Элчин сайд Лаура Ботта Манба Дацан МУЭСТ-д зочиллоо

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Лаура Ботта өнөөдөр Манба Дацан МУЭСТ-д зочлон, Монголын уламжлалт анагаах ухааны сургалт, эмчилгээ, шашин соёл, эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж хатагтай Лаура Боттаг хүлээн авч уулзан, Итали-Монгол хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагааг хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан юм.

Манба Дацан МУЭСТ нь 2003 оноос Итали улсын эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Хамба лам Д.Нацагдорж Италийн Торино, Милан, Флоренц, Венец зэрэг хотуудад лекц тавьж, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг түгээн, олон зуун Италичуудыг эмчилж байсан билээ. Мөн Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг зорин ирэх Италичуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 7-р сард 20 гаран Итали жуулчид Манба Дацан МУЭСТ-ийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөлбөрт хамрагдан, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг авахын зэрэгцээ Монголын өв соёлтой танилцаж үзэсгэлэнт байгалиар аяласан.

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Лаура Ботта Монголын өв соёл болсон уламжлалт анагаах ухааныг түүчээлэн хөгжүүлж буй Манба Дацан МУЭСТ-д зочилж, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ, сургалт, үйлдвэрлэлтэй тусгайлан танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Итали-Монголын Дипломат харилцаа тогтосны 50 жилийн ойн хүрээнд уламжлалт анагаах ухаан, өв соёлын талаар Манба Дацан МУЭСТ-тэй хамтран олон ажил хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Сүүлийн үед Итали улсад уламжлалт анагаах ухааныг ихээхэн сонирхож байгаа бөгөөд одоогийн байдлаар уламжлалтын эмчилгээ нь Итали улсын хувьд өрнийн анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг дэмжих чиглэлтэй байгаа аж. Тиймээс Италид уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд Манба Дацан МУЭСТ-ийн дэмжлэг туслалцаа шаардлагатай гэдгийг Элчин сайд онцолж байлаа.

Хамба лам Д.Нацагдорж энэ талаар хэлэхдээ “Монголын уламжлалт анагаах ухаан нь зөвхөн бие махбодын өвчин эмгэгийг оношилж, эмчлээд зогсохгүй, хүний бие махбодыг сэтгэлзүйтэй нь цогцоор нь эмчилдэгээрээ онцлогтой. Сүүлийн үед дэлхий нийтэд тулгамдаад байгаа сэтгэлзүйн өвчин эмгэгийг уламжлалт анагаах ухаан үр дүнтэй эмчилж байна. Тиймээс бид олон улсад Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бид одоогийн байдлаар Болгар улсад уламжлалт анагаах ухааны төв байгуулахаар эмч, мэргэжилтнүүдээ солилцон, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Итали улсад ч мөн уламжлалт анагаах ухааны олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд Итали, Монголын эрдэмтэн мэргэдийн хооронд судалгаа шинжилгээ, эм судлалын чиглэлд хамтран ажиллах боломжтой. Италид Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг дэлгэрүүлэх тал дээр хоёр улсын эмч мэргэжилтнүүдийн дунд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, санал бодлоо солилцоход бэлэн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *