Өвчин гэж юу вэ?
Өвчин гэдэг үгийг монгол бичгээр эвдчин гэж бичдэг. Эрүүл биеийг эвдэж байгаа үйлийн эзнийг өвчин гэнэ. Европ болон уламжлалт анагаах ухаанд өвчний шалтгаан гэж эрс ондоо ойлголт байдаг. Жишээ нь тамхи уушигны хавдарын 50%-ийн, архи элэгний өвчний 20%-ийн шалтгаан болно ч гэдэг юмуу. Гэтэл уламжлалт анагаах ухаанд эдгээрийг өвчний нөхцөлд авч үзээд харин өвчний шалтгааныг холын, ойрын гэж хоёр ангилж үздэг. Ойрын шалтгаан нь ерөөсөө тэр хүн уушигтай учраас л уушигны өвчний шалтгаан болж байгаа юм. Тэр хүн уушиггүй байсан бол уушигны өвчин тусахгүй гэсэн үг. Элэгтэй байна гэдэг элэгний өвчний шалтгаан.
УАУ-д өвчний холын шалтгааныг мариг гэдэг. Өвөрмонголчууд түүнийг сэтгэл гэж буулгадаг. Энэ нь ухаангүй гэсэн үг. Сэтгэл гэдэг бие, хэл хоёрын эзэн. Сэтгэл ямар байна, бие бас хэл бас тийм байна. Хүн бодож байж ярьж хэлдэг болохоор. Мариг 84 мянган муу сэтгэлийг төрүүлдэг. Тэр нь үндсэндээ хүсэл тачаал, уур хилэн, тэнэг гэсэн гурван хэсэгт хураагддаг. Хүн эрх мэдэл, эд баялаг гээд ямарваа нэгэн зүйлийг хэтэрхий хүсэн тачаадсанаасаа болоод хий нь арвиддаг. Хүссэн юм нь санаснаар эс болоход уур хилэн төрнө. Энэ нь элэг цөсөнд нөлөөлж шар өвчнийг бий болгох жишээтэй. Юу нь буян, юу нь нүгэл болохоо ялгаж мэдэхгүй хүнийг тэнэг мунхаг гэнэ. Ийм гурван зүйл өвчний ойрын шалтгаан болж хий шар бадганыг үүсгэдэг. Хий шар бадгана гуравт бүх өвчин хураагдана. Энэ гурваар бүх өвчнийг таньж болно. Энэ нь цааш задраад явчихдаг.
Өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өвчний нөхцөл гэж дөрвөн зүйл бий. Идээ унд, явдал мөр, цаг, ад гэсэн дөрвөн нөхцөлөөр өвчин босдог. Аливаа өвчин эхэлж байхдаа хүнд өөрт нь мэдэгддэггүй. Хавдар гэхэд хүндрээд хоёр гурав дах шатандаа шилжсэн хойноо мэдэгдэх жишээтэй. Харин өвчин эхэлж байна гэдэг дохио өгч, анхаараарай гэсэн шинж тэмдэг илэрдэг. Байнга ундаа уумаар, байнга хуурай хоол идмээр санагдах, хоолонд муудах, дотор муухайрах гэх мэт. Ходоодны шингээлт муудах, ялангуяа цөс өвдөөд эхлэхээр хуурай хоолонд дурлаад ирэх жишээтэй. Өвчин эхлээд ингэж хурдаг. Дараа нь хөдөлнө. Тэгээд амирлана.
Уламжлалт анагаах ухаанд урьдчилан сэргийлэлт бол хамгийн том асуудал. Европ анагаах ухаантай харьцуулах юм биш. Урьдчилан сэргийлэлт дээр монголчууд том юм хийх ёстой, тэгэхгүй бол хэцүүдэж байна шүү дээ. УАУ-ны урьдчилан сэргийлэх арга дэндүү гайхалтай. Урьдчилан сэргийлэх дөрвөн ерөндөг гэж бий. Идээ ундаа, явдал мөр, эм, заслаар урьдчилан сэргийлдэг. Эмчилгээ дандаа урьдчилж хийгддэг. Жишээ нь: Өвлийн улиралд массаж хийлгээд байх юм бол захын мэдрэлийн цусан хангамж сайжирч, бадгана салст нь арвидахгүй байдаг гэдэг ч юмуу. Өвөл бөөр давсагны үйл ажиллагаа сэдэрдэг цаг үе. Тэгэхээр өвөл заавал цистит тусч зовж байснаас урьтаад намар нь давсаг бөөрөө эмчилж байх ёстой гэх мэт.
ОМИС-ийн төгсөгч, “Сэрдог Арур” эмнэлгийн эмч З. Ориг
“Уламжлалт анагаах ухаан“ сонин