Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг. Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн. Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод аривдаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог.
Харин зуны улиралд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Зун долоо хоногтоо 1-2 удаа хонины мах, эсвэл борц идвэл тохиромжтой. Борц нь хөнгөн, бүлээн чанартай тул ходоодонд ачаалал өгөхгүй хялбар шингэнэ.
Хүний ходоод гарын алгыг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байх бөгөөд үүний дөрөвний гуравд нь хоол ундыг тохируулан хэрэглэж, дөрөвний нэгийг хоосон үлдээх ёстой. Ингэж байж хоол боловсруулах систем зөв ажиллах бөгөөд зуны улиралд байнга махан хоол идсэнээр ходоодны шингээх чадвар муудаж, ходоодны бадганы өвчин үүсэх, таргалах, хавагнах нөхцөл бүрдэнэ.
Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн. Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй.
Зуны улиралд махны хэрэглээг багасгаж, цагаан идээг аль болох түлхүү хэрэглэвэл сайн. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гүүний саамыг өдөрт нэг аягыг ууж хэрэглэвэл сайн. Гүүний саам нь уушгийг шимжүүлж өгдөг тул зуны улиралд гүүний шинэ саам хэрэглэвэл өвлийн ханиад томуунаас сэргийлэх боломжтой. Гэхдээ тухайн хүний биеийн байдал, ходоодны галын илчээс шалтгаалан ямар хэмжээгээр уухыг тохируулах тул эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайлбал, хаван ихтэй, бөөрний дутагдалтай, амьсгалын замын хурц дутагдалтай хүмүүс гүүний саам ууж болохгүй. Мөн ходоодны галын илч муутай хүн гүүний саамыг ихээр ууж болохгүй. Үхрийн сүү мөн уушгины өвчинд сайн. Хонины сүү хийг дарах тустай боловч байнга уух нь зүрхэнд муугаар нөлөөлдөг. Тиймээс аливаа зүйлийн хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй бөгөөд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаа