Камен Петров Милков: Монголын уламжлалт анагаах ухааныг Европ руу гаргах хаалгыг “Медика” групп, Манба Дацан төв хамтран нээнэ

Бүгд найрамдах Болгар улсын Русэ хотын “Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессор, Оточ Манрамба Их Сургуулийн “Хүндэт доктор”, Бүгд найрамдах Болгар улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милковтой ярилцлаа. Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль нь Болгарын “Angel Kanchev” Их сургууль, “Медика” групптэй хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтэн солилцох, туршлага судлах хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Болгарын “Медика” групп, Манба Дацан МУЭСТ-ийн хамтын ажиллагааны талаар түүнтэй ярилцлаа.

-Болгар-Монголын найрамдалт харилцаа олон жилийн өмнөөс эхэлсэн. Энэхүү найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлж, эрүүл мэндийн салбарт Болгарын “Медика” групп, Монголын Манба Дацан МУЭСТ хамтран ажиллахаар болсон. Та энэхүү хоёр байгууллагын хамтын ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?

-Монгол-Болгар улсын найрамдалт харилцаа эртнээс ах дүүгийн холбоотой тогтож ирсэн. 2020 онд Дипломат харилцаа тогтосны 70 жилийн ой тохиох юм. Монгол Болгар хоёр улсын хооронд 1960 онд соёл, боловсролын талаар анхны гэрээ байгуулагдаж байсан. Тэрхүү гэрээн дээр үндэслэн эрүүл мэндийн салбарын харилцаагаа өргөжүүлэн Манба Дацан МУЭСТ-тэй гэрээ хийж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Би эмч хүн. Хүү маань ч бас эмч. Бид Дорнын анагаах ухааны талаар мэддэггүй байсан. Харин хоёр жилийн өмнө Медика группийн захирал доктор Крилл Панатовтой хамт Манба Дацан төв дээр ирээд ийм сайхан сургууль, эмнэлэг, эмийн үйлдвэр байдгийг мэдэж авсан. Манба Дацан төв нь Монголдоо уламжлалт анагаах ухааны чиглэлээр тэргүүлэгч компани гэдгийг мэдсэн. Түүнээс хойш Манба Дацан төвтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааны хүрээнд Болгарт уламжлалт анагаах ухааны төвийг нээх зорилготой ажиллаж байна. Хамтран ажиллагааны эхлэл болгож эмч мэргэжилтнүүдийг солилцох хөтөлбөрийг амжилттай эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд “Медика” группийн хоёр эмч Оточ Манрамба Их Сургуульд богино хугацааны сургалтанд хамрагдан, Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт амжилттай ажлаад буцсан бол Оточ Манрамба Их Сургуулийн багш, АУ-ы доктор Н.Сайнбуян, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Л.Энх-Амгалан нар Болгарт очиж хоёр сарын хугацаанд ажиллаж, туршлага солилцсон. Энэ бол бидний хамтын ажиллагааны анхны алхам. Бид цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх болно. Манба Дацан төвтэй гэрээ байгуулахын тулд хоёр жилийн хугацаанд бэлтгэл ажил хийсэн. Одоо ийнхүү үр дүн нь гарч эхэлж байгаад баяртай байна.

-Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар Болгарт хэрхэн ажилласан бэ. Хоёр байгууллагын хооронд эмч солилцох, туршлага судлах энэхүү хөтөлбөрийн үр дүн ямар байна?

-Болгарт очиж ажилласан Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар мэргэжлийн өндөр түвшинд үнэхээр сайн ажилласан. Өмнөө тавьсан бүх зорилгоо биелүүлсэн. Болгар эмч нарт уламжлалт анагаах ухааны талаар сургалт явуулан маш шаргуу ажилласанд сэтгэл хангалуун байгаа. “Медика” групп нь долоон салбар эмнэлэгтэй. Монголын хоёр эмч маань “Медика” группийн хоёр салбар эмнэлгийн нөхөн сэргээх физик эмчилгээний тасагт ажилласан. “Медика” нь “Angel Kanchev” Их сургуулийн эмнэлэг бөгөөд нөхөн сэргээх эмчилгээний эмч бэлтгэдэг гол төв юм. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хоёр эмч Болгарт ажиллах хугацаандаа нөхөн сэргээх физик эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлагажиж сурсан. Болгар эмч нарт маш сонирхолтой, үр дүнтэй сургалтуудыг явуулсан. Хоёр байгууллагын хооронд эмч мэргэжилтэн солилцох хөтөлбөр үүгээр зогсохгүй. Энэ бол цаашид байнгын үргэлжлэх ажил юм. Энэхүү хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх үндэс нь Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн эмч, багш нарыг Болгарт докторын зэрэг хамгаалуулах явдал. Тиймээс ч энэ чиглэлд хамтран ажиллах саналыг Хамба лам Д.Нацагдоржид тавьсан. Жилд хоёр эмч очиж ажиллаад зогсох биш, байнгын эмч мэргэжилтнүүдээ солилцож, ажиллуулдаг байхыг төлөвлөж байгаа. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургуулийн эмч, багш нар Болгарт докторын зэрэг хамгаалах бүрэн боломжтой.

-Цаашид хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлуудыг хийхээр тохиролцсон бэ?

-Болгарт уламжлалт эмийн үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа. Тэгэхээр эмч нараа солилцоод зогсохгүй эмзүйчдийг бас солилцож ажиллуулах боломж бий. Манба Дацан эмийн үйлдвэрт хэрэглэж буй 400 гаруй эмийн ургамлыг Болгарын Эрүүл мэндийн яамаар зөвшөөрөгдөх эсэхийг хянуулсанаар Болгарт Манба Дацан эмийн үйлдвэр шиг уламжлалт эмийн үйлдвэр байгуулах боломжтой болно.

-Болгарын байгалийн онцлог тогтоц, бүтэцтэй холбоотойгоор нөхөн сэргээх эмчилгээ их хөгжсөн байдаг. Болгарын байгалийн нөхөн сэргээх эмчилгээг Монголын уламжлалт анагаах ухаантай хэрхэн хослуулах боломжтой вэ?

-Хэрхэн харилцан уялдуулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгээс ирж ажилласан хоёр эмч маань үнэхээр сайн ойлгосон байх. “Медика” группийн нэг салбар эмнэлэг байгалийн төгс үзэсгэлэн бүрдсэн, рашаантай газар байдаг. Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулвал үнэхээр төгс эмчилгээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та энэ удаад ирэхдээ Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг хэрэглээд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээг өөрийн бие, сэтгэлээр мэдрэхийн тулд зорьж ирсэн. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэндээ сэтгэл хангалуун байна. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ маш үр дүнтэй гэдгийг би өөрийн биеэр баталлаа. Тиймээс Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг сурталчилан таниулах үйлсэд эргэлт буцалтгүйгээр орсон. Уламжлалт анагаах ухаан бол маш ирээдүйтэй салбар гэдэг нь тодорхой. Хүмүүс европ анагаах ухаанд итгэхээ больж байна. Европчууд дандаа химийн гаралтай эм бүтээгдэхүүн хэрэглэдэг. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ байгалийн гаралтай, хор нөлөөгүй учраас би уламжлалт анагаах ухааныг ирээдүйтэй гэж харж байгаа юм. Барууны эмч нарын оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнийг Дорнын анагаах ухааны эмч нар оношилж, эмчилж чадаж байна. Мэдээж барууны эмнэлгийг үгүйсгэж болохгүй. Тэдэнд хавдар, мэс засал зэрэг маш өндөр түвшинд хөгжсөн салбарууд бий. Гэхдээ уламжлалт анагаах ухаан бүх талаар эмчилгээ үйлчилгээ явуулдаг. Тиймээс Монголын уламжлалт анагаах ухаан алхам алхамаар урагшилж Европ руу гарах ёстой. Болгарын “Медика” групп, Монголын Манба Дацан төвийн хамтын ажиллагаа бол Монголын уламжлалт анагаах ухааныг Европ руу гаргах хаалга юм. Би Оточ Манрамба Их Сургуулийн төгсөлтийн баяр дээр “Амжилт бол зөв шийдвэр гаргахаас хамаардаг” гэж хэлсэн. Энэ хаалгыг нээгээд хамтдаа орж байгаадаа баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *