Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна

Манба Дацан эмнэлгийн эмч нар зөвлөж байна

-Ханиад, томууг уламжлалтаар хэрхэн эмчилдэг вэ. Зарим хүмүүс хүүхдэд тан өгч болохгүй гэсэн буруу ойлголттой байдгаас болж хүүхдээ ханиад хүрэнгүүт нь хүчтэй антибиотек өгөхийг урьдал болгодог шүү дээ?

-Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчинг засах тухай заасан байдаг. Хүүхдийн өвчинг нарийн өвчин, бүдүүн өвчин, маш нарийн өвчин гэж ангилан үздэг. Хүүхдийн өвчний үед эм тан, засал эмчилгээнүүдийг тухайн хүүхдэд тохируулан хийх ёстой. Тухайлбал, ханиад томууны үед эм, тан өгч архаг хэлбэрийн хатгаа, томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг эмчилж болдог. Бүр төрөлхийн, удамшлын өвчнүүдийг ч эм, тангаар засч болно. Жишээлбэл, дээр үеэс монгол маарамба, оточууд Мана-4, Норов-7 зэрэг эмүүдээр ханиад томууг засч байсан. Мөн тарнийн арга, бариа засал, гар засал, бумба, соруул, зөгийн балтай татлага, утлага эмчилгээ гэх мэт ханиад томууны үед хэрэглэдэг эмчилгээнүүд их бий.

-Ханиадны шинж тэмдэг илэрсэн эхний үед гэрээр ямар эмчилгээ хийж болох вэ?

-Гарын доорх материал болох хоол хүнс, гаа, лимон, аньс, аньсны навч, жимсний төрлийн зүйлсийг буцалгах зэрэг хүн бүхний мэддэг эмчилгээний аргуудаар засч, эмчилж болно. Гэхдээ зарим хүмүүс энэ аргуудыг хэрэглэхээс урьтаж антибиотек, янз бүрийн хүнд хэлбэрийн эмүүдийг хэрэглэж, антибиотекийн гаралтай нэмэлт өвчнүүдийг бий болгосоор байна. Гэтэл уламжлалтаар зөв эмчилгээг хийж чадвал маш сайн үр дүн гардаг. Гэрээр эмчлэхдээ ч яг тохирсон эмчилгээг хийвэл илүү үр дүнтэй. Дөнгөж ханиад хүрч байгаа үед хоолойны цэр, ханиад томууг үүсгэж байгаа бактер, нянг засах хэрэгтэй гэж уламжлалт анагаах ухааны онолд заасан байдаг. Үүнийг засахын тулд утлага хэрэглэх хэрэгтэй. Утлагыг сода, давстай ус, үзэмний шүүсээр хийж болно. Мөн Гүмбрүм-7, Гүмбрүм-11 гэсэн эмээр утаж болдог. Гэрээр зөгийн балтай татлагыг зөв хийвэл уушгины хатгаа хүндрэх хэлбэрийн үед нь ч эдгээж чадна. Бас халуун усанд суулгаж хөлс гаргах арга байна. Ингэхдээ усанд нь эмт бодисуудыг хийдэг. Таван рашааны дэвтээлэг гэж бий. Шөлөнд бас оруулдаг. Зарим тохиолдолд шимийн архинд оруулж болдог. Халуун бүлээн шимийн архинд оруулвал дотор халууныг гадагшлуулан өвчнийг боловсруулж нядлахад сайн байдаг. Энэ мэтчилэн үр дүнтэй аргуудыг хэрэглэж болно.

-Эдгээр эмчилгээг эмчийн заавраар хийх ёстой юу?

-Эмчилгээний хэд хэдэн хэлбэрүүдийг хүүхдэд тохиромжтой байдлаар сонгох хэрэгтэй. Ханиад нь уушгинд байна уу, хоолойд байна уу, хоолойны махтай холбоотой байна уу гэдгийг нь мэдэж, түүнд нь тохирсон эмчилгээг хийх ёстой. Тэгэхгүйгээр антибиотек хэрэглээд байвал ходоодонд өөрчлөлт орж, нэмэлт өвчин бий болж, биеийн дархлаа нь суларч, ядардаг.

-Ханиад томууны эхэн үед арга хэмжээ авч чадахгүй байсаар хүндрүүлсэн тохиолдолд “Манба Дацан” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болох уу?

-“Манба Дацан” эмнэлэг 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа хөгшид, хүүхэд гэлтгүй бүхий л хүмүүст эмчилгээ хийж ирсэн. Ямар ч өвчнийг цаг алдалгүй эрт оношлуулан эмчлүүлвэл эмчилгээний үр дүн сайн байх болно. Сүүлийн үед ханиад томууны идэвхжил өндөр байна. Хүүхдүүд нь эм тариа хэрэглээд байгаа ч сайжрахгүй, яахаа мэдэхгүй эцэг эхчүүд манай эмнэлэгт их хандаж байна. Тэдгээр хүмүүст манай Манба Дацан эмнэлэг амбулаториор болон хэвтэн эмчлүүлэх тасгаараа үйлчлэн, тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч, эмчилгээ үйлчилгээг шуурхай хийж, ханиад томуу, томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг эмчилж байна.

-Төвөнхийн бачуурал буюу Ларингитын үед амьсгал боогдон бачуурдаг. Европ анагаах ухаанд бачуурал тавиулах тариа хийж яаралтай арга хэмжээ авдагтай адил бачуурал тавиулах, цэр ховхлох үйлчилгээтэй эм тан, засал эмчилгээ байдаг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ларингитыг уламжлалт анагаах ухааны онолд нялхасын өвчний нарийн өвчин буюу хоолойн хаагдах өвчин гэж үздэг. Гэрээр эмчилгээ хийх боломжгүй, архаг явцтай өвчин учраас хэвтэн эмчлүүлнэ. Европ анагаах ухаанд антибиотекийн үрэвслийг дарах, ларангитын амьсгал, бачуурлыг тавиулах эмчилгээний үндсэн заалтаар явдаг. Уламжлалт анагаах ухаанд бачуурлыг тавиулахын тулд зүү, бариа засал, утлага, тан эмчилгээг сонгож хэрэглэдэг. Өвчтөний хоолой бачуураад эхэлчихсэн үед уламжлалтын түргэн тусламж гэж байхгүй учраас өвчин дөнгөж эхэлж байх үед нь уламжлалт эмнэлэгт хандаж эмчлүүлвэл хурдан хугацаанд үр дүнтэй илааршуулж чадна. 21-р зуунд антибиотекийн эмчилгээг үгүйсгэж эхэллээ. Биеийн дархлаа, биеийн үндсэн физиологи, үйл ажиллагаатай холбоотойгоор өвчний махбодыг дарах чиглэл рүү явж байна. Энэ нь уламжлалт эмчилгээ рүү илүү дөхөж байна гэсэн үг. Тэгвэл уламжлалт эмчилгээний үндсэн арга үе уламжлагдан ирсэн нэг онолоороо л явж байна. Энэ онолын дагуу хүүхдийн бие махбод, өвчний үе шатад нь тохируулж эм тунг тохируулж хэрэглэвэл уламжлалт анагаах ухааны эмчилгээ нь өндөр үр дүнтэй юм.

-Ханиад томуунаас сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдэг. Уламжлалт анагаах ухааны онолын дагуу дархлааг хэрхэн сайжруулах вэ. Дархлаа сайжруулах үйлчилгээ эм тан бий юу?

-Биеийн дархлаа буюу тамирыг сайжруулах идээ унд, явдал мөрийг зөв зохистой сахих хэрэгтэй. Хүүхдийн хоол ундны амт, шимтийг нь тохируулж, хэтэрхий амтлаг, хэт хүнд хоол хэрэглэхгүй байх шаардлагатай. Мөн оюуны ачаалал, гадаад дотоод орчин, унтаж хэвтэх явдлуудыг зөв зохистой байлгах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд улирлын чанартай дархлаа сайжруулах аргууд бий. Хүүхдийн биеийн тамирыг хавар, намрын цагт уушги, элгийг барьж сайжруулдаг. Өвөлд нь бөөр, бөгсөн биеийг, зуны улиралд зүрх, цээжин биеийг барьдаг. Хүн амын нягтрал ихтэй суурин газарт амьдарч байгаа хүүхдүүдийн дархлаа тамирыг сэргээхэд цэвэр агаар их хэрэг болно. Өвлийн цагт цэвэр агаарт гаргаж, зундаа шимжүүлэг эмчилгээг хийвэл зүгээр. Хавар байнга усанд оруулах хэрэггүй, харин намрын цагт нар буцсаны дараа айраг, цагаан идээгээр тамирыг сайжруулж болно. Мөн хүмүүсийн нийтлэг хэрэглэдэг Мана-4, Норов-7, Сэрдэг, Манагчин, Сожид гэх мэт эмнүүдийг эмчийн заавраар хэрэглэж дархлаагаа сайжруулж болно.

Манба Дацан эмнэлгээс бэлтгэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *