг дарж, хүчийг арвидуулахын тулд өдөр унтаж болно. Эдгээрээс бусад тохиолдолд өдөр унтвал бадгана үлэмж үүсэж, бие хавагнана, сэтгэл оюун мунхарна, толгой өвдөнө, залхуу хүрнэ, томуу болон халдварт өвчин тусах учир тэвчих. Харин нойроо дийлэхгүй байгаа бол тэр үед нь бөөлжүүлэг үйлдээд өлсгөх хэрэгтэй. Мөн бэлгийн ажил үйлдвэл тустай, нойронд сэргэг болно. Нойр сэрвэлзвэл дөнгөж саасан бүлээн сүү, тараг, архи, хар шөл (мах чанасан шөл) зэрэг бүлээн шимтэй хоол идэж уух. Толгойдоо гүнжидийн тос түрхэж, чихэндээ бага зэрэг бүлээсгэсэн тос дусааж дүүргэвэл нойр сайн хүрнэ.
Бэлгийн ажлыг зохицуулах
Насанд хүрсэн хүн нь:
Төрлийн орон үл зохицсон, өөр лугаа язгуур үл зохицсон адгуус
Төрлийн орон зохицсон ч гэр бүлтэй хүнтэй
Гоо бус буюу дүрс муутай (удамшлын өвчтэй) сэтгэлд зохисгүй
Жирэмсэн эмэгтэй
Хүч дорой буюу хэт туранхай, сульдаж ядарсан
Өвчин зовлонгоор бие нь машид энэлсэн
Гэмтэл бэртэлтэй
Сарын тэмдэг ирж байгаа зэрэг үеүүдэд бэлгийн ажил хийхийг огоот тэвчих хэрэгтэй. Яагаад гэвэл насанд барцад болно, бидний мэдэхгүй элдэв өвчин гарна, биеийн хүч, өнгө зүс илүүтэй доройтож барагдахаас эхлээд өөр бусад элдэв зүйл ч гардаг тул тэвчих.
Энэ мэт биш бол эмэгтэй хүн өвөл хүчжүүлгээр омогшсон буюу дусал арвиддаг тул дахин дахин эдэлсэн ч хориггүй, биед хорлох зүйлгүй.
Намар, хаврын улиралд хоёр хоногт нэг удаа. Зун болон тэжээлийн улиралд хагас сарын зайтай үйлдэх. Энд зааснаар өөрөөр бэлгийн ажил хийвэл нүд зэрэг таван эрхтэн доройтож толгой эргэх гэх мэт тэсвэрлэшгүй өвчин тусан цаг бусаар үхэх тул магадтай тэвчих нь зүйтэй. Умай нь гэмтэй, машид тарган эсвэл туранхай, багш тэнгэр ялгуусны орон, тахил шүтээнийн дэргэд, хүүрийн алагдах оронд болохгүй гэжээ. Бэлгийн ажил үйлдэх ёс нь:
Эмэгтэй ариуныг сайтар боомтолсон, дурьдал сэтгэлийн өвчингүй үед эрхтэн төлжиж, алдар хүч илүүтэй арвидсан, хөгшин ч чийрэг чадалтай байх хэрэгтэй. Бэлгийн үйл хийсний дараа биед туслах идээ, явдлыг шүтэх. Сүр өнгө хүчийг дахин үүсгэх хэрэгтэй. Үүнд нь угаалга, түрхлэг, хийг арилгах мөсөн чихэр зэргийг идэх, сэрүүн ус, сүү, махны шөл, буурцагны зутан, архины тунгалгийг уулгана. Эдгээр нь сүр өнгө, хүчийг дахин үүсгэнэ.
Иллэг түрхлэг бариа хийх арга
Үргэлж биедээ тос түрхэж, иллэг бариа хийвэл хөгшрөлт удааширна, хөгшдийн өвчнөөс аварна, насыг уртасгана. Бие алжааж ядарсан, хийн өвчнийг дарна. Эрхтнийг тодруулж, нойр хүрч амгалантай унтана. Биеийн сүр өнгө хүч дэлгэрч, арьсыг машид зөөллөнө. Өнгө тодорч төлжинө. Ялгамжтайд толгой, хөл гарын дөрвөн толионд дилийн тос зэргээр иллэг түрхлэг түрхвээс нүдний хараа сайжирна. Биеийн хүч дэлгэрнэ, нас машид арвидна. Нойр сайн хүрдэг. Чих хийн орон тул үрийн тосоор дүүргэнэ. Таван эрхтний үйл ажиллагаа, тунгалаг цөвийн ялгаралт сайжирна. Бадгана үүссэн, эс шингэсэн, угаах эм зэргийг өгсөн үед иллэг түрхлэгийг тэвчээрэй.
Хичээл шамдлыг үйлдэх арга (хөдөлгөөн)
Хүмүүс шамдлаар алхахыг зохицуулваас бие махбод хөнгөрөн, өөх багасч, үес ялгаран, биеийн дээд доод зэрэг бүдүүн нарийны хувь нь тус тусдаа ялгарна. Илүүтэй ходоодны галын илчийн хувь нь бүгдэд үүснэ. Бие махбод чийрэг, төлжих нь шамдлаар алхахыг үнэхээр эдэлснээс гарна.
Шамдлаар алхах гэдэг нь: Хөлөргөхгүй алхахыг хэлэх ба явдал мөрийн дээд юм. Гэвч хэтрүүлвээс буруу гэм гарч дээрх эрдмээс буцах болно. Биеийн тамир барагдаж, буруу алхвал гэмтэх, хямрах, болохгүй гэм элдэв үүснэ. Тухайлаад: Хөгшид хүүхэд, хий, шарын өвчин, хий шар хавсарсан өвчтэй хүмүүс шамдлаар алхахдаа хэтрүүлэхийг тэвч. Хөгшид нялхасаас бусад хүмүүс биеийн хүч чадал сайтай, үргэлж тослог хоол иддэг бол өвөл (хүйтний улирал, өвлийн эхэн, адагт), хаврын улиралд шамдлаар алхах. Тэжээл, зун, намрын үед алгуур, өчүүхэн төдий шүтээрэй. Ялангуяа дээр хэлсэн болон бадганы өвчний суурьтай хүмүүс явган алхах хэрэгтэй. Алхах нь хэтэрвээс ханиалгах, ундаасах, цус шар дэлгэрч алжааж ядарна, хижиг гарна.
Үрж арчих
Иллэг түрхлэг бариа, шамдлаар явган алхсаны дараа буурцгийн талх зэрэг хуурай талхны бодисоор олон дахин үрж арчвал бадгана арилж өөх хайлна.
Арьсны өнгийг сэргээх, толгой хөл зэрэг үе мөч бат бөх, уян хатан болгоход маш сайн. Биеийг тосолсоны дараа амт халуун, ширүүн эм, арвайн гурилыг тосонд халааж зуураад үрж арчвал бадганг арилгаж, өөхийг хайлуулна, арьсны өнгийг сэргээнэ.
Усанд орох (угаалга)
Бүлээн зөөлөн усаар биеийг дахин дахин угааж, улирлаас шалтгаалж усанд тохируулан орж ариун цэврийг сахих. Илүүтэйд намар 8-р сард од дансронрихи ургасан үед 7 хоноод ус бүгдэд найман гишүүн төгөлдөр болсон тул угаалын усаар хүчжүүлнэ. Чалх, биеийн гадна дотор илчийг үүсгэн, хүч ихсэж, насыг уртасган сүр жавхаа, өнгө зүс нэмэгдэнэ. Арьс бадганаар загатнаж маажина, шараар хөлөрч муухай үнэртэй болох, хийгээр хир тогтож бие нь алжааж залхууран, шараар ам цанган, биед халуун илч дэлгэрснийг усанд орж угааснаар арилгана. Мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг сайжруулна. Гэвч халуун усаар доод биеэ булхан угаавал хүч үүснэ, харин толгойгоо угаавал үс, нүдний хүчийг булаадаг бөгөөд үс зулгарч, өнгөө алдаж, хүүхэн харааны өнгө доройтдог. Өөрөө гарсан халуун ус, рашаанаар үс нүдийг угааж болохгүй. Ерөнхийдөө халуун усаар ч угааваас хорлоно. Биеийн хүчийг бууруулдаг. Ялангуяа халуун суулгалт, гэдэс дүүрч хөөсөн үед халуун хүйтэн альнаар нь ч угаахгүй, томуу, эс шингэх, хамар, нүдний өвчин, хоол идсэн даруйд толгой төдийгүй биеийг угаахыг тэвч.
Нүдээ хамгаалах арга
Эрхтнүүдийн дотроос нүд нь галын мөн чанарын хувь ихтэй. Бадгана нь гадагш гарч нулимсны ёсоор цувирдаг тул шар модны хандыг 7 хоног өнжөөд өдөр бүр нэг дуслаар үргэлж дусаана. Түүгээр өвчнийг арилган, нүдийг шимжүүлнэ. Нүд нь цус шарын орон, элэг цөстэй барилдсан галын мөн чанартай түүнтэй зохицсон үзүүлэгч шарын орон юм. Нулимсыг цувируулахгүйн тулд нүдний эм шар модны завсрын хальсны сэрүүн хуурай хандаар угааж, дараа нь бадгана шарын хувийг тэгшитгэнэ.
Өвчин аюулаас сэргийлэх
Хамт төрсөн өвчний ангилалд багтдаг өвчнөөс илүү аминд халгаатай гэнэтийн өвчин болох сахуу, ходоод, булчин урвах, боом, хамраас цус алдах гэсэн тэсвэрлэшгүй таван дайсан өвчин бие, амийг хорлохоор хэзээ ирэх нь магадгүй тул тэдгээрийг тус тусад нь сахих ерөндөгийг үргэлж биедээ авч явах хэрэгтэй. Бас хамраас цус гарах, хоолой, шээс хаагдах, цанх, гараг ад зэрэг нь дайсны ёсонд үзэгддэг.
Сүүлийг хураах
Эдгээр номлосон явдал мөр бүгдийг нэг хоёр хоног төдий биш цаг үргэлжид хэвшүүлж дадуулах хэрэгтэй. Өдөр шөнө алинд ч харгалзалгүй явах суухдаа ч үргэлж сэтгэл, дурьдалдаа ойр агуулж чадваас чадал нь гарна. Өвчин зовлон бүгдээс холтгож насыг уртасган, амгалантай, төгс эдлэлтэй болгоно.
Бэлтгэсэн: Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш Б.Алтантуяа