Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, СХД-ийн өндөр настан М.Дэнсмаа гуайтай ярилцлаа.
-Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу?
-Арав гаран жилийн өмнө ирж эмчлүүлж байсан. Хэвлий дүүрч цанхайгаад үлээсэн шаар шиг болчихсон, хоолойгоор хоол давахгүй, аяга хярамнаас өөр юм идэж ууж чаддаггүй байлаа. Өрнийн анагаах ухааны эмч нар ходоодны хавдар гэж оношилж, зарим нь ч бүр онош тавьж чадахгүй байсан. Тэгээд Манба Дацанд ирж үзүүлэхэд хийн өвчин гэж оношлоод, эмчлэгч эмч маань намайг гурван хоног сахиж эмчлээд босгож байсан юм. Эмнэлгээс гарахдаа хоол идэж чаддаг болоод гарсан. Түүний дараа эмчийн хяналтанд тан ууж, эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Хамба лам Д.Нацагдоржид үзүүлэхэд “Та манайхаас авах ёстой эмчилгээнүүдээ авчихсан байна, одоо сайхан амар” гэж хэлсэн. Үнэхээр ч сайхан болоод гарсан.
-Одоо таны бие ямар байна?
-Нэг их сүрхий өвдөөд байх юмгүй хэрнээ, бие жихүүцээд, нойргүйдээд байсан юм. Би одоо 87 настай. Нас ч өндөр болж байна гээд тоохгүй яваад байсан чинь бүр сүүлдээ унтаж чадахаа больсон. Жаахан зүүрмэглэж байгаад сэрчихнэ. Хүн сайхан унтаж чадвал бие амарна шүү дээ. Тиймээс хүүхдүүд маань ерөөсөө Манба Дацан эмнэлэгтээ очъё гээд энд хэвтсэн. Эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд унтаж эхэллээ. Хэвтсэнийхээ маргаашнаас эхлээд л сайхан унтаж амарч байна. Нойргүйдээд бараг сар гаран болсон юм байна. Нүд бүрэлзээд хараа муудаад байсан юм. Тэр ч нойргүйдсэнтэй холбоотой байх. Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нойргүйдлээс ангижирсан.
-Манба Дацан эмнэлгийн талаар эртнээс мэдэх юм байна. Эмчилгээ, үйлчилгээний талаар та юу хэлэх вэ?
-Арав гаран жилийн өмнө хэвтэж байхад гурван давхар эмнэлгийн байртай байсан. Одоо найман давхар шинэ эмнэлэгтэй болж, эмчилгээ үйлчилгээ нь улам бүр сайхан болжээ. Анх хэвтэж эмчлүүлж байхад эмч нар нь сайхан зан чанартай, чадварлаг байсан. Одоо ч мундаг эмч нар ажилласаар байна. Миний эмчлэгч эмч Б.Одонтуяа их сайн эмч байна. Байнга орж ирж анхаарал халамж тавина, бариа засал, эмчилгээнүүдээ их сайн хийдэг чадварлаг эмч юм.
-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та юу гэж ойлгож байна?
-Монгол хүн Монголын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, арга ухааныг нь сурч мэдэж, үр хүүхэддээ өвлүүлдэг байх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд хийн өвчин гэж бий. Би ч өөрийгөө хийрхээд байгаагаа мэддэг юм. Бага хүүхдээ төрүүлэхдээ даараад гам алдсан байх, тэгээд л хийн өвчтэй болсон гэж боддог. Өрнийн анагаахын эмнэлэгт үзүүлэхээр хий гэж хэлэхгүй, мэддэг ч үгүй юм билээ. Манба Дацан эмнэлэгт бол яг хийн өвчин гэж оношилдог. Намайг эмч нар тостой юм идэж ууж болохгүй гэдэг юм. Тэгсэн нэг удаа бүр хий ханиалгаад болдоггүй. Тэгэхээр нь хөдөөнөөс ирсэн өрөмнөөс хярмандаа жаахныг орхиод уучихсан чинь ханиалгахаа больчихсон. Хийгээр л ханиалгаад байсан юм болов уу даа. Тэгээд би нэг өрмөөр л ханиадаа дарчихсан. Уламжлалт анагаах ухаан үнэхээр сайн. Тэр дундаа Манба Дацан эмчилгээ, үйлчилгээ сайтай мундаг эмнэлэг.
-Ярилцсанд баярлалаа, танд эрүүл энхийг хүсье.