Сэтгэлийг аврагч нь тарни юм

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…

Тарни хэмээх үг нь мандра гэсэн санскрит үгнээс гаралтай. “Ман” хэмээх нь сэтгэл, “дра” хэмээх нь аврах гэсэн утгатай. Тиймээс тарни нь сэтгэлийг аврах, тэтгэх утгыг агуулна. Очирт хөлгөнийг бүтээх арга нь дотоод сэтгэлийг бүтээгч өөрийнхөө сэтгэлийн эгэл дорой үзэгдлүүдээс аврагдаж, Ядам тэргүүтэн бурхадыг дурьдаж сануулдаг. Бурхадын тарни бол дуун авианы нууц цогц код юм. Тарни нь үсгийн тогтоол гэсэн утгатай. Муу заяаны зовлонгоос сэтгэлийг авран тэтгэгч тул тарни хэмээсэн. Сэтгэл эглийн үзэгдэлд шунасныг аврах тул сэтгэлийг аврагч нь тарни юм. Арга билгийг хослон барилдуулж үйлдэх ямагт нь тарни юм. Тарни нь соёрхол талбих үг буюу айлтгал өргөх үгийн утгыг хадгалсан байдаг. Тоолж уншиж байгаа тарни нь хоосон чанар мөн. Тарнид хоосон чанарын мөн чанар агуулагдсан байдаг.
Сэтгэлийн атгаг мөн чанараас аврагчийг тарни гэнэ. Очир хөлгөний бүтээх аргыг дотроо бүтээгч бээр өөрийн сэтгэлд үзэгдэн буй эгэл үзэгдлээс авран, Ядам нөхөр сэлтийг дуудан ирүүлэгч нь тарни юм. Тарнийн хөлгөн нь бурханы газар үтэр хүргэн үйлдэгч бөгөөд хурц ухаант шавьд шалтгаан үр аяндаа бүтээхэд дуршсан үрийн мөрийг үзүүлэх арга юм. Тарнийн аймаг нь дотроо нууц тарни, ухааны тарни, тогтоол тарни хэмээн гурав ангилагдана. Аргын мөн чанартай тарниуд нь ухааны тарнид багтана. Бурхадын үйлс хийгээд тааллын очир билгийн хувь зонхилж бүтээсэн тарни бөгөөд эмэгтэйн дүрс хэлбэртэй бурхад түүний үзүүлэх дуу мутрын чагжа тэргүүтэн болой. Ухааны тарнид суралцагч нь тарнийн зам мөрийг үргэлжид хадгалагч байх ёстой. Бурханаа тарнийн үсгийн байдалд ургуулан бясалгах нь тогтоол тарни үйлдэж байгаа юм.
Арга, билэг ялгаагүй билиг билгүүний мөн чанарт тарни нь нууц тарнийн аймагт багтана. Арга, хоосон чанар хийгээд билиг нь их нинж энэрэл хослон барилдуулахын үүднээс сэтгэлийн тэмдэгтэд оносноос аварч үйлдэхийн их амгалангийн билгүүнийг нууц тарни хэмээсэн. Нууцлан хааж бүтээх хэрэгтэй бөгөөд сав нь болж чадахгүй нөхдийн явдлын орон бус тул нууц буюу нууц тарни хэмээсэн. Нууц тарнид орохдоо эхэнд сав нь болж, дунд бясалгал бүтээл хийж, сүүлд нь шид бүтээл олдог байна. Сэрэх үе, зүүдний үе, бат бөх унтах үе, амарлингуй үе эдгээр дөрвөн цаг үеийг Тарнийн дөрвөн цаг үе гэнэ.
Бурхан болоход тарнийн олон мөрийг дамжина. Үүнийг биеийн аглаг, үгийн аглаг, сэтгэлийн аглаг, илбийн бие, гэрэл цацрах, хослон орох хэмээн олон хэсэгт авч үзнэ.
Тарнийг тоолох олон арга байдаг. Дуу гарган давтан тоолохыг хэлний тоолол, сэтгэлийн тоолол нь дуу гаргалгүй дуугарч байгаа мэт төсөөлөн тоолохыг хэлнэ. Тангаргийн тоолол буюу хураан цацруулах тоолол нь тааллын хөрөнгөнөөс хий гарах үед тааллаас бурхад цацран гарч, амьтны тусыг үйлдээд, хийн таалалд буцан заларч хөрөнгөнд хураан бясалгах, хийг анх цацран гарахад тарнийг уншин, хийг буцаан таалалд шингэхэд тарнийг тоолж дуусгах арга юм. Хэлбэлзэх тоолол нь бүх юмс ижил тэгш хэмээн санаад, тарнийн хүрдэн эрхийг өөрийн оройгоос Юмийн лянхуад хүргэж бясалгаад гол судаснаас гарган өөрийн нүүрэнд шингэж эргэлдэн байна хэмээн бясалгах тоолол юм.
Тарнийн гарын авлагыг ёсчлон бүтээдэг хуврагуудын чуулганыг бүрдүүлсэн орон хийдийг дамжлага жүдийн дацан хийд хэмээдэг. Нууц тарнийн номын ёсыг судалж, тарнийн ухааны дамжаа барьж, тарнийн ухаанд мэргэжиж, зэрэг хамгаалсан, тарнийн тангараг талбисан буяны саданг “Аграмба” хэмээнэ.
Очирваань бурханы дамжлага жүд, их хөлгөний, тарнийн, шашны дөрвөн дандарын, Ядам бурхадын эрх, жүд дамжлага тангаргийг авч, номын ёс гарын авлагын дагуу, бясалгал бүтээл хийж, тарнийг ихээр уншиж, бясалгаж бүтээсэн бүтээлчдийг “Их тарничин”, “Тарнийг хадгалагч”, “Дарж үйлдэгч”, “Шашны эзэн”, “Хүч ихт”, “Очрыг баригч”, “Чадалтан”, “Сахигч хүрд” гэх мэт олон нэрээр нэрлэдэг.
Тарничин хэмээх нь Нууц тарнийн ёсыг анхааран авч баримтлагчийг хэлнэ. Буяны саданг өнөд удаан шүтсэн нь тарничин мөн. Шүн онолын ёсыг увдист ургуулсан, тийн шинжлэл лугаа төгөлдөр сонсохын хэргийг анхааран авсан нь тарнич мөн. Суурь нь янагуух, чанагуух үнэн, зам нь арга билиг, үр нь бурханы эрдмийг олсон буюу ашдад буулгасан үзэлтэй, бясалгалыг анхааран авсан замтай, үр нь бодийг олоход мунхарч будилахгүйн үүднээс нууц тарнийг анхааран авсан бодгалыг тарничин хэмээнэ.
“Агримчэнбо судар”-аас:“Буяны садныг өнөд удаан шүтэж, алагчлалгүй номын гол ёсыг увдисанд ургуулж, эшийн номын утга язгуурыг машид нарийнаар ялгаж чадах бөгөөд сонсохын хэргийг бүтээхийг сэтгэлдээ үүсгэж шим болгон үйлдэх, боловсруулж үйлдэх эрхтэн лугаа хүргэж үйлдэх зам, бүтээхийн үр бүхэнд мунхрахгүйгээр Очирт хөлгөний мөрөөр явагч мэргэдийг нууц тарничин” хэмээсэн. Вүдон ринбүчи айлдахдаа: “Нэр алдар нь төгөлдөр дээдэд соёрхлыг олсон, бие нь бурханы лагшинт, хэл яриа нь тарнитай, сэтгэлээрээ их мутрын чагжааг бясалгасан, эдгээр дөрөв бүрдсэн бол тарничин хэмээнэ” гэжээ. Тарнийн хүчээр энгийн нэг хур бороог буулгах, хур бороог зогсоох, өвчин эдгээх, газар товчлох, биеэ үл үзэгдэх болгох тэргүүтэн тарнийн олон шидийг үзүүлэхээс, ариун бурханы хутгийг олох тэргүүтэн санаанд багташгүй их эрдмийг төгс олдог болой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *