Оточ Манрамба Их сургууль Японы Тохогийн Их сургуультай хамтран “Зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг эм, эмийн ургамлын эмчилгээ аюулгүй чанар”-ыг судлахаар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Энэ хүрээнд Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Чойжамц 11 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Тохогийн Их сургуулийн урилгаар Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тус айлчлалын үеэр Г.Чойжамц захирал Тохогийн Их сургуулийн Ерөнхийлөгч Жуничи Ямазаки, Удирдах зөвлөлийн дарга Хеномацу Хироши, Зөвлөх профессор Тошимицу Учияама, Анагаахын сургуулийн захирал Кен Такамацу, Гадаад харилцаа эрхэлсэн захирал Казухиро Татеда, Гадаад харилцааны мэргэжилтэн Чика Кавано нартай уулзан цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, оюутан солилцох, харилцан туршлага солилцох талаар хамтран ажиллах саналыг тавьсан байна. Энэхүү саналын дагуу ирэх 2017 оны тавдугаар сард Тохогийн Их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн захирал доктор, профессор Казухиро Татеда, Эм судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ацуши Сугияама нар манай улсад айлчлан, Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад лекц уншихаас гадна харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах аж.
Харин Тохогийн Их сургуулийн зүгээс Оточ Манрамба Их сургуультай хамтран зүрхэнд сонгомол нөлөөтэй уламжлалт анагаах ухааны эм, эмийн ургамлыг хамтарч судлах, эмчилгээнд хэрэглэж байхад гарч болох гаж нөлөө, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг хамтран судлах саналыг тавьжээ. Тиймээс Г.Чойжамц захирлын айлчлал хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад Япон улсад солилцоогоор суралцах таатай боломж нээгдэж байна. Харин оюутан солилцоонд хамрагдахад англи эсвэл япон хэлний өндөр мэдлэг, чадвар шаардагдах юм.
Дашрамд дурьдахад, Тохогийн Их сургууль нь 1925 онд байгуулагдсан 90 жилийн түүхтэй сургууль юм. Шинжлэх ухааны судалгаа их хийдэг, анагаах ухаан, эм зүй, сувилахуй, физик, биологи, мэдээлэл зүй, биоанагаах, хүрээлэн буй орчин судлал зэрэг 10 гаруй мэргэжлээр бакалаврын, анагаах ухаан, эм зүй, сувилахуйн чиглэлээр магистр, докторын сургалт явуулдаг 5500 гаруй оюутантай томоохон сургууль аж. Г.Чойжамц захирал Тохогийн их сургуульд айлчлах үеэрээ тус сургуулийн эм судлалын лабораторт хийж байгаа судалгаа шинжилгээний ажилтай танилцсан байна. Тохогийн их сургууль зүрхэнд сонгомол үйлчилгээтэй эмийн бодис, зүрхэнд хортой нөлөө үзүүлж болох эмийн бодис зэргийг судалдаг иж бүрэн тоноглогдсон лаборатортой бөгөөд тус лабораторын байрыг газар доор шийдэж өгсөнөөрөө онцлог. Учир нь ямар ч хүчтэй газар хөдлөлтийн үед газар доорх барилга байгууламж нурдаггүй тул шинжлэх ухааны судалгааны баримт материалаа аюулгүй авч үлдэхээр ийнхүү шийджээ.
Мөн тус лабораторт нохойнд антиграммын аргаар туршилт хийж, захын судасны хүчилтөрөгчийн хангамж, зүрхний цахилгаан бичлэг, амьсгалын хэм, цусны даралт, баруун, зүүн ховдол, тосгуурын даралт, зүрхний агшилтын ба минутын эзлэхүүн зэрэг 10 гаруй үзүүлэлтийг хэмжихээс гадна тусгаарласан зүрх, судсан дээр туршилт хийдэг байна.