Ж.Гончигдорж: Элэгний судсыг ханах нь элэгний хатуурал, халдвар, хавдраас сэргийлэх ач холбогдолтой

Элэгний өвчлөлийн талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч Ж.Гончигдоржтой ярилцлаа.

-Элгийг “Дүлий эрхтэн” гэж ярьдаг шүү дээ. Элэгний өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

-Элэг нь цуллаг эрхтэн учраас ард иргэд “Дүлий эрхтэн” гэж ярьцгаадаг. Таван цул, зургаан сав эрхтэний “Цэцэг эрхтэн”-үүд гэж бий. Өвчний шинж тэмдэг биеийн гадна илэрдэг эрхтнүүдийг хэлж байгаа юм. Элэгний хувьд “Цэцэг эрхтэн” нь нүд юм. Тиймээс нүд улайх, шарлах, өөхлөх, хараа муудах шар зэрэг шинж илэрч байвал элэг өвчилсөн байж болзошгүй гэж үзэж эмчид хандах нь зүйтэй. Мөн элэгний өвчний үед ам их цангаж, хатах, сэтгэл санаа тогтворгүй болох, уур уцаар нэмэгдэх, нойргүйдэх, ядрах, гүйлгэх, халуурах зэрэг шинж илэрнэ.

-Монголчуудын дунд элэгний өвчлөл зонхилж байна гэдэг. Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсээс харахад элэгний ямар төрлийн өвчлөл зонхилж байна. Шалтгаан нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухаанд элэгний үндсэн 18 төрлийн өвчин байна хэмээн ангилдаг.  Үүнээс 13 нь халуун, 5 нь хүйтэн өвчин юм. Элэгний өвчлөл нь архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, халуун исгэлэн амт чадалтай идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, хүнд хүчир ажил хийх, ялангуяа намрын улиралд халуун чанарын идээ ундыг хэтрүүлэх хэрэглэх,  элэг доргиж бэртэх зэрэг нөхцлүүдээр үүсдэг. Мөн элэгний В, С вирус гэх мэт халдвараар өвчлөх нь элбэг байна. Идээ унд, явдал мөрийн дэглэм сахидаггүй, химийн эмийн хэрэглээг хэтрүүлэх нь мөн элэгний өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөл болж байна.Элэгний өвчнөө эмчлүүлж бүрэн эдгээгүйн улмаас архагшиж хийн бэлгэ чанартай хавсарснаар нойргүйдэх, ядрах зэрэг эмгэг зовиуртай болсон хүмүүс их ирж байна. Ямар ч өвчнийг анхан шатанд нь, архагшуулалгүй эмчилвэл үр дүнтэй. Гэтэл “Уламжлалт анагаах ухаан архаг хууч өвчинд л сайн” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж хүндэрсэн үед нь уламжлалтын эмнэлэгт ханддаг. эмийг хоол мэт хэрэглэдгээс шалтгаалж элэгний өвчлөл үүсээд байна гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.

-Намрын улиралд элэг цөсний өвчлөл сэдэрдэг гэж ярьдаг шүү дээ. Энэ нь ямар учиртай вэ.  Элэгний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

– Намрын улиралд шар махбод буюу шарын бэлгэ чанар аривддаг тул гал махбодтой эрхтэний үйл ажиллагаа идэвхжиж хүний бие махбодод халуун чанар давамгайлдаг. Үүнтэй уялдаад элэгний архаг хууч өвчүүд сэдэрдэг. Мөн намрын улиралд айраг, хорхог, боодог гээд халуун чадалтай, иссэн идээ ундыг хэтрүүлэн хэрэглвэл элэг, цөсний өвчнийг үүсгэдэг.  Элэг, цөсний өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор намрын улиралд хануур болон туулга гэх мэт цусны халууныг бууруулах, туулгах зэрэг эмчилгээг түлхүү хийдэг. Хануур бол заслын дээд бөгөөд хануур эмчилгээ хийхийн өмнө зайлшгүй өвчний цус, тамирын цусыг ялгах тан өгөх, өвчнийг хураах эм тан уулгах, мөн сүлд нь аль судсанд, хаана буусан байна, хутганы ир өдөр байна уу, үгүй юу гэдгийг зурхайн ухаанаар шинжилж ханах өдрөө сонгох гэх мэт тусгай бэлтгэл эмчилгээ хийсний дараа хануур хийдэг. Энэ нь элэгний хатуурал, элэгний үрэвслүүдээс сэргийлэх өндөр ач холбогдолтой. Туулга эмчилгээний хувьд бие махбодод хурсан цус шарын эмгэгийг арилгаж туулгадаг эмчилгээ юм.

-“Уламжлалт анагаах ухаан архаг хууч өвчинд л сайн” гэсэн өрөөсгөл ойлголтоос болж хүмүүс хүндэрсэн хойноо уламжлалтад ханддаг гэж та хэлсэн. Гэтэл уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, эмчилгээ, арга ухаан их байна шүү дээ.

-Тиймээ, уламжлалт анагаах ухаан аливаа өвчнийг сууриар нь буюу анх үүссэн шалтгааныг нь хөөж эмчилдэг. Тиймээс ч аливаа өвчний үед уламжлалт эмчилгээ үр дүнтэй байдаг. Элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, хамгаалдаг тан бий. Мөн уламжлалт эмчилгээний бас нэг онцлог нь тухайн хүний бие махбодын онцлогт тохируулан хийдэг. Хамгийн гол нь хоол ундны дэглэмийг сайтар анхаарч, өөрийн бие махбодод тохирсон хоол ундыг хэрэглэж байх нь чухал. Жил болгон тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *