Н.Эрдэнэжаргал: “Аливаа зүйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй” гэдэг үзэл санааг бүхий л зүйл дээр баримталж явахыг хичээдэг

“Оточийн хүүхдүүд” ярилцлагын булангийн анхны дугаарт Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 5-р курсын оюутан Н.Эрдэнэжаргалыг урьж ярилцлаа. Н.Эрдэнэжаргал нь Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийг төгсөн, Оточ Манрамба Их Сургуульд элсэж, амжилттай суралцаж байгаа оюутан юм.

-Амьдралдаа хэрэгжүүлдэг үзэл санаа тань юу вэ?

-Одоогийн байдлаар баримталж байгаа зарчим, үзэл санаагаа уламжлалт анагаах ухаанд суралцах явцдаа олж авсан. “Аливаа зүйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй” гэдэг үзэл санааг бүхий л зүйл дээр баримталж явахыг хичээдэг. Энэ бол уламжлалт анагаах ухааны гол онол л доо. Тухайлбал, хичээлээ хэт их хийж өөрийгөө ядраахгүй, хэт бага хийж хичээлээ цалгардуулахгүй, буруу зүйлд суралцахгүй. Мөн цагийн юмыг цагт нь хийх гэдэг бол миний алхам тутамдаа хэрэгжүүлдэг зүйл. Арван жилд байхаасаа л би ирээдүйд мундаг эмч болохын тулд өдөр бүр хичээх ёстой, үүний тулд цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй гэдгийг ойлгож, хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр орсон хичээлийн шүүлгээ маргааш өгнө гэсэн бол заавал өгч байж сургуулиас явдаг.

-Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ. Төлөвлөлтийн давуу тал?

-Төлөвлөгөөгөө тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг. Энэ нь надад их амар санагддаг. Зарим ойр зуурын анхаарах зүйлээ утасныхаа нөүт дээр тэмдэглэдэг. Өдөр тутмын төлөвлөгөөнөөс гадна сарын, жилийн, ойрын, ирээдүйн гээд олон төлөвлөгөө, зорилт бий. Тухайлбал, би хичээлийн хуваариа хараад ажлын болон амралтын өдөр, шалгалтын хугацаа зэргийг харгалзаж төлөвлөгөөгөө гарган, шалгалтаас өмнө явцын оноогоо бүрэн авахыг хичээдэг. Төлөвлөхийн өмнө юуг хийх ёстой вэ, юу хийхийг хүсч байгаагаа жагсааж бичдэг. Түүнийгээ тухайн өдөр, сар, жилийнхээ төлөвлөгөөнд тусгаж өгдөг. Төлөвлөгөөт өдрүүд маш үр бүтээлтэй байдаг. Хэрвээ төлөвлөхгүйгээр зүгээр бодоод яваад байвал нэг л өдөр мартагдана. Тиймээс жижиг сажиг зүйлийг ч мартахгүй тэмдэглэх дуртай. Мэдээж төлөвлөгөөгүй өдрүүд байдаг л даа. Зарим нэг амралтын өдрүүд, зуны өдрүүд гээд.  Ер нь өдөр бүрийг төлөвлөх нь тухайн өдрийг үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд их тус болдог. Тиймээс төлөвлөгөө бол миний амьдралын хэвшил гэж хэлж болохоор зүйл.

-Ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ?

-Ойрын зорилго бол сургуулиа амжилттай төгсөх. Анх элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байхдаа л улаан дипломтой төгсөнө гэсэн зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрнэ дээ. Эмч хүн байнга суралцаж байдаг болохоор магистр, докторын зэргээ амжилттай хамгаалах хэрэгтэй. Ирээдүйд уламжлалт анагаах ухаанаа дотоод, гадаадад түгээн, хөгжүүлэх алсын зорилго бий.

-Уламжлалт анагаах ухааны аль чиглэлээр дагнан мэргэших, ажиллах зорилготой байгаа вэ?

-Сургуульдаа ороод гуравдугаар курс хүртлээ ямар ч байсан хичээлээ сайн хийх хэрэгтэй гэж бодож явсан. Харин гуравдугаар курсээс хойш ирээдүйд би яах ёстой вэ гэдэг тал дээр илүү бодож эхэлсэн. Уламжлалтын хүүхдийн эмчээр мэргэшвэл хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Ээж болсоноор энэ чиглэлийг илүү их сонирхож эхэлсэн. Хүүхдийн өвчнийг хурц антибиотикоор дарах эмчилгээнүүдийг хийж байгаа нь харамсалтай санагддаг. Өөрөө ээж болоод хүүхдээ багаас нь байгалийн гаралтай эм, тангаар эмчлээд, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэсэр ирсэн. Үүнийг олон эцэг эхчүүдэд зөвлөмөөр санагддаг. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Хэрэв хүүхдийг багаас нь эрүүл өсгөж, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухааныг сургачих юм бол эрүүл бие хүн болж төлөвшихөөс гадна үр хүүхэддээ ч түүнийгээ зааж сургаад явах чадвартай болно. Тиймээс уламжлалтын хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх чиглэлээр мэргэшиж, энэ талаар олон гоё сургалт, үйл ажиллагаануудыг зохион байгуулах санаанууд байгаа.

-Мэргэжлийнхээ онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

-Хамгийн гол онцлог нь уламжлалтын эмч нар бие, хэл, сэтгэлийг цогцоор нь эмчилдэг.  Эмчийн мэргэжил маань бусдад маш их тусалдаг. Бусдад тусалсанаараа өөртөө буян хураадаг нь манай мэргэжлийн хамгийн сайхан тал. Уламжлалт анагаах ухаан Буддын философитой салшгүй уялдаа холбоотой байдаг. Хичээлээ үзээд суралцаж байх явцдаа энэ дэлхий дээр яагаад хүн болж төрсөн юм бэ, хүн болж төрсөнөөрөө юу хийх ёстой, юу хийх ёсгүй вэ гэдгээ ойлгосон. Энэ бол манай мэргэжилд суралцахын бас нэгэн давуу тал юм болов уу.

-Оточ Манрамба Их Сургуульд яагаад элсэх хэрэгтэй вэ?

-Уламжлалтын маш олон сургуулиуд байгаа. Тэр дундаас яагаад манай сургуулийг сонгох ёстой вэ гэвэл манай сургалтын хөтөлбөр их онцлог, давуу талтай. Сургалтын хөтөлбөрийн 70 хувьд уламжлалт анагаах ухаан, 30 хувьд нь өрнийн анагаах ухаан үздэг. Уламжлалт анагаах ухааныг төвөд хэлнээс буюу эх сурвалжаас нь үздэг. Өөрөөр хэлбэл, бид гадаад хэл дээр хичээлээ үздэг. Бас нэг давуу тал нь манай сургууль хажуудаа бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, хийдтэй учраас онол, практикийг хослуулан дадлага давамгайлсан аргаар суралцах боломжтой.

-Сургуулийнхаа юугаар бахархдаг вэ?

-Миний хувьд сургуулийнхаа төгсөгчдөөр их бахархдаг. Багаасаа сургуультайгаа салшгүй холбоотой байсан учраас төгсөгчдийгөө мэддэг. Манай сургуулийг төгссөн л бол ажлын байр олдох бүрэн боломжтой. Саяхан манай сургуулиас төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн судалгааг гаргасан. Тэгэхэд нийт төгсөгчдийн 98 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн гайхалтай үр дүн гарсан. Энэ бол манай сургуулийн сургалтын үр дүн. Бас сүүлийн үед манай сургуульд гадаадын улс орноос оюутнууд зорьж ирж суралцах болсон нь их бахархалтай санагдаж байгаа. Яагаад гэвэл Монгол залуус маань аль болох гадны сургуульд суралцах сонирхолтой байдаг шүү дээ. Гэтэл гадны улс орнуудаас зөвхөн Оточ Манрамба Их Сургуульд суралцана гээд зориод ирж байгаа оюутнууд жилээс жилд нэмэгдэж байгаа нь гайхалтай. Тэд дэлхий дээрх уламжлалт анагаах ухааны хамгийн сайн сургууль бол Оточ Манрамба Их Сургууль гэж хэлдэг.

-Сургуулийнхаа аль хэсэгт байх дуртай вэ?

-Ихэнх цагаа ангидаа өнгөрүүлдэг. Ангидаа хамт олноороо байх үнэхээр гоё. Ганцаараа төвлөрөөд суух үедээ номын санд ихэвчлэн суудаг. Манай сургуулийн номын сан их тухтай. Толгойгоо сэргээх, амраах үедээ сургуулийнхаа гадаа суух дуртай. Сургуулийн гаднах орчин нэг л тайван амгалан. Эмнэлэг, сургууль, хийд гэсэн гурван байгууламжийн дунд цэлгэр цэвэрхэн талбайтай, тухтай орчинтой. Хийд рүүгээ орж залбираад гороолоод гарахаар сэтгэл сайхан болдог. Заримдаа хичээлээ хийхэд хэцүү санагдах үедээ хийдээрээ орж эрч хүч авдаг. Эмнэлэгтээ дадлагад гарах ч гоё. Бид энэ жил Өрнийн анагаахын хичээл үзээд гадны олон эмнэлгээр дадлага хийсэн. Тэгж байгаад сургуулийнхаа эмнэлэгт ирж дадлага хийсэн чинь гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрсөн. /инээв/ Яагаад гэвэл манай эмнэлэгт дадлагын оюутнуудад зориулсан тусгай өрөө байдаг. Тэнд дадлага хийх оюутнуудад зориулсан бүх юм бий.

-Анх оюутан болоод хичээлийн анхны өдөр ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би сургуулийнхаа талаар эртнээс мэдэж байсан болохоор их бэлтгэлтэй байсан л даа. Манай сургуулийн шинэ элсэгчид 9 сарын 1-нд сургуулийн нээлтийн дараа шууд л хичээлдээ ордог. Бусад сургууль тэгээд л тарчихдаг бол оюутнууд маань төвөд хэлээ заалгаад, эхний өдөр үсэгнийхээ 50 хувийг  үздэг. 12 цагт нээлт дуусаад хичээлдээ ороод, 18:00 цаг хүртэл хичээллэнэ. Тэгээд маш их гэрийн даалгавар өгдөг. Үүнийг нь мэдэж байсан болохоор нэлээд бэлтгэлтэй ирсэн л дээ. /инээв/ Оюутнууд шоконд ордог. Тэрийгээ дараа нь хамт олноороо яриад суух хөгжилтэй. Маш их даалгавар өгсөн болохоор гэртээ хариад цайгаа уучихаад шууд даалгавраа хийж эхэлнэ. Өглөөний зургаан цаг хүртэл цурам ч хийлгүй даалгавраа хийчихээд ганцхан цаг унчихаад хичээлдээ явж байлаа.

-Хичээлээс гадуур сонирхдог зүйл?

-Би хувь хүний хөгжлийн талаарх, Буддын философийн номнуудыг унших их дуртай. Сүүлийн үед хувь хүний хөгжилд чиглэсэн эвентүүдэд суухыг эрмэлзэж байна. Мөн Азийн Анагаахын Оюутны Холбоо буюу AMSA Mongolia холбоонд явдаг. Холбоогоороо дамжуулаад Ази Номхон далайн бүсийн улс орнуудын анагаахын оюутнуудтай үзэл бодлоо солилцох, анагаахын оюутнуудын дуу хоолойг хүргэх, Монгол соёлыг Азийн бусад орны оюутнуудад сурталчлах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг явуулдаг.

-Юунаас эрч хүч авдаг вэ?

-Хичээлээ амжилттай давсаны дараа маш их эрч хүчтэй болдог. Тэр эрч хүчээрээ дараагийн хичээлдээ орох сайхан байдаг. Ном уншиж, дуу сонсож эрч хүч авдаг.

-Одоо ямар ном уншиж байна?

-Энэ жил би “1 сард 1 ном унших” гэсэн зорилт тавьсан байгаа. Тэгэхээр 2019 онд 12 ном уншиж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр сард сэтгүүлч Хулангийн бичсэн “A Year to Remember”, хоёрдугаар сард “Өглөөний гайхамшиг” номыг уншиж байна.

-Чи юуг хамгийн сайн хийж чадах вэ?

-Би аливаа зүйлийг зохион байгуулах, төлөвлөхдөө сайн. Бага байхын л аав ээж маань намайг “Гэрийн ЗБ” гэж нэрлэдэг байсан. /инээв/ Том, жижиг гэлтгүй үйл ажиллагаануудыг зохион байгуулах, оролцох сонирхолтой. Бусадтай харилцах чадвар сайн гэж боддог. Харилцааны ур чадвар бол эмч хүнд байх ёстой хамгийн чухал чадвар шүү дээ. Тиймээс ч үүнийг улам бүр хөгжүүлэхийг эрмэлздэг. Бас би өөрийгөө их мэдрэмжтэй гэж боддог шүү. /инээв/ Тэр мэдрэмжийг аав, ээжээ өвлөж авсан байхаа. Аав, ээж маань их мэдрэмжтэй хүмүүс. Тэд хүмүүсийг харцнаас нь хараад л юу хүсч байгааг нь шууд мэдрээд ойлгочихдог. Энэ бол маш чухал.

-Үлгэр дуурайлал авдаг хүнийхээ талаар хэлэхгүй юу?

-Хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн бол миний аав, ээж хоёр. Миний аав, ээж хоёр миний багш. Ээж, аав хоёр маань хоёулаа эмч мэргэжилтэй. Тэд олон хүнд туслаж, их зүйлийг хийж бүтээсэн хүмүүс бий. Ялангуяа би ээжийгээ онцолмоор байна. Миний ээж эмч, багш хүнийхээ талаас ч тэр, эмэгтэй хүн, эх хүнийхээ талаас ч тэр үнэхээр үлгэр дуурайлал үзүүлэхүйц хүн. Би хичээлээ хийж байхдаа хүртэл ээжийнхээ оюутан цагийг боддог. Ээжийн оюутан байсан үеийг ээж, эмээ хоёр маань ярьдаг л даа. Хичээлдээ маш шамдаж суралцаж байсан гэдэг. Тиймээс би хичээлээ хийж байхдаа ээж шигээ хичээнэ шүү гэж бодож үлгэр дуурайлал авдаг.

-Амьдралдаа хийж байсан хамгийн чухал зөв сонголт чинь юу вэ?

-Миний мэргэжил, бас нөхөр маань. /инээв/ Мэргэжлээ зөв сонговол ажлын найман цаг чинь аз жаргалтай өнгөрөх боломжтой, ханиа зөв сонговол гэртээ байх найман цаг чинь аз жаргалтай байх болно, тэгвэл үлдсэн найман цагийг аз жаргалтайгаар унтаж өнгөрүүлнэ гээд үг байдаг даа. /инээв/ Миний хувьд мэргэжлээ үнэхээр зөв сонгосон. Нөхөр маань манай сургуулийн төгсөгч. Уламжлалтын номыг үзсэн, зөв үзэл бодолтой, намайг их дэмждэг, бид хамтдаа нэг зүйлийн төлөө явж чаддаг. Тиймээс би чухал зөв сонголт хийж чадсан гэж хэлнэ. Ер нь манай сургуулийн төгсөгчид хоорондоо гэрлэсэн тохиолдол их байдаг л даа. Тэд хамтдаа эмнэлэг байгуулаад амжилттай ажиллаж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлээд явж байгаа олон жишээг хэлж чадна. Тэдний хүүхдүүд нь эхнээсээ манай сургуульд элсээд хэдэн үеэрээ уламжлалт анагаах ухаанд суралцаад явж байгаа гайхалтай жишээг хэлж болно.

-Сурагчдад хандаж юу хэлэх вэ?

-Арван жилд байхаасаа ирээдүйд би яах вэ гэсэн зорилгоо маш сайн тодорхойлох хэрэгтэй. Зорилгоо зөв тодорхойлчих юм бол түүнийхээ төлөө хичээж эхэлдэг юм билээ. Зорилгодоо хүрэхийн тулд залхуурлаа ялан дийлээрэй. Тэгвэл оюутан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж чадна шүү.

-Та энэ буланд хэнийг урьж оролцуулмаар байна?

-Дараагийн ярилцлага өгөх оюутан нь энэ жил манай сургуульд элсэн суралцаж байгаа 1-р курсын оюутан Р.Зоригтбаатар гуай байгаасай гэж хүсч байна. Р.Зоригтбаатар гуай уул уурхайн салбарт олон жил ажилласан, ажлын болоод амьдралын туршлагатай, бас маш сонирхолтой хүн шиг санагддаг. Тэтгэвэртээ гарсан хойноо эмч болох мөрөөдлөө биелүүлэхээр манай сургуулийг сонгож суралцаж байгаа түүний оюутны амьдрал сонирхолтой байгаа байх. Бас түүний ажлаа хэрхэн төлөвлөдөг, ямар зарчмыг амьдралдаа баримталж явдагийг нь уншиж, үлгэр дуурайлал авахыг хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *