Нисванисийн нүгэл бүхнийг арилгаж, ариусгаж байна хэмээн бодож мандал өргөдөг

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…

Монголчуудын “Мандал” хэмээн ярьж заншсан үгийг Санскритаар “Мандала” хэмээдэг. “Манда” гэдэг нь “шим” гэсэн утгатай. Энэ нь амгалан, хоосон чанар ялгаагүй билгүүнийг хэлнэ. “Ла” нь авах гэсэн утгатай. Тиймээс “мандала” нь шимийг авах гэсэн үг юм. Энэ нь билэг билгүүний шимийг авч байгааг дүрст байдлаар бэлгэдсэн нь хот мандал болой.
Хот мандал нь сав ертөнц, шимт амьтдыг бүхэлд нь хамруулан багтааж, тэдгээрт билгүүний шимийг хүртээж, агуу их буянд оруулж, хамруулан авч үзэж буй гүн утга адистидтэй номын зан үйл бөгөөд дөрвөн авшиг авах нийтийн ёс болой. Бодь сэтгэл болон ямарваа нэг увидсыг үндсэнд төрүүлэхэд буяныг үлэмж ихээр хурааж үйлдэх хэрэгтэй.
Үлэмж их буян доорд бодьгалын үндсэнд төрөх нь байтугай алдар төдий ч чихэнд нь эс сонсогдмуй. Тийм учраас өөрийн үндсэнд буяны чуулганыг чухалчлан хураан үйлдэх гайхамшигт арга нь мандлын зан үйл юм.
Мандалд өргөж буй эд зүйлс нь өглөг болно. Мандлыг тэгш арчих нь шагшаабад болно. Мандалд хамаг амьтныг тодруулан боддог нь хүлцэнгүй, Мандал өөрөө хичээл, нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгаж мандал өргөх нь самади, зүг завсрыг ялган бясалгаж унших нь билиг болно. Мандлыг бурхадад өргөх явцад зургаан барамидыг олох буянтай юм.
Сүмбэр уул, дөрвөн тив, нар, сар сэлт орныг нь машид бэлгэдэн үйлдсэнээр хорол эрдэнэ, зэндмэнэ эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, чандмань эрдэнэ, жанжин эрдэнэ, өөрийн бие, өөрийн эрдэнэ, бүхэн төгсийг байдал байгуулалтын илтэд машид өргө хэмээсэн ба очир алмаз, бадмаараг, усан болор, цагаан шүр, бэндэръяа, индранил лугаа төгсөөр өргө. Гурван мянган ертөнцийн орон, олон нөхөд сэлт бүгдийг сэтгэлдээ бясалгаж, түүнийг бодь сэтгэл болон амгалан хоосон ялгаагүй билэг билгүүний мөн чанарт ургуулах нь хот мандлын мөн чанар болно.
Мандлыг дотор нь дээд, доод, дунд хэмээн гурав хуваана. Богд ламын зохиосон “Таван зэрэг нэгэн дэвсгэртэд төгсгөхийн улаан хөтөлбөр” хэмээх сударт: Алт, мөнгө, номин, шүр, оюу тэргүүтэн эрдэнээр өргөвөл дээд, зэс, хүрэл, гууль тэргүүтнээр өргөвөл дунд мандал, мод, чулуу, шороогоор өргөвөл доод мандал” гэсэн байдаг.
Мандлын хэлбэр янз бүр байх тул хэлбэр, хязгаар нэгэнд магадлаагүй. Хэлбэр нь дөрвөлжин, хагас дугуй, дугуй, гурвалжин, өнгө нь таван өнгийн аль нь ч болно гэж үздэг. Мандлын хэмжээ нь нэг тохой буюу түүнээс дээш байж болно гэсэн боловч хамгийн багадаа арван хоёр хуруу байх ба түүнээс бага байж болохгүй хэмээн ном-ложээ.

Мандлын тус эрдэм

“Их хот мандал судар”-аас: “Мандлыг өргөж тахисан бүхэн өвчин бүхнээс гэтэлж, алтан өнгөтэй болно, тэнгэр хүн бээр тахих болно. Саран адил бадрангуй туяарна. Эд болон алтат эрх баялагт хаан болж төрнө. Эцэстээ бурхан болж ариун орноо төрнө. Зургаан барамид тэргүүтэн эрдэм бүхнийг олно. Загарвадын хаан болно. Үтэр түргэн бурхан болж, амьтныг ариун нирваанд байгуулах болно” хэмээн номложээ.
Ловон Гамалагийн айлдсан нь: “Зургаан барамидыг төгс гүйцээнэ. Хоёр түйтгэр ариусна. Чуулганыг төгсгөнө. Бясалгал, хот мандал тодорхой болно” хэмээн номложээ.
Өөрийн багшийг шүтэж, мандал бум өргөж тахиснаар бүтээлийг олсон мэргэд олон.Тэр мэт мандлыг арчиж гүйцээсний голд нь цэцэг дэлгэ.
Мандал шүтсэнээр өвчин амарлиулахын тухайд мандлын зай завсар бүхэн арүр, гавүр, гүргүм, задь тэргүүтэн сайн эмийн зүйлсээр дүүрсэнд бодоод өргөх юм. Ядуурал, доройтлыг арилгахыг хүсвэл алт, мөнгө, шүр, сувд, очир алмааз, бадмаараг, индранил, усан болор, биндэръяа тэргүүтэн эрдэнэ ба хувцас торго тэргүүтэн өргөл, дүүрснээр бодож өргөх зэргээр оюун ухаан, нас буян, бүгд ирэх, бурханы хутгийг олох тус эрдэм хязгааргүй.

Мандал өргөөгүйн гэм

Мандал өргөсний утга нь зүүдэнд жимс боловсрох, төмс боловсрох, үрийн хур буух зэрэг олон сайн шинж тэмдгийг зүүдэлнэ. Сав бусуудад мандлын увидсыг хайрлавал халдварт өвчин тэргүүтэн гарч, хортон дайснаар алуулах гэх мэт гэм олон гарна.
Мандал өргөхдөө зүүн гараа хоосон байлгавал бурхан залраагүй, бурханы ном номлодоггүй, бурханы номын дуу сонсогдохгүй газар төрөх, баруун гараар мандлыг хоосон арчвал өөрийнх нь байгаа газарт бурхан залрахгүй, мандал өргөхдөө мандал дээр арвай буудай байхгүй байвал бэлэг дэмбэрэлгүй зүйлүүд гардаг. Тиймээс хоёр гартаа будаа барин мандал өргөх хэрэгтэй. Мандлыг арчих үедээ баруун гарын лаза бодь судасны харалдаа арчина. Энэ нь илт мэдлийг үүсгэдэг судас тул олон удаа арчвал илт мэдэл үүсгэхийн шүтэн барилдлагатай юм.
Богд лам Олхачойлун хэмээх газар чулуун мандал өргөх үед баруун гарынх нь мах, арьс нь хуурч, ясандаа тултал мандал өргөсөн хэмээн хэлцдэг. Мандлын цоморлиг дээр олон бурхад тэдгээрийн тааллаас сэтгэлчлэн бүтээх зэндмэнэ эрдэнэ адилын гэрэл цацарч огторгуйг дүүргэж, адистидээ түгээж байна хэмээн бясалга. Энэ насандаа бурхан болох эрдэнэ мэт шавь нар, алим хэрхэн ургаж боловсордогтой адил буяны сайн үр нь боловсорч байгаа шавь нар, хязгааргүй олон амьтныг болгоож байна хэмээн мандлыг өргөх нь тус эрдэм ихтэй. Мөн хүсэл тачаал, уур хилэн, мунхаг тэргүүтэн нисванисийн нүгэл бүхнийг мандал өргөхдөө арилгаж, ариусгаж байна гэж бодож мандлаа өргөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *