МУГЖ Ш.Алтанцэцэг: Хувь хүн эрүүл байна гэдэг амьдралынхаа өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа МУГЖ Ш.Алтанцэцэгийг урьж ярилцлаа.

-Уран бүтээлч хүнээс хамгийн түрүүнд шинэ уран бүтээлийнх нь талаар асуудаг байх. Гэхдээ би таниас Бурхан багшийн сургаал бүхий СД-ний тань талаар юун түрүүнд асуумаар санагдлаа. Магадгүй таныг ийм ажил хийснийг мэдэхгүй хүмүүс байгаа байх?
-Хүмүүс намайг нэг хэсэг тайзаа орхисон гэж ойлгодог байсан. Тэгэхэд би хөдөө сумдуудаар тоглолт хийж явсан юм. Би хамгийн жижигхэн суманд ч голохгүй тоглодог байсан. Яагаад гэвэл уран бүтээлчид аймгийн төвүүдээр тоглоод явчихдаг, сум нь үлдчихээд байдаг байсан. Тиймээс би Монгол орны 300-аад сумаар хоёр удаа аялан тоглолт хийсэн. Очсон сум бүрт хүүхдүүдэд зориулсан нэг хөтөлбөр, орой нь насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн хошин тоглолт үзүүлдэг байсан. Хошин шоу тоглолтын давуу тал нь үзүүлбэрээрээ дамжуулан үзэл бодлоо илэрхийлж болдогт оршино. Тиймээс би тоглолтоороо дамжуулж хүүхдүүдэд аав ээж, эх орон, газар шороогоо хайрлах сэтгэлтэй болгох, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн уран бүтээл толилуулсан юм. Нэг нийгмийн тогтолцооноос нөгөө рүү шилжих үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болсон. Нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх ямар бүтээл хийх вэ гэж нэлээн бодсон. Тэгээд би хүмүүс машиндаа дуу сонсч явдаг шигээ Бурхан багшийн сургаалийг сонсч явбал ямар их тус нэмэр болох болоо гэж бодсон. Бурхан багшийн сургаал гайхалтай шүү дээ. Хүний амьдралыг зөв голдрилд нь оруулаад сайхан амьдрахад нь тус дөхөм болдог учраас Бурхан багшийн сургаалийг уншиж, сонсдог хэлбэрт оруулж, олон хүнд хүргэхийг зорьсон.
-Ямар нэртэй СД вэ? Хаанаас олж сонсох боломжтой вэ?
-Одоогоор дөрвөн СД гаргаад байна. Эхнийх нь Бурхан багшийн сургаал, хоёр дахь нь Агнистын гэгээ цувралын 7-р ном. “Гэгээрэлд хүрэх зам” ТББ-аас миний эхний СД-ийг сонсоод Агнистын гэгээ цувралын 7-р номыг сонсдог болгох хүсэлтийг надад тавьсан. “Гэгээрэлд хүрэх зам” ТББ-ынханд би маш их баярлаж явдаг. Тэр номыг уншиж байх явцдаа би өөрөө их жаргалтай байсан. Ганцхан би ч биш энэ СД-ний ажилд оролцсон бүх уран бүтээлчид ямар гоё юм бэ, дахиад ийм СД гаргаасай гэж хэлж байсан. Тэрний дараагаар Бодь мөрийн зэрэг зохиолыг сонсдог болгож, хоёр СД гаргасан. Хүний оюун санаанд эерэгээр нөлөөлөх нь өндөр хариуцлагатай бөгөөд буянтай ажил юм.
-Дараагийн СД-гээ хэзээ гаргах вэ?
-Цаашид СД болгох төлөвлөгөөтэй байгаа гурван эх бэлтгээд явж байна. Эхнийх нь харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж Зопа Ринбүүчийн “Зовлонг амгаланд урвуулахуй” номыг сонсдог хэлбэрт оруулах ажил юм. Энэ ажлыг Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс санаачилсныг би гүйцэлдүүлэхээр ажиллаж байна. Дараагийн СД-ний хувьд хүн өөрийн амьдралд тохиолдож буй элдэв асуудлыг хэрхэн эерэгээр хүлээн авч, өөрийнхөө амьдралыг аз жаргалтай байлгах талаарх Бурханы сургааль. Түүнчлэн Монгол Улсад гэр бүл салалт их байгаа нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг. Тиймээс эцэг эх хүн амьдралдаа ямар үүрэгтэй байдаг, тэрийгээ хэрхэн ухамсарлаж, цаашид хамтран амьдрах ур ухаан, тэсвэр тэвчээр, аз жаргалын үндсийн талаар айлдсан сургааль номлолуудыг түүвэрлэн СД гаргахад бэлэн болсон байна.
-Та юунаас урам зориг авдаг вэ? Урлагийн хүний амьдралыг их гоё сайхнаар төсөөлдөг шүү дээ. Гэтэл маш их оюуны болоод биеийн ачаалалтай амьдардаг шиг санагддаг?
-Амьдралын бүх сайхан зүйлээс урам зориг авдаг. Нар мандахыг харах сайхан. Аялах, байгальд амрах сайхан. Эртний яруу найраг унших сайхан. Дотны хүмүүсийнхээ амжилт гаргаж байгааг харах сайхан. Мэдээж ачаалал ихтэй ажиллах үе маш их. Тиймээс тэр их ажлын ачааллын дараа алжаалаа тайлах чухал. Саяхан уламжлалтын Манба Дацан эмнэлэгт анх удаа хэвтэн эмчлүүллээ. Та бүхний зарим нь мэдэх байхдаа, Манба Дацан хийд, эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэр гээд Монголын уламжлалт анагаах ухааны цогцолбор гэж хэлж болохуйц газар. Үнэхээр өвөрмөц, амгалан тайван орчинд ороод сэтгэл аяндаа амгалан болсон. Эмнэлгийн өрөөнийхөө цонхоор харахад өглөө хичээлдээ ирж байгаа оюутнууд, орой тараад явахдаа суваргандаа мөргөөд явж байгаа нь, хийдээс улаан орхимжоо намируулсан лам нар гарч явахыг, цав цагаан халаадтай эмч, оюутнууд сургууль, эмнэлэг хоёрын хооронд гүйлдэж байгааг харах үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлсэн.
-Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ? Өөрөө уламжлалт эмчилгээ хийлгэж үзсэн хүний хувьд онцлог, давуу талыг нь мэдэрсэн болов уу?
-Ер нь Монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин соёл ахуйнхаа хүрээнд уламжлалт анагаах ухааныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн гэж боддог. Миний хувьд энэ тал дээр гүнзгий ойлголттой гэж хэлэхгүй ч Манба Дацан эмнэлэгт хэвтсэнээр илүү ихийг олж мэдсэн. Толгой өвдлөө гээд хүмүүс эм аваад уучихдаг, гэтэл толгойны өвдөлтийг үүсгэдэг олон шалтгаан байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уламжлалт анагаах ухаан өвчний шалтгааныг эмчилдэгээрээ үнэхээр онцлог, гайхалтай анагаах ухаан юм билээ. Тус эмнэлэг дээр ясны шөл, рашаанд орох, хийн цэгүүд дээр шар тосон бигнүүр тавих, гүзээнд битүү чанасан толгойны уураар утаж, шөлийг нь ууж хөлөргөдөг эмчилгээнүүд нь үнэхээр сайхан санагдсан.
-Бид уламжлалт анагаах ухааны мэдлэгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байх. Таны бодлоор яаж хүмүүст хүргэх вэ?
-Ээжүүд уламжлалт анагаах ухааны мэдлэгтэй, эрүүл явах үндсэн ойлголттой болчихвол үр хүүхэддээ зааж сургаад, цааш уламжлуулаад явна гэж боддог. Монгол хүний бие, сэтгэл эрүүл байвал бодол санаа нь нь зөв байна гэсэн үг. Манба Дацан эмнэлгийн захирал, Хамба лам Д.Нацагдорж үүний төлөө зүтгээд байгаа хүн гэж би ойлгодог. Монгол хүнийг эрүүлжүүлж, монгол генийг эрүүл болгохын төлөө маш том үйл хийж байгаа хүн гэж биширсэн. Биширнэ гэдэг үг ч багадмаар санагдсан. Дээр үеийн хүмүүс мундаг мэдлэгтэй байжээ. Өөрөө өөрийхөө эрүүл мэндийг хариуцаад, тэр хариуцлагаа үр хүүхэддээ өвлүүлээд, үр хүүхдээ эрүүл сайхан өсгөж бойжуулж явжээ. Эрүүл байж, зөв амьдарна гэдэг нь хувь хүн өөрөө амьдралынхаа өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага юм. Гэтэл одоо бид мэдээллийн эрин зуунд асар их мэдээллийн дунд будилаад эрүүл амьдрах талаарх хамгийн чухал, зөв мэдээллийг авч чадахгүй байна. Зөгийн бал хэрэглэвэл таргална гээд хэрэглэдэггүй байсан чинь харин ч таргалалтын эсрэг хэрэглэдэг юм байна. Зөгийн бал бадганыг буюу таргалалтыг бууруулдаг, бурам хийг дардаг, чихэр дундаа мөсөн чихэр сайн юм байна. Манба Дацан эмнэлэгт хэвтээд энэ бүхнийг мэдсэн нь олзуурхууштай. Хүн бүхэн мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаардаг болчихвол нийгмийн стресс бухимдал ч багасах болно.
-Таны цаашдын уран бүтээлийн талаар асууя?
-Олон сайхан уран бүтээл хийхээр төлөвлөж байна. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор хэд хэдэн чиглэлээр уран бүтээл туурвихаар ажилдаа шамдаж байна. Эхний ээлжинд шинэхэн СД-нүүдээрээ та бүхэнтэйгээ тун удахгүй уулзана аа.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №07/49/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *