“Их эзэн хааны театр” “Ромео & Жульет” анхны бүрэн хэмжээний сонгодог бүжгэн жүжгээ ирэх 5 дугаар сарын 17, 18-нд УДБЭТ-т тоглох гэж байгаа билээ. “Ромео & Жульет” сонгодог бүжгэн жүжгийн найруулагчаар “Их эзэн хааны театр”-ийн үүсгэн байгуулагч, балетмейстер Д.Дашлхагва ажиллаж, гол дүрд УДБЭТ-ын балетын гоцлооч, МУГЖ О.Анужин, Балетын гоцлооч, СТА А.Эрдэнэболд нар тоглох юм. Тус төслийн санаачлагч, Продюсероор Э.Бэхтулга, зөвлөхөөр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва, Ардын жүжигчин, УГЗ П.Хаянхярваа, МУГЖ Т.Туул зэрэг томоохон зүтгэлтнүүд ажиллаж байгаа аж.
Балетмейстер, Найруулагч Д.Дашлхагватай шинэ уран бүтээлийнх нь талаар болон балетын урлагийн талаар ярилцлаа.
-“Их эзэн хааны театр” “Ромео & Жульет” сонгодог бүжгэн жүжгийг тавих гэж байна. Шинэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-“Ромео & Жульет” балетын хөгжмийн зохиолч нь С.С.Прокофьев. Манай Дуурь, бүжгийн эрдмийн театрт балет хэлбэрээр С.С.Прокофьев дуугардаггүй, дээрээс нь Шекспирийн зохиол сонгодог урлагт тоглогдохгүй байгаа. Тиймээс би хувиараа ч гэсэн үүнийг тоглуулъя гэж бодсон. Ирэх сарын 17, 18-нд тоглоно. Жульетийн дүрд МУГЖ О.Анужин, Ромеогийн дүрд А.Эрдэнэболд гээд манай дуурийн театрын тэргүүн гоцлооч залуу тоглох гэж байна.
-Жульетийн дүр эмэгтэй уран бүтээлчдийн хувьд мөрөөдөл нь байдаг гэдэг. Найруулагчийн хувьд энэ бүтээлээр юуг хэлэхээр зорив?
-“Ромео & Жульет” жүжиг Шекспирийг амьдад нь гурав, дөрвөн удаа тавигдсан. Тухайн үедээ хязгааргүй их уншигчтай байсан зохиолч шүү дээ. Би энэ балетийг дэглэх гээд Англи хэлнээс Орос хэл рүү орчуулсан хувилбарыг нь олон удаа уншсан л даа. Эх зохиолыг барьж, түүнийг балетын хэлбэрт шилжүүлэн найруулсан. Тэгээд овоо найруулчихлаа гэж бодоод сууж байсан чинь интернэтээс санамсаргүй орос дахь орчуулга нь яг эх шигээ биш гэдгийг олж мэдсэн. Энэ нэлээд хэдэн сарын өмнөх явдал. Орос дээр орчуулагдсан хувилбар нь социализмын үед гарсан учраас зарим зүйлийг нь хасаж, эх зохиолоосоо нэлээд өөр болчихсон юм байна.
Англи дахь Шекспирийн театрт гүнзгий судалгаа хийгдсэн байдаг. Тийм судалгаанд үндэслэж Англи, Итали, Францид драм, балет, мьюзикл хэлбэрээр тавигдаж, олон кино гарсан. Бид тэдгээр бүтээлд тулгуурлаж, англи хэл дээр бичигдсэн анхны эх зохиолд нь үндэслэж найруулж байгаа. Хэрэв уртын дуу ч юмуу, хөөмийг суръя гэвэл Монголоос сур гэдэг шүү дээ. Түүн шиг “Ромео & Жульет”-ийг тавья гэвэл Англи эхийг нь судлах хэрэгтэй юм. Зохиолын судалгаан дээр Жульет 13 настай, Ромео 26-тай, нэлээд хайр дурлал, амьдрал үзчихсэн залуу. Тухайн үеийн 26-тай залуу одоогийнхоор 30 нэлээд гарчихсан эрийн дайтай. Тэр үед хүмүүс мэдээлэл багатай, одоо бидний нэг өдөрт авч байгаа мэдээллийг магадгүй нэг жилд авдаг байсан байж мэдэх юм. Тэр үеийн 26 настай залуугийн амьдрал одоо үеийн 26-тай залуугийн амьдрал асар өөр. Тиймээс Жульетийг 13-тай юм шиг, Ромеог 26-тай юм шиг дүрслэх нь найруулагчийн гол үүрэг. Үүнээс гадна зохиолын судалгаан дээрээ Жульет Капулет овгийн охин мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй. Жульетийг өсгөсөн Өрлөг эх, эх Капулет хоёр зэрэг амаржиж, мэндэлсэн хүүхдүүдийн нэг нь бурханы оронд оджээ. Тэр хүүхэд нь Капулетийн охин байсан бөгөөд Өрлөг эхийн охиныг авч өөрсдийн охин болгон өсгөсөн байх магадлал 50-иас илүү хувьтай. Жульет үүнийг зөн совингоороо мэдэрдэг. Жульетийн ээж охиноо нас биед хүрэхээр нь хүнд их хөрөнгө мөнгөөр зарах хүсэлтэй, Өрлөг эх нь эхийн сэтгэлээр ханддаг гэх мэтээр энэ нь илэрхийлэгддэг.
Тухайн үед хүн хүнээ хөнөөж болдог байсан. Эмэгтэй хүн нөхөрт гарахаасаа өмнө хэдэн ч чимэг зүүж болно. Нөхөрт гарчихаад хоёр жилийн дотор таван чимэг зүүж болно, хүүхэд төрүүлсэн, эхнэр хүн дээд тал нь нэг чимэг зүүнэ гэх мэтээр хэдэн чимэг зүүхийг нь хүртэл хуулиар зохицуулаад өгчихсөн байж. Эрчүүд нэг нь нөгөөгөө өдөөд үзэлцэхэд хэн нэгнийгээ хөнөөж болно. Өдөөгүй байхад хөнөөсөн тохиолдолд цөллөгт явуулна. Тэр үед амьдралын дүрэм ийм байж. Ийм дүрмээ дагаад өөр хоорондоо харьцах харилцааны дүрэм нь ч өөр байсан байна. Одоогийн бид үүнийг ойлгоход хэцүү. Хүчтэй нь хүчгүйгээ ялдаг тийм л дүрэм үйлчилж байсан. Тиймээс үргэлж жад агсаж, сэлэм зүүж явдаг. Шекспирийн бичсэнээр XV зууны Италийн Вероно хотод… гэдэг шүү дээ. Тэгэхээр Вероно хотод ямар дүрэм баримталдаг байсан, тэр үеийн оршин суугчид ямар чимэглэл зүүдэг, ямар хоол иддэг, ямар хувцас өмсдөг, ямар бүжиг, дуу, хөгжимтэй байсныг судлана гэсэн үг. XV зуунд Италийн Верона хотод бараг , хаан ч бай, харц ч бай бүх эрчүүд нь трико өмсдөг байсан байна. Энэ бүхнийг судлаж гаргах нь чухал байв.
“Ромео & Жульет” бол миний хамгийн том туршлага хуримтлуулсан бүтээл болж байна. Энэ бүтээлээ дуусгаж, үзэгчдийн хүртээл болгосны дараа өөрийн багш Д.Урианхай гуайтай хамтран XIII зууны ахуйг судлаж байгаад “Чингис хаан” гэдэг балет тавихаар зорьж байна. Тиймээс“Ромео & Жульет” балетийг тавихад хийсэн судалгаа, хуримтлуулсан туршлага маань “Чингис хаан” балетийг бүтээхэд маань чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Ер нь хүмүүс балет байхгүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.
-Яагаад?
-Балет гэж байхгүй. Балет бол тодорхой нэр өгчихсөн бидний амьдрах ухааны нэг хэсэг. Би өөрөө балетын хүн, гэхдээ “Балет байхгүй” гэж олон хүнд хэлж байсан. Балет бол Италийн ардын соёл дээр суурилсан Италийн, Европын амьдрах ухаан, философи, өв залгамжлал юм. Үүнийг хөгжүүлэх гэж олон хүн амьдралаа зориулсан, маш их хэмжээний хөрөнгө зарсан. Тэр нь одоо бидэнд балет хэлбэрээр хүрсэн байна. Хайрыг хөгжмөөр, хөдөлгөөнөөр, тактаар юугаар ч илэрхийлж болно. Хайр дурлалд хэл хэрэггүй. Тиймээс энэ балетын хайр дурлалын хэсэг хамгийн хүчтэй хэсгүүд. Хүний амьдрал эхэлсэн бол заавал дуусна. Дуусдаггүй юм бол хайр. Жинхэнэ хайр дурлал, аз жаргал бол эмэгтэй хүн буюу Жульет. Би “Ромео & Жульет” балетаар эмэгтэй хүн илүү чухал юм шүү гэдгийг харуулах болно. Тиймээс хүмүүс энэ балетыг үзэхдээ балет гэж харах биш эмэгтэй хүнийг илүү их хайрладаг, хүндэлдэг, бишрэн шүтдэг байгаасай, тийм болоосой гэж хүсч байна.
-Тэгвэл таны хүсч байгаа үзэгчид хэр бэлтгэгдсэн гэж бодож байна?
-Балетын үзэгчдийг бэлдэнэ гэдэг санааны л юм. Нийгмийн үзэгдэл. Нэг хэсэг хүмүүс рок поп үздэг байлаа, дараа нь хошин шог, дараа нь сонгодог урлаг үздэг боллоо. Одоо бол сонгодог урлагийн тоглолтыг заал дүүрэн хүн үздэг болсон байна. Цаашид нийгмийн янз бүрийн үзэгдэлтэй уялдаад эрэлт хэрэгцээ нь нэмэгдэнэ, буурна. Нийгэм мөнгөшөөд илүү их сэхээжээд ирэхээр сонгодог урлаг сонирхоно, нийгэм жаахан ядуу болохоор хошин урлаг сонирхоно, тэр нь илүү энэ нь дутуу гэж үзэж болохгүй. Хүн энэ дэлхий дээр юу ч үзэхгүй байсан ч сайхан амьдарна.
-Урлагаар хүмүүжүүлнэ гэж ярьдаг шүү дээ?
-Урлаг гэдэг чинь хүний сэтгэл дотор өрнөдөг вертуал ертөнц. Ер нь шашин, урлаг хоёр нэг. Салангид байж ерөөсөө чадахгүй. Урлаг бол шашны үзэл онол дээр тулгуурлаж хөгжсөн. Шашингүй юу ч байхгүй. Шашинг бариад үзье гэвэл бодитой юм байхгүй. Урлагт ч барих юм байхгүй. Би ээжийгээ амьд байхад хэчнээн үнэтэйг нь мэддэггүй байж. Бурханы оронд одоход нь ямар үнэтэй хүн байсныг нь мэдэрсэн. Энэ хорвоод таван мэдрэхүйгээр мэдрэгддэггүй юм л үнэтэй. Тэр нь сэтгэлээр мэдрэгддэг байх. Хайр яг тийм, тийм ч учраас хамгийн үнэтэй. Яаж хайрлахыг заагаад өгчихсөн юм байхгүй. Урлагт энэ л хайр байж магадгүй гэж харуулдаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд яаж хандвал зөв юм бэ гэдгийг урлаг ч хэлээд байгаа. Будда, Христ, бүх шашин номлоод байгаа. Урлаг номлохоосоо илүү зөвлөдөг. Тиймээс балетыг балетаар, дуурийг дууриар нь, шашныг шашин гэдгээр нь битгий хандаарай. Хүний амьдрал хэтэрхий богинохон. Тиймээс үйлийн үр гэдэг юманд итгээсэй. Үйлийн үрд итгэж чадахгүй бол урлаг ч байхгүй. Үйлийн үр байгаа учраас Дашлхагва гэдэг хүн урлаг хийгээд явж байгаа юм. Урлаг бол Дашлхагвын төсөөлөл. Дашлхагвын хувиар хайр дурлал гэдэг нь ийм байна аа гээд дэглэж байгаа юм. Хөгжимгүй байсан ч дэглэнэ. Урлаг бол шашин шиг вертуал ертөнц. Буддын философийг урлагийн хүмүүс, эрдэмтэд дагадаг. Бурханд итгэхийн тулд заавал сүмийн байшин хэрэггүйтэй адил урлагийг ойлгоход заавал театр хэрэггүй. Тэрэнд итгэсэн байх хэрэгтэй, вертуал ертөнцөөр аялаж сурсан байх ёстой. Хоосон чанарыг мэдэрсэн байх хэрэгтэй. Бүх юм хоосон чанартай, мөнх биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөв амьдаръя, сайхан амьдаръя гэвэл урлагийг сонирх, шашинд итгэ.
-Таны шавь нарын ярианаас үзэхэд та бүжигчдийг зөвхөн бие бялдар, гүйцэтгэл талаас нь бус сэтгэлзүйг нь дасгалжуулдаг юм байна гэж санагдсан. Та Буддын философи, үзэл санааг ажил, амьдралдаа хэрхэн тусгадаг вэ?
-Шавь нартаа зааж сургах бүртээ хэлдэг. Битгий балет сур, битгий биеийн хөдөлгөөнд найд. Хэрвээ энэ чиний амьдралд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бол нөлөө үзүүлэх юм сур. Уулзсан багш чинь чиний амьдралд нөлөө үзүүлж чадахгүй бол тэр багшаас үтэр түргэн холд. Өөртөө хэрэгтэй, өөртөө ойлгомжтой, өөртөө сайн хүнтэй л уулз. Тэгвэл илүү их амжилтанд хүрнэ гэж хэлдэг. Би шавь нартаа: “Надад та нарт багшлах хувь тавилан олдсонд баярладаг” гэж хэлдэг. Урлаг бол вертуал ертөнц гэж хэлсэн шүү дээ. Асар их шүтэн барилдлага, хоосон чанар дээр бий болж байгаа юмыг урлаг гээд байгаа юм. Барьж болохгүй, амталж болдоггүй урлагийг мэдрэхийн тулд эхлээд хүн болох хэрэгтэй. Хүн болохын тулд эхлээд шашны философийг судла гэдэг. Урлагийг ойлгохын тулд хоосон чанар, шүтэн барилдлагыг ойлгох хэрэгтэй. Би бараг бүх шавь нартаа Богд Зонховын туурвисан “Бодь мөрийн зэрэг” номыг уншихыг зөвлөдөг. Бага шавь нартаа бурханы сургаал, үлгэр домгийг эхлээд ярьж өгдөг. Зовлон бий, зовлонг үүсгэж байгаа шалтгаан бий, тэр шалтгааныг олоод, түүнээс гарах арга зам бий, зовлонгүй орших боломж бий гэж ертөнцийн үнэнийг ойлгуулахыг хичээдэг. Үүнтэй адил балет бий. Балетын утгыг олоод уйгагүй мөрдөж чадах юм бол балетчин болно гэж хэлдэг. Шашин хүнийг муу болгоно гэж байхгүй. Би шавь нартаа “Бодитой юмыг бүтээх гэж байгаа бол итгэл одуулах хэрэгтэй, шүтэн барилдлага, хоосон чанарыг ойлго” гэж хэлдэг.
-Таны энэ үзэл санаа, шавь нарт чинь үнэтэй сургааль болж очсон байх аа. Таны шавь нарын эгнээнд МУГЖ Д.Алтанхуяг, МУГЖ О.Анужин тэргүүтэй олон гайхалтай балетчин бий. Тэд гадаад, дотоодын нэр хүндтэй театруудад гоцолж байна…
-Монгол бүжигчдээс гадна гадаад шавь нар ч бий. Би шавь нартаа юуг хийхийг биш хэрхэн хийхийг зааж өгдөг. Заавал балетчин болох албагүй шүү дээ. Харин заавал хүнийг хайрлаж, ойлгож, ганц тохиосон хүн төрлийг зөв өнгөрөөж сурах хэрэгтэй. Гадаадад ч бай, дотоодод ч бай хүн байхыг эхлээд сурчихвал балет хийнэ үү, барилга барина уу хамаагүй. Битгий гадна сав баглааг нь чухалчил, хамгийн гол нь агуулга шүү дээ.
-Бүжигчдийн хүнд хүчир дасгал сургуулиалтын дараа бие бялдарыг нь тэтгэх, эрүүл байлгахад уламжлалт анагаах ухаан тохиромжтой гэдэг. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Хүний бие махбод өөртөө хэрэгтэй юмаа боловсруулах үйлдвэр. Эрүүл бодол санаанаас эрүүл бие үүснэ. Бодол санаа нь эрүүл бус байвал яаж та эрүүл хоол идээд, цэвэрхэн амьдрах юм бэ. Тиймээс антибиотик хэрэглэхээс өмнө сэтгэл санаагаа эмчилж байх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. Уламжлалт анагаах ухааны гол философи нь ерөөсөө энэ л дээ. Муу сэтгэлээс өвчин үүснэ. Тиймээс хүний бие махбодыг эрүүлжүүлэхээс гадна сэтгэлийг нь эмчилдэг илүү сэтгэлзүйжсэн анагаах ухаан. Тиймээс тамирчид, бүжигчдэд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ их хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан бол таван махбодын онолд тулгуурласан, байгалийн хуультай яг цав нийсэн хамгийн зөв онолтой анагаах ухаан гэж боддог. Эмчилгээндээ бас байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж хүний биеийг эрүүлжүүлж тэнцвэржүүлдэг, Монголчуудын оюуны үнэт өв гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлийн их аянд сайн сайхныг ерөөе.
М.Ариунсувд
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин