Булчин чангаралт юунаас үүсдэг вэ?
Булчин чангаралт нь ерөнхийдөө суугаа ажлыг хэт их удаан хийснээс болдог. Бичиг цаасны ажил, компьютерийн ард хэт удаан суух гэх мэт. Чилээ гаргах төрөл бүрийн дасгалыг өдөрт нэгээс дээш удаагаар хийж байх хэрэгтэй. Булчинг суллах янз янзын арга бий. Эдгээрээс нухах, даран нухах, ар нухах, цэгэн бариа, массаж, бүтэн биеийн зөөлөн бариа манай эмнэлэгт түлхүү хийгддэг.
Энэ удаад булчин чангарал буюу хөшингөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт нэг буюу 2-оос дээш удаа хийгддэг дасгалыг заая. Хүмүүсийн ойлгодгоор энэ дасгал нь урагш, хойш, баруун, зүүн тийш толгойгоо хөдөлгөөд болчихдог юм биш л дээ. Зүүн талруу толгойгоо хөдөлгөхдөө өөрийн баруун гараараа тултал нь хүзүүгээ татаж эцсийн цэгт нь хүрсний дараа 3-5 секунд энэ байдлаа хадгалж барина. Болж өгвөл цаг тутамд энэ дасгалыг хийгээд байвал хөшингө, булчин чангаралтаас сэргийлж болно.
Нурууны чангарлыг цэгэн бариагаар хэрхэн суллаж өгөх вэ?
Эхлээд эмчлүүлэгчийнхээ биеийн онцлогийг шалгаж, аль хэсгийн булчин чангаралттай байгааг нь үзээд суллаж өгнө. Чангаралтаас болоод аарцагны гажилт их явагддаг. Маш хор уршигтай зүйл. Тэгшхэн байх ёстой багана нуруу амьдралын буруу хэвшлээс болоод S хэлбэрээр гаждаг. Гажихаараа дээр доор, хөл урт богино болдог. Тэр гажсан хэсэгт нь мэдрэл даралт үүсдэг.
Түүнээс урьдчилан сэргийлэх, засах зорилгоор цэгэн бариа, даран нухалтыг хийдэг юм. Мэдрэлийн судлуудыг дагуулан дээрээс доош чиглэлтэй хийж байгаа цэгэн бариа нь мэдрэлийг сэргээж, булчинг суллаж, цусны гүйдлийг чөлөөтэй явуулж өгдөгөөрөө ач холбогдолтой. Аарцагны гажилт нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Хөлөө байнга ачиж суудаг ч юмуу, зөөлөн буйдан дээр тааваараа хамаагүй суух зэрэг нь аарцагны гажилтанд нөлөөлдөг.
Багана нурууны сэртэнгүүд нь өөр өөрийн градус хэмтэй байдаг. Түүнийх нь дагуу блокыг гаргаагүйгээс тухайн хүнд өвдөлт өгнө. Янз бүрийн байдлаар мэдрэл судас тасарч болно, эсвэл шохойжсон байвал бүр хугарч цуурна. Хүзүүний сэртэн 30 градусын хэмтэй байдаг болохоор тэр дагуу тонгойлгож хийнэ. Сээр нурууг 90 градусын хэмээр дээшээ татаж, нуруунаас доош ахар сүүл хүртэл 75 градусын хэмээр татаж өгнө гэх мэт.
Гэрийн нөхцөлд, энэ эзэмшээгүй хүн хийж болохгүй. Судас мэдрэлийг нь таслах, эсвэл бүр хугалаад хаячих ч тохиолдол байж болно. Мэргэжлийн хүнээр л гаргуулах хэрэгтэй. Гэхдээ өөрөө сайн дадаагүй эмч хүн хийх юм бол бас аюул учирна. Наана нь булчинг нь суллаж өгөх хэрэгтэй. Рентген зураг байвал сайн харах гэх мэтээр эсрэг заалтаа сайн харж тооцох ёстой байдаг.
Хүнд өөрт нь “тэг” гэж байдаг. Тэр тэгийг тэгш хэмтэй байлгана, хурсан шар усыг тараана гээд блок гаргасны ач холбогдол их бий.
Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Чойном
Уламжлалт анагаах ухаан сониноос