Б.Батхуяг: Өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2014 оны төгсөгч, Архангай аймгийн “Хангайн Манба” уламжлалт эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч Б.Батхуягийг урьж ярилцлаа. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ орон нутагт эмнэлэг байгуулан ажиллаж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа чадварлаг залуу эмч юм.

-Та сургуулиа төгссөн даруйдаа Архангайд очиж мэргэжлээрээ ажилласан.  Орон нутагт уламжлалтын эмнэлэг байгуулан ажиллахад ямар байна?

-Уламжлалтын эмчээр төгсөөд орон нутагт ажиллахад хүндрэлтэй асуудлууд гардаг л даа. Ажлын байр хомс, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд уламжлалтын тасаг гэж байдаг ч дотрын эмч нарын заавар чиглэлийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулдаг, нэг л тийм хайрцаглагдсан байдалтай. Тэгэхээр бидний хувьд өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан. Тэгээд 2015 онд Заяын хүрээний Манба дацангийн уламжлалыг хадгалсан уламжлалт анагаах ухааны төв байгуулъя гэж шийдээд анх шавилан сууж байсан Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийнхээ дэргэд “Хангайн Манба” нэртэй эмнэлгээ байгуулсан. Эмнэлгээ байгуулахад олон сайн хүмүүс дэмжиж тусалсан л даа.  Хийдийн дэргэд байдаг болохоор хүмүүс “Хангайн Манба Дацан” гэж нэрлэдэг болсон. Уламжлалтын эмч нарыг мэргэжлээрээ орон нутагт ажиллах нөхцөл боломж, төрөөс дэмжсэн зүйл бодлогын хэмжээнд байдаггүй. Тиймээс бид өөрсдөө л зориг шулуудан ажиллаж, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг чанартай хүргэж, ард иргэдийнхээ итгэл үнэмшлийг олж байж өөрсдийгөө зөвшөөрүүлэх хувилбар оногдож байна даа. Оточ Манрамба Их Сургуульдаа олон сайхан багш нараараа заалгасан эрдэм мэдлэг л их дэм болж байна.

-Хийдэд хэзээнээс шавилан суусан бэ?

-Хийдэд шавилаад 16 жил болж байна. Өвөө маань номтой уншлагатай хүн байсан. Мөн манай нутагт үлгэр дуурайл болсон бусдад элдэв аргаар тусладаг, эрдэмтэй лам, маарамба гэж дуудагддаг хүмүүс  олон байсан. Тэдэн шиг сайн маарамба болох юмсан гэж их боддог байсан боловч яах ёстойгоо сайн мэдэхгүй байсан.  Ямар ч байсан Бурханы ном үзэх ёстойгоо ойлгож байсан болохоор дунд сургуульд байхад ээж маань хөтлөж аваачаад л багшид шавь оруулаад хичээлийнхээ хажуугаар хийдэд ном заалгадаг болсон. Дунд сургуулиа төгсөөд Гандантэгчинлин хийдийн дэргэдэх Буддын гүн ухааны Идгаанчойнзинлин дацанд сууж байхад өвөө маань Оточ Манрамба Их Сургуульд орохыг зөвлөсөн.

-Одоо танай эмнэлэгт хэчнээн эмч ажиллаж байна?

-Хоёр эмч ажилладаг. Өдөр бүр зорьж ирсэн хүмүүсээ хүлээж авч судсаар оношлоод эм тангаа өгнө, мөн бариа засал, хануур, зүү, төөнүүр зэрэг эмчилгээг цогцоор хийж, уламжлалт анагаахын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

-Хөдөө орон нутагт тэр дундаа таны ажиллаж буй Архангай аймагт хүн амын өвчлөл хэр вэ. Зонхилон ямар өвчний тохиолдлоор танай эмнэлэгт хүмүүс ханддаг вэ?

-Монголчууд нүүдэлчин хэв маягаас суурин амьдралын хэв маягт шилжих явцдаа олон үнэт зүйлээ алдаж байх шиг. Үүнтэй уялдаад ахуй амьдралын соёл, хувцаслалт, хооллолт, дадал зуршил, хөдөлмөрийн хуваарь зэрэгт өөрчлөлт орон улмаар түүндээ дасан зохицож чадахгүй бие махбодийн тэнцвэрт байдал ихээр алдагдаж байна.  Бөөр, зүрх судасны эмгэг өөрчлөлттэй хүмүүс их хандан ирж байна. Эдгээр эмгэгийн үед эхэн үедээ ноцтой хүнд өвдөлт зовиур илрэхгүй ч эмчилгээ хийлгэхгүй яваад байвал аажимдаа архагшиж, хүндрэн эмчлэхэд бэрх болж, улмаар хүний хамгийн үнэт зүйл болох нас гэдэг зүйлийг их богиносгож, аминд хүрэх тохиолдол цөөнгүй байна.

-Хэлмэгдүүлэлтийн нөлөөгөөр уламжлалт анагаах ухааныг нэгэн цаг үед хааж боож, бурангуй үзэл мэтээр сурталдаж байсан шүү дээ. Үүнээс болж сөрөг ойлголттой болсон хүмүүс одоог хүртэл ойшоохгүй байх нь бий. Хөдөө орон нутгийн иргэд уламжлалт эм, эмчилгээнд хэр ханддаг вэ?

-Нутаг бүрийн онцлог байна л даа. Урьдын мэргэд: “Хүрээнийхэн, зүүн аймгийнхан зурхайдаа сайн, урд хошууд чойртой сайн, хойд зүгийнхэн гүрэм засалдаа сайн, баруун тийшээ одоогийн Архангай, Завхан аймгийнхан эмэндээ сайн” хэмээн ярьдаг байсан юм билээ. Баруун аймгууд эрс тэс уур амьсгалтай, өндөр уултай, аж ахуй нь эрсдэлтэй байсан болохоор түүнийгээ дагаад хүмүүс нь их бэртэж гэмтдэг, өвчлөл өндөртэй байсан байх гэж боддог. Тиймээс ч эмч, оточ нар нь эмнэлзүйн өндөр чадвар сууна. Заяын хүрээний Манба дацан нь үнэхээр гайхалтай сургалттай, тухайн цаг үеийн шилдэг оточ маарамба нарыг бэлтгэж байсан байдаг. Түүний улбаа одоо ч арилаагүй байгаа учраас манай Архангайн ард түмэн уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг одоо ч хүндэлдэг, хэргэлдэг хэвээр байна.

-Эмнэлгээ өргөтгөж, шинэ эмнэлэг байгуулах гэж байгаа гэсэн. Энэ ажил ямар түвшинд явж байна?

-Монгол улсын хэмжээнд уламжлалт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллага тооны хувьд олон байгаа ч миний сурч, дадлага хийж төгссөн Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв Манба Дацан Нэгдсэн эмнэлэг шиг уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг жинхэнэ мөн чанараар нь үзүүлж байгаа. Тийм ч учраас Оточ Манрамба Их Сургуулийг төгссөн эмч нар бид төгсөөд эмнэлэг байгуулаад, уламжлалт анагаахын тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яг уламжлалтын онол, мөн чанарыг хадгалсан үйл ажиллагаа явуулдаг. Гэвч уламжлалтын эмнэлэг бүр ийм чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэхгүй байна. Уламжлалтын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх орны зөвшөөрөлтэй эмнэлэг гэсэн мөртлөө тэнд нь уламжлалтын эмч ажилладаггүй, зүгээр нэг бариа заслын курс, зүүний сургалтанд суусан хүн эмчилгээ хийгээд сууж байх жишээний. Энэ нь хүмүүст уламжлалт анагаах ухааны талаар буруу зөрүү ойлголт өгч, ерөөсөө л уламжлалт чинь ийм юм байна гэсэн ойлголт төрүүлчихдэг. Тиймээс уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг жинхэнэ мөн чанараар нь таниулъя гэвэл чанартай эмнэлгийн баазуудтай байх хэрэгтэй. Тэдгээр бааз нь эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэх ёстой. Манай эмнэлгийн хувьд дөрвөн жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Үйлчлүүлэгчдийн тоо ч эрс нэмэгдлээ, хэвтэн эмчлүүлэх сонирхолтой хүмүүс ч олон байна, зарим өвчин эмгэгийг зайлшгүй хэвтүүлэн эмчлэх шаардлага байгаа болохоор эмнэлгээ өргөтгөе гэж бодсон. Санхүүгийн асуудал хүнд байна,  энэ тал дээр төрөөс бодлого дэмжлэг алга. Гэвч гонгиноод суугаад байлтай биш боломжоороо төсөл боловсруулаад зүтгээд явж л байна. Ямар ч байсан Архангайдаа нэг сайхан зөв үйл ажиллагаатай уламжлалт эмнэлгийг бий болгоно оо.

-Танай шинэ эмнэлэг ашиглалтад орчихвол орон нутагт нэлээд том эмнэлэг байгуулагдах нь. Орон нутагт ажиллах сонирхолтой эмч нар хэр байгаа бол?

-Уламжлалт анагаахын эмч мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд нэлээд бий болсон боловч би хоёр дүүгээ өөрийн төгссөн сургууль Оточ Манрамба Их Сургуульдаа оруулсан.  Тэр хоёр маань төгсөөд надтай хамтран ажиллах байхаа.  Манай сургууль уламжлалт анагаах ухааны салбарт хамгийн сайн эмч мэргэжилтнүүдийг төгсгөн гаргаж байна. Улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны салбарт олон зуу зуун эмч мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэж байгаа ч хөдөө ажиллах сонирхолтой залуучууд ховорхон байна. Мэдээж олон залуучууд орон нутагт ажиллаж байгаа. Ажиллахыг хүссэн хүмүүст дээр хэлсэнчлэн ажлын байр алга, дэмжлэг алга. Тиймээс тэднийг орон нутагт эмнэлэг байгуулан ажиллахад нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байвал хөдөө ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Ингэснээрээ хөдөө орон нутгийн иргэд заавал хот явах шаардлагагүй, мөн хол ойрын хүмүүс ч ирээд эмчлүүлэх боломжтой өвчлөлийг бууруулах ч давуу талтай. Өвчлөл ихсэх үед Улаанбаатар хот өөрөө асар том өвчний голомт болж байна. Хүмүүс тохилог бас эрүүл цэвэр агаар, чанартай үйлчилгээтэй газар эмчилгээ үйлчилгээ авах нь илүү үр дүнтэй. Монгол Улсын Гавъяат эмч Д.Нацагдорж Хамба багш маань: “Сайн эмч байвал хаа ч байсан өвчтөй хүн хаанаас ч гэсэн зориод л очдог юм” хэмээн айлдаж байсан л даа /инээв/.

-Өнгөрсөн 2017 онд “Уламжлалт анагаах ухааны Олон улсын Анхдугаар чуулган”-аар Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгоё, үүний тулд эхлээд дотооддоо хэрэглэдэг болъё гэдэг дээр салбарын эмч мэргэжилтнүүд санал нэгдсэн. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг нийтэд түгээхийн тулд яах ёстой юм бэ. Таны хувьд үүн дээр ямар саналтай байна?

-Тиймээ, уламжлалт анагаах ухааныг монголчууд өөрсдөө сайн ойлгож түгээмэл хэрэглэдэг болох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааныг үл тоомсорлосон байдал одоо ч байсаар байна. Ер нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд юу хэрэгтэй вэ гэдгийг, уламжлалт анагаах ухааны зүй тогтлыг жинхэнэ утгаар нь ойлгодоггүй. Зөвхөн ойр зуурын хэрэглээ төдийхнөөр ойлгодог. Миний бодлоор уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хэрэгтэй санагддаг. Уламжлалт анагаах ухааны эмч нар судсаар оношлоод, эмчлээд хүнтэйгээ ойрхон байх хэрэгтэй. Түүнээс биш тоног төхөөрөмж яриад хүнээсээ холдоод явчихвал жинхэнэ мөн чанар нь алдагдчихна. Монголчууд хөрш зэргэлдээ орших энэ хоёр том гүрнээс эмчилгээ, үйлчилгээ авах биш, бид тэдэнд уламжлалт анагаахын тусламж үйлчилгээ үзүүлдэг болтлоо чадавхжих хэрэгтэй. Төгссөн эмч болгон уламжлалт эмнэлэг байгуулаад ажиллах юмуу, дагнасан уламжлалтын эмнэлэгт ажиллах боломжгүй. Ер нь бүхий л шатлалын эмнэлэгт уламжлалтын эмч нар ажиллах ёстой. Тэгж байж л ядаж дотооддоо уламжлалт анагаах ухааныг бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадна. Одоогоор гадаадад ажиллаж байгаа эмч нар нэг нэгэндээ ажил их олж өгдөг. Энд нэг эмч авна гэж байна гэх зэргээр нэг нэгэндээ мэдээ хүргэх зарчмаар л гадаадад гарч ажиллаж байна. Уг нь төрийн бодлого, Засгийн газрын хамтын ажиллагааны хөтөлбөр ч юм уу байдаг бол их дэмтэй байхаар. Уламжлалтын эмч нар нь гадаадад гарч байж, уламжлалт эм, эмнэлэг, үйлчилгээ нь хамт гарах боломжтой болно.

-Уламжлалтын эмч нарыг судлаачид гэдэг. Уламжлалт анагаах ухааны салбарын судалгаа, шинжилгээний ажлыг цаашид улам өргөжүүлэх шаардлага байгаа. Таны хувьд ямар чиглэлээр судалгааны ажил хийж байна?

-Уламжлалт анагаах ухаанд суралцаж эхэлнэ гэдэг аливаа юмыг судлан шинжилж ойлгох, арга замыг судлах, үр дүнг хүсэмжлэх зарчмаар алхам тутамдаа өдөр бүр л судалгаа хийж явдаг болно. Хоол идсэн ч идэж байгаа хоолныхоо тухай бодож, ямар тус эрдэмтэйг нь судлах жишээтэй. Уламжлалт анагаах ухаан тэр чигээрээ маш сонирхолтой. Миний хувьд уламжлалт анагаах ухаанд суралцаж байгаа хүн яагаад буддизмд давхар суралцах шаардлагатай байдаг учраас би энэ талаар их сонирхож судалдаг. Мөн  түүх, эмийн жор, найрлага, эмийн ургамал танин барих, зурхай гээд л ер нь их сонирхолтой. Өндөр түвшинд судласан юм байхгүй ч хэдэн номон дээр ажиллаж байна. Шинээр мэдлэг мэдээлэл авч түүнийгээ өдөр тутмын эмнэлэг эмчилгээний үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үр дүнг өөрийнхөө ухаанаар боловсруулан тэмдэглэж байгаагийн үндсэн дээр л хийж байгаа зүйл.

-Эмчийн тамгаа гардаж авсанаас хойш хичнээн хүн эмчилсэн бэ?

-Саяхан амбулаторийн бүртгэл дээрээс харахад 2000 орчим хүн үзэж, эмчилсэн байна. Бүртгэлд ороогүй хүмүүс бас байгаа л даа. Хөдөө айлд сууж байтал хүн орж ирээд үзүүлье гэдэг, тэгээд л хот айлынхан олуулаа үзүүлнэ. Тэр бүр тэмдэглэл хөтлөж амжихгүй. Эмч хүн хаана ч байсан өвдөж зовсон хүн тааралдвал үзээд, оношлоод, заавар зөвлөгөө өгөөд л явдаг. Өвдөж зовсон нэг хүнийг эмчлье гэсэн чин сэтгэлтэйгээр долоо алхваас бүх гэгээрсэн бурхадыг гороолсонтой адил буян хураадаг, өвчтэй нэг хүнийг эдгээе гээд нэг тун эм өгвөөс амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил буян хураадаг гэж номонд айлдсан байдаг.  Тэгж бодохоор эмч хүний ажил их сайхан үйлс л дээ.

-Уламжлалтын эмч нарыг хүмүүс бариач гэж ойлгодог. Гэтэл бүхий л насны хүнийг үзэж оношилж, бүхий л өвчнийг эмчилж илааршуулах мэдлэг чадвартай, олон төрлийн засал эмчилгээг эзэмшсэн хүмүүс шүү дээ?

-Намайг хүмүүс нөгөө эмнэлгийн бариач мөн үү гэдэг. /Инээв/ Эхэндээ их л эвгүй санагддаг байлаа. “Үгүй би бариач биш, би уламжлалтын эмч” гээд л хэлдэг байлаа, одоо бол тоохоо больсон. Тэгсэн манай нэг үйлчлүүлэгч бариач гэдэг нь эмч гэдгээс илүү хүндэтгэлтэй ойлголт гэж хэлж байсан. Яагаад гэхээр хүний судсыг барьж үзээд оношлоод мэдчихдэг, эм тангаа өөрөө барьдаг, тиймээс уламжлалтын эмч нарыг бариач гэж ойлгодог гэсэн. Түүнээс гадна дээр үеэсээ манай оточ маарамбууд ясны хугарал бэртлийг бариад эдгээчихдэг байсан болохоор бариач гэдэг нь илүү хүндэтгэлтэй нэр гэж тайлбарлаж байсан. Орон нутагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй ч уламжлалтын эмчилгээ үйлчилгээ үзүүлээд явж байгаа хүмүүс асар их байна. Хүмүүс ч их хайхрамжгүй ханддаг. Хүн өвчин нь эдгэхэд л эмчээ мартдаг гэдэг үг байдаг. Монголчууд 1990-ээд оноос хойш эрдэм мэдлэг, чадвараа дадал болгож авах сөхөөгүй 20 жил явчихлаа. Тиймээс одоо эрүүл мэнддээ анхаарах сэтгэхүй байхгүй, эрүүл мэнд, боловсролын асуудал хоцрогдмол байдалтай болсон гэж хэлэхэд буруудахгүй. Уламжлалт анагаах ухааны жинхэнэ мэдлэг боловсрол эзэмшсэн эмч нар маань өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлж, заавар зөвлөгөө өгч байж нийтээрээ засарна. Өвдсөн үедээ л өвчлөлийн тухай боддог, эмч, эмнэлгийг дурсдаг болчихсон. Уг нь өвдөхөөсөө өмнө арга хэмжээ аваад урьдчилан сэргийлээд явах нь ухамсартай явдал. Гэхдээ манай иргэд өөрсдөө эрүүл мэнддээ цаг хугацаа зарцуулдаг мэдлэгтэй, сэтгэлзүйтэй болох цаг ирэх байх. Түүний тулд уламжлалтын эмч нар өөрсдөө мэдлэг чадвартай байж, уламжлалт анагаах ухааны зөв ойлголт, хэвшил, дадал зөвлөмжийг түгээх хэрэгтэй.

-Тэгвэл уламжлалтын эмч нарыг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

-Миний бодлоор уламжлалтын эмч нар хэрхэн хамтарч ажиллаж чадах вэ гэдгээр л тодорхойлогдох байх. Мэдээж хувь хүний ур чадвараас шалтгаалах зүйл их байна. Гадаад хүмүүстэй ярьж байхад “Хятадыг уламжлалт анагаах ухаантай гэж дэлхий мэднэ, Монголд уламжлалт анагаах ухаан байдаг гэдгийг мэдэхгүй, Төвөдийг бурханы шашинтай гэж бүгд мэднэ, Монголчуудыг бурханы шашинтай гэдгийг мэдэхгүй. Гэтэл Монголд аль аль нь байна” гэж хэлж байсан. Тэгэхээр бидэнд боломж байна. Аль алийг нь суралцаж эзэмшин хөгжүүлж өөрсдийгөө гадагшаа таниулах, тэдэнд хүрч ажиллах боломж байна.

-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №12 /54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *