Г.Одонцэцэг: Байнгын хийн хямралтай явбал альцгеймерийн өвчинд өртөх эрсдэлтэй

Альцгеймер буюу зөнөгрөл, тэнэгрэлийн өвчний талаар Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед дэлхий дахинд зүрхний өвчин, хорт хавдрын дараагаар альцгеймер буюу тэнэгрэлийн өвчин ихсэх болсон. Монголд альцгеймерийн өвчлөл хэр байгаа бол?

-Альцгеймер буюу зөнөгрөл, тэнэгрэлийн өвчин дэлхий нийтэд маш их газар авч, эмчилгээний асуудал ч хүндрэлтэй байна. Монголд дээр үед тэнэгрэглийн өвчин ховор байсан. Харин сүүлийн үед нэлээд ажиглагддаг болоод байна. 60 нас, зарим үед 40 гаран насны хүмүүст энэ өвчний шинж тэмдэг ажиглагдаж эхэлж, ойрын ирээдүйд бэрхшээлтэй асуудал үүсгэх магадлалтай байна. Тиймээс нийт ард иргэд, эрүүл мэндийн байгууллагууд тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах цаг болсон.

-Монгол хүний дундаж наслалт богино байдаг учраас дөнгөж 40 гарангуутаа өөрсдийгөө хөгширчлөө гэж үзэх хүн олон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь сэтгэлзүйтэй холбоотой юу?

-1937 оноос өмнө монголчуудын наслалтыг яг нарийн гаргасан судалгаа байхгүй. Тиймээс энэ талаар бид маш нарийн судалгааг хийх ёстой. Монголчууд хөгшрөлт, зөнөгрөлийн өвчинд бага өртөж байсан нь уламжлалт анагаах ухаан, буддын үзэл онолтой холбоотой гэж би боддог. Уламжлалт анагаах ухаанд насжилтын талаар өргөн хүрээнд салбар чиглэл болгон судлаж үздэг. Бидний энэ бие төрсөний эцэст үхэх нь үнэн. Уламжлалт анагаах ухаанд хүний насны өгөгдлийг 100 нас гэж авч үздэг. Хүний биед 72000 судас бүрэлддэг бөгөөд эхийн хэвлийд тогтохоос эхлэн, төрсний дараа гурван сар хүртэл бүрэлдэж гүйцдэг. Тэгээд гурван сар нэг хоногтойгоос эхлээд 72000 судасны үйл ажиллагаа доройтож, хураагдаад нас гүйцэхээр үхдэг жамтай. Хэрвээ хөгширсөнөө ярих юм бол бид 3 сартайгаас эхлээд л хөгширч, үхэл рүүгээ дөхөж байна гэсэн үг. Мөн насны хэмжээг амьсгалын тоо, хэмнэл, судасны лугшилтын тоотой уялдуулан нарийн тооцоолох арга байдаг. 100 насыг наслахдаа бие, сэтгэлээрээ эрүүл туулах ёстой. Дөнгөж 40 нас хүрчихээд өөрсдийгөө хөгширлөө гэж үзэх нь туйлшрал. Гэхдээ аль ч насандаа хүний төрөл маш чухал төрөл гэдгийг ухамсарлаж, хэзээ амьсгал хураах хүртлээ бие, сэтгэлээ арчлан, өөртөө болон бусдад тустай их үйлийг бүтээх ёстой. Оюун санааны гэгээлэг зөв үзэл бодлоор аль ч насандаа энэ биед дулдуйдаж сайн үйлийг хийх боломжтой гэдгийг ойлгож, сэтгэл оюунаа хөгжүүлээд явбал энэхүү тэнэгрэлийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

-Тэнэгрэлийн өвчний гол шалтгаан нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухааны онолоор авч үзвэл тэнэгрэлийн өвчний гол шалтгаан нь хий махбодын бэлгэ чанарт эмгэг өөрчлөлт орсонтой холбоотой юм. Уламжлалт анагаах ухаанд: “Нялх, хүүхэд насанд бадганы, идэр залуу насанд шарын, хөгшин насанд хийн бэлгэ чанар давамгайлна” гэж үздэг.  Хүн хөгшрөх тусам долоон тамир, бодисын солилцооны үйл ажиллагаа доройтож, хийн бэлгэ чанар давамгайлж ирдэг. Хүний бие эхийн хэвлийд тогтож, бүрэлдэх цагаас эхлэн үндэс тав, гишүү тав нийт 10 хий үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд эдгээр нь 100 наслахад арав арван жилээр аажмаар үйл ажиллагаа нь доройтоно гэж үздэг. 70 насанд амь баригч хий, дээш гүйгч хий, түгээгч хий, гал тэгшитгэгч хий, уруу арилгагч хий, нүдний хий, чихний хий гэсэн долоон хийний үйл ажиллагаа доройтоно гэсэн үг. Тиймээс 70 наснаас эхлээд бие махбодын хөгшрөлийн үйл явц жинхэнэ утгаараа явагдаж эхлэнэ. Хийн 20 бэлгэ чанарын 70 хувь нь хямарч эхлэнэ гэсэн үг. Ийнхүү байгалийн жам ёсоор хүний биед хийн асар том өөрчлөлт явагдах боловч бид хийн эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Наад зах нь бага, залуу наснаасаа эхлээд бие махбодоо өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд бүрэн эмчилдэг байх хэрэгтэй. Өөрийн биедээ арчилгаагүй, олон эд эрхтэний эмгэг өвчнийг олон жил биедээ тээж явсны улмаас бие махбод нь наснаасаа эрт хөгшрөх явдал байна. Энэхүү хийн эмгэгээс шалтгаалсан эмгэгүүдийн нэг нь тэнэгрэлийн өвчин юм.

-Хүний бие махбодын хий хямрах нь тэнэгрэл өвчний шалтгаан болдог юм байна. Тэгвэл сэтгэл тухайлбал стресс үүнд нөлөөтэй юу.

-Нөлөөтэй. Нэгдүгээрт дээр дурьдсан шалтгаанаар үүссэн бие махбодын хийн хямрал нь сэтгэлд нөлөөлнө. Хоёрдугаарт төмрийг зэв аажмаар идэх мэт хүн өөрөө олон жилийн туршид сэтгэл санаагаа буруу, муу үзэл бодлоор байнга шархлуулж, гундааж хиртүүлсний улмаас хийн бэлгэ чанарыг хямраахад нөлөөлдөг. Хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг тэргүүтэй маш олон муу сэтгэлийг жолоогүй догшин морь мэт өөртөө дадуулж хэвшүүлж, суурьшуулсны улмаас энэхүү тэнэгрэлийн өвчнийг үүсгэхэд гол нөлөө үзүүлнэ. Жишээ нь, амьдрал дээр харахад зарим хүн 10 гаруй жилийн өмнө нөхрөөсөө салсан байдаг. Гэтэл нөхөртөө гомдсон гомдлоо 10 жилийн турш өдөр бүр нэхэж, санаж тээсээр сэтгэл санааны гүн гүнзгий хямралд орж, энэ нь сэтгэлийн гутрал, тогтворгүй эмгэг байдлыг үүсгээд зогсохгүй, зүрх, бөөр, ходоод, умай зэрэг эрхтэнийг өвчлүүлсэн байдаг. Энэ нь тэр хүний сэтгэл санааг бохирдуулаад зогсохгүй бие, сэтгэлийн хийн эмгэг өвчнийг үүсгэж байна гэсэн үг. Зарим хүн хань ижил, ойр дотны хүмүүсийн үхэл хагацалтай эвлэрэлгүй олон жилийн турш өдөр бүр уй гашууд автаж бас л бие, сэтгэлдээ хийн эмгэгийг архагшуулсан байдаг. Тиймээс сэтгэлд үүсч байгаа гомдол, цөхрөл, уй гашуу, атаа жөтөө, өс хонзон зэрэг буруу муу сэтгэлүүдийг дор дор нь өөдрөг, сайн, учир шалтгааныг тайлсан зөв ухаанаар арилгаж, сэтгэлээ ариусгаж байх хэрэгтэй.

-Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг уламжлалт анагаах ухаанд нарийн заасан байдаг гэсэн. Хэрхэн сэргийлж байсан бэ?

-Альцгеймерийн өвчний гол шалтгаан бол хий гэж хэллээ. Урьд эмч маарамба нар уламжлалт анагаах ухааны хийн талаарх ойлголт, хөгшрөлтөөс сэргийлэх онол, арга ухааныг хүн бүхэнд таниулж, амьдралын зан үйлд нь хэвшүүлсэн байдаг. Монголчууд сүүтэй цайндаа шар тос орхиж уух, хонины мах, сармистай хар шөл, битүү шөл хийж идэж, хуушуураар жигнэх зэргээр хийн бэлгэ чанарыг тэнцвэржүүлэх хоол ундыг хэрэглэж ирсэн. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх хоол ундыг яг уламжлалт анагаах ухааны онолын дагуу хэрэглэж байсан. Гэтэл одоо зарим хүмүүс “миний ходоод сүүтэй цай шингээж чаддаггүй юмаа” гээд сүүтэй цай уухаа больсон. Сүүтэй цайнд давс, хужрыг нь тохируулаад хэрэглэвэл ходоодны өвчнөөс сэргийлж чадна. Мөн тогтмол архи хэрэглэснээр оюун ухааны сэргэг тунгалаг байдлаа байнга давталттайгаар мансууруулж, энэ нь цус, шарын бэлгэ чанарыг хямрааж эд эрхтнийг өвчлүүлээд зогсохгүй, ой тогтоолтоо алдахад нөлөөтэй байна. Зарим хүмүүс хэт туйлширч хоолыг байнга сойж, үргэлж тослоггүй, нүнжиггүй хоол унд их хэрэглэж байна. Эдгээр олон шалтгаан, нөхцөлийн улмаас  хүний биед хий махбод аривдаж, хөгшрөлт хурдан явагдахад шууд нөлөөлнө. Үүний улмаас мартамхай болох, сэтгэл санаа тогтворгүй хөлбөрөнхий болдог.

-Урьдчилан сэргийлэх аргын талаар та тодорхой ярихгүй юу. Хөгшрөлт, зөнөгрөл өвчнөөс сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Хоол унд, явдал мөрөө тохируулж, бие махбодоо арчилж тордохийн  зэрэгцээ сэтгэл, оюун ухаанаа арчилж тордох хэрэгтэй. Үүнд тухайн хүнд тогтсон таалал буюу тогтсон үзэл бодол их нөлөөтэй байгаа нь ажиглагддаг. Дэндүү материаллаг үзэлтэй, ертөнцийн жам ёс, зүй тогтлыг төдийлөн ойшоож үздэггүй, ухаараагүй хүмүүс сэтгэлийн хямралд өртөх нь илүү байгаа нь ажиглагддаг. Зарим хүмүүс үхэл болон мөнх бусын жам ёс, сайн муу үйлийн үр гарцаагүй боловсордог тухай, орчлон ертөнцөд амьдарч байгаа бүх хүн төрөлхтөн төдийгүй нийт амьтдын зовлонгийн мөн чанар гэх мэт сэтгэл, оюун санаанд голлон нөлөөлдөг эдгээр зүйлүүдийн учир шалтгааныг таньж мэдээгүй нь элбэг байдаг. Жишээ нь хүн бүрт төрөхийн зовлон, өвдөхийн зовлон, өтлөж хөгшрөхийн зовлон, үхэхийн зовлон, ойр дотны хүнээсээ хагацах, өстөн болон муу хүмүүстэй учрах, хүсээгүй муу зүйлстэй учрах, зорьсон хүссэн зүйл нь биелэхгүй байх зэрэг нийтлэг зовлонгууд байдаг. Эдгээр олон зовлонгууд нас, хүйс, боловсрол, баян, ядуу ялгаагүй хүн бүрт их, бага ямар нэгэн хэмжээгээр тохиолддог.  Тиймээс энэ хорвоо ертөнцийн зүй тогтол, жам ёсыг бага, залуу наснаасаа үнэн бодитойгоор судлаж, таньж мэдсэн байх хэрэгтэй юм. Биеийн эрүүл мэндээ анхаараад зогсохгүй, сэтгэлийн эрүүл мэнд, сэтгэлийн боловсролыг зөв төлөвшүүлэх нь тэнэгрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөтэй.

-Альцгеймерийн өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Яг энэ эмгэгээр өвдсөн тохиолдолд тэнэгрэлийн бүх шинжүүд илэрнэ. Түүнээс гадна бие махбодод тархи, нугас, зүрх, ходоод, бөөр, давсаг зэрэг эрхтэнд эмгэг өвчин үүсч, шээс баасаа барьж чадахгүй болох зэрэг олон эмгэг шинж тэмдэг илэрнэ. Зарим хүмүүс: “Би ч орон гаран, барьсан тавьснаа мэдэхгүй болсон шүү дээ” гэдэг. Энэ бол хийн эмгэг сэтгэл, оюун санаанд үүсч байгаа шинж. Энэ бол инээдэм, тоглоом биш бөгөөд бодол, сэтгэлийг удирдаж, барьж чадахгүй байгаа нь ажиглагдаж байвал тэр дор нь л арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь сэтгэл санааг төв, төлөв төвшин байлгах, сэтгэлээ хатамжлан барих, учир шалтгааныг ухаж ойлгох арга ухаанд байнга нь суралцаж, дадуулж байх хэрэгтэй юм.  Нэгэн сударт сэтгэлийн төлөв төвшин байдлын тухай: “Өөрийн сэтгэлийг шороо, ус, гал, усан махбод мэтээр оршоолгүй, огторгуй махбод лугаа агуу, уужим байлга” хэмээсэн байдаг. Мөн нэг сударт сэтгэл нь огторгуй мэт төлөв төвшин байхад оюун ухаан нь хурц, тодоор бадамлан асна хэмээгээд, үүнийгээ “Салхи, үймцээнгүй газар бадамлан асах зул адил” хэмээн зүйрлэсэн байдаг. Тэгэхээр сэтгэл төвшин, уужуу талбиун бол оюун ухаан нь эрч хүчтэй, тунгалаг тодорхой байх нөхцлийг бүрдүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *