Энэтхэг улсад төвтэй Аполло эмнэлэгтэй САНАМЖ БИЧИГ байгууллаа

Манба Дацан Эмнэлэг болон Энэтхэг улсад төвтэй Аполло эмнэлгийн хооронд өнөөдөр Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдорж болон Аполло эмнэлгийн олон улсын маркетингийн албаны захирал Gaurav Thakral нар санамж бичигт гарын үсгээ зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд эмнэлгийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан анагаах ухааны чиглэлд хамтран ажиллах, нарийвчилсан шинжилгээг хийж гүйцэтгэх, мөн хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэх юм. Энэ хүрээнд анагаах ухааны салбарын мэдээлэл солилцох, хамтарсан сургалт, семинар, хурал зохион байгуулах, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон түүний хэрэглээний талаар хэлэлцүүлэг хийх зэрэг ажлууд багтаж байна. Түүнчлэн сургалтын журмаар сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээллийг солилцохоос гадна талууд анагаахын чиглэлээр хамтарсан судалгааг хийх, өвчтөнүүдийг харилцан илгээх зэрэгт харилцан хамтран ажиллахаар боллоо.

Аполло хоспиталс групп нь Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд Энэтхэг болон олон улсад 100,000 гаруй хэвтэн эмчлүүлэх ор бүхий 70 гаруй эмнэлэгтэй аж. Энэ эмнэлэг ардын уламжлалт анагаах ухаанаас орчин үеийн техник технологийн өндөр хөгжилт тоног төхөөрөмжийг ашиглан 121 орны 55 сая орчим хүнд эмчилгээ үйлчилгээгээ хүргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *