Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй сэтгэлийн хямрал, өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
Сэтгэл гэж юу вэ. Сэтгэл нь өвчлөлтэй хэрхэн холбогддог талаар яриагаа эхлэе?
Уламжлалт анагаах ухаанд хүний сэтгэлийн талаарх ойлголтыг өргөн хүрээнд авч үздэг. Хүний бие анх эцэг, эхийн цагаан, улаан дусал болон түүний дээр өөрийнх нь сэтгэл буюу эхлэлгүй цаг хугацаанаас олон төрөл дамжиж ирсэн “тийн мэдэл” гурав нэгэн агшинд эхийн умайд цугларч барилдсанаар үр тогтох буюу хүний төрлийг олдог. Ийнхүү “тийн мэдэл” нь эцэг, эхийн цагаан, улаан дусалтай нэгдсэнээр сэтгэл, оюун биеждэг. Тиймээс хүний бие бол сэтгэлийн орон юм. “Хүн гэдэг сэтгэлийн амьтан” гэж Монголчууд ярьдаг. Тэр тусмаа таван мэдрэхүй төгөлдөр, ум, жам, рома судсаар тэжээгдэн тэтгэгддэг, өвөрмөц бүтэц бүхий хүний бие нь оюун ухааныг өндөр түвшинд хөгжүүлэн гэгээрч, сэтгэлийн түйтгэрийг арилган амар амгаланд хүрэх боломж бүхий хамгийн нарийн бүтэцтэй байдаг. Тийм ч учраас “Зургаан зүйл хамаг амьтны эрхэм нь хүний төрөл”, хүний төрөл авах нь: “Зүүний үзүүр дээр тогтох будаа адил” гэх мэтээр зүйрлэсэн байдаг. Хүний биед орших сэтгэл нь секунд, долийн төдий зогсолтгүй ажиллаж байдаг бөгөөд зөв буруу, сайн мууг танин мэдэх оюун ухаан, баярлах, уурлах, өсөрхөх, хайрлах зэрэг сэтгэлийн олон төлөв байдалд хувиран оршиж байдаг. Унтаж байх үед ч сэтгэл далд байдлаар ажиллаж л байдаг. Энэхүү усны урсгал мэт тасралтгүй ажиллах сэтгэлийн төлөв байдал нь цусны судас, тархи нугаснаас салбарлах мэдрэлийн судас, хийн судас гэсэн гурван судсаар дамжиж хүний биеийн эд, эрхтэний хувь хэсэг бүрт сайн, муу мэдээллээ дамжуулан эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд өвчний уг шалтгаан сэтгэлээс үүдэлтэй хэмээн үздэг нь үүнтэй холбоотой юм.
Өвчний гол шалтгаан бол буруу сэтгэл гэсэн. Энэ талаар тодруулбал?
Өвчин гэдэг бол зовлон. Зовлонг үүсгэгч нь би үгүйн утгыг эс оносон “мунхаг сэтгэл” бөгөөд түүнээс улбаалсан 84 мянган муу сэтгэл байдаг гэж үздэг бөгөөд эдгээрийг хураангуйлаад гурван муу сэтгэлд авч үздэг. Үүнд аливаа сэтгэлд таатай зүйлд атгагласан хүсэл тачаалын сэтгэл, аливаа сэтгэлд таагүй зүйлдээ атгагласан уурын сэтгэл. Энэ хоёр сэтгэл нь сайн-муу, сайхан-муухай гэсэн хоёр эсрэг мөртлөө, хэтийдсэн муу сэтгэл юм. Гурав дахь нь аливаа зүйлийн сайн, муу, сайхан муухай танихгүй байгаа тэнэг сэтгэл. Энэ бол оюун ухааны чадамж үнэхээр дорой байна гэсэн үг. Энэ гурван муу сэтгэл нь хүний бие махбодод хэвийн үйл ажиллагаа явуулж буй хий, шар, бадганы бэлгэ чанарын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Тухайлбал, аливаад шунаж, тачаагаад байвал түүний улмаас гуниглаж, гомдож, санаашрах зэрэг олон янзын муу сэтгэлүүд төрж, түүний улмаас хийн зургаан бэлгэ чанар ихэснэ. Хийн бэлгэ чанарууд ихэссэнээр хий голлон гүйдэг яс үес, зүрх өвдөнө, чих шуугина, толгой эргэнэ гэх зэргээр хийн өвчнүүдийг үүсгэнэ. Уурын сэтгэлээс омог, атаа зэрэг олон муу сэтгэлүүд тэр даруйдаа зэрэгцэж төрнө. Ингэснээр шарын бэлгэ чанар ихсэж, шарын бэлгэ чанар голлон гүйдэг элэг, цөс, нүд, гэдэс дотор хямрана, цусны гүйдэл болон бүтцэд эмгэг өөрчлөлт орно. Харин бие, сэтгэлээр аливаа нөхцөл байдлын таатай таагүйг мэдэхгүй, оюун ухаанаар ухаарахгүй тэнэг сэтгэл нь гутрал, дорой үзэл, үл мэдэх мунхуурлын сэтгэлийг төрүүлж хүний бие дэх бадганы бэлгэ чанарыг ихэсгэж нус цэр, сальс, өөх нь арвидан, тархи толгой, ходоод, дэлүүний өвчин зэргийг үүсгэнэ. Ийнхүү буруу, муу сэтгэл нь өвчин эмгэгийг үүсгэдэг бол харин зөв, сайн сэтгэл нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, эмчлэн эдгээхэд чухал нөлөөтэй юм.
-Буруу сэтгэлийг хэрхэн засах вэ?
-Өвчнөөс урьдчилан сэргийлж, буруу сэтгэлийг засах чухал хүчин зүйл бол юун түрүүнд бүх үзэгдэл юмсын мөн чанарын учир шалтгаан, шүтэн барилдлага, уялдаа холбоог нь танин мэдэх мэдлэг, оюун ухааны хөгжил юм. Монголчууд олон зуун жилийн турш Буддизмаар дамжуулан оюун ухааныг маш өндөр хэмжээнд амьдралынхаа туршид хөгжүүлж ирсэн байдаг. Тухайлбал тарни урин уншиж, бясалган тарнийн тоо авч тарни тоолох, уншлага номоо тогтмол унших, ном хэлэлцэх, ном сонсож бясалгах, үр хүүхэд, ач, зээ нартаа үлгэр, домог ярьж өгөх зэрэг уламжлалтай байв. Миний мэдэх зарим 80, 90 настай, бараг 100 хүрсэн багш нар маань ой тогтоолт сайтай, аливаа санаж явууштай зүйлийг зүйр цэцэн үгээр товч, тодорхой ойлгуулдаг, өдөр бүр эргэл мөргөл хийнгээ алхаж, сунаж мөргөдөг, бие махбод нь эрүүл чийрэг байдаг байсан. Зарим нь ч одоо номоо болгоогоод, хичээл заагаад сайхан явж байна. Үүнтэй уялдаад Монгол Улсад хөгшрөлийн тэнэгрэл, зөнөгрөлийн өвчлөл ер нь байгаагүй. Орчин үед олон улсад эдгээх боломжгүй, бэрхшээлтэй эмгэг өвчний нэг нь хөгшрөлийн тэнэгрэл өвчин болоод байна. Үүнээс урьдчилан сэргийлэх чухал арга бол оюун ухааныг насан туршид нь зөв мэдлэгээр тэтгэж, хөгжүүлж байх нь чухал нөлөөтэй гэдэг нь гарцаагүй. “Би 50, 60,70 нас хүрлээ, одоо надад эрдэм мэдлэг хэрэггүй” гэж бодож болохгүй байх нь. Нөгөө талаар сэтгэлийн хөгжлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Сэтгэлийн хөгжил гэдэг нь өөрийн сэтгэлийг хянаж, муу сэтгэлийг арилгаж, төрүүлэхгүй байхыг хэвшүүлж, дадуулах юм. Аливаа юмс, үзэгдлийн мөн чанарыг шинжиж таних оюун ухааны өндөр мэдлэг, чадвартай байхын зэрэгцээ аливааг энэрч, хайрлах, уучлах сэтгэлийг өөртөө дадуулж, байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Ингэснээр хүн аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна сэтгэл нь уужирч, амар амгалантай, оюун ухааны өндөр мэдлэг, чадвартай болоод зогсохгүй, урт наслаж, эрүүл байх боломжтой. Хүн эрүүл, зөв, эрч хүчтэй амьдарч, урт наслаж, аливаа сайн үйлийг бүтээхэд сэтгэлийн хөгжил, оюун ухааны хөгжил хоёрыг насан туршдаа байнга өдөөж, хөгжүүлж байх нь чухал юм.
-Бие давхар, нярайлсан эхчүүдийн сэтгэл санаа тогтворгүй, амархан уурладаг, гомддог болчихдог. Энэ нь ямар учиртай вэ?
-Жирэмсэн үед болон төрсөний дараа нялх биетэй үед хийн бэлгэ чанар их хямардаг. Сэтгэлзүйд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол хийн бэлгэ чанарын хямрал юм. Жирэмсэн, нярайлсны дараах үед сэтгэлээ барьж, тогтоож, хямрахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Угаасаа ингэж хямрах ёстой гээд тоохгүй өнгөрч болохгүй. Биеийн талаас хийг тэгшитгэх хоол унд, явдал мөрийн дэглэм сахиж, сэтгэлийн талаас оюун мэдлэг, сэтгэлийн хатаараа хийгээр хөлбөрөөд байгаа сэтгэлээ тогтоон барих хэрэгтэй. Сэтгэлээ шинжиж, зөв бурууг сайтар ялгасны үндсэн дээр, сэтгэлээ сайн, сайхан өөдрөг бодол руу чиглүүлж, түүндээ төвлөрч өөрт болон бусдад тустай үйлийг бие, хэл, сэтгэлээрээ үйлдэхэд дадуулах хэрэгтэй. Ер нь өөрийн сэтгэлээ байнга шинжиж байх нь их чухал. Монголчууд “Хүний толгой дээрх өвсийг харснаас өөрийн толгой дээрх бухлыг хар” гэдэг шүү дээ. Тиймээс сэтгэлийг тань хямраагаад байгаа зүйл гадны нөхцлөөс болоод байна уу, би өөрөө гадна орчныг ингэж хүлээж аваад байна уу гэдгээ ажиглах хэрэгтэй. Сэтгэлээ шинжиж, тогтоон барих, сэтгэлээ тайтгаруулан номхруулах олон арга бий. Жишээ нь, зөв үзэл бодолтой, сэтгэлийг өөдрөг болгох утга агуулга бүхий ном уншиж болно. Ингэснээр олон зүйлд хямраад, хөлбөрөөд байгаа сэтгэл чинь тэрхүү зөв зүйтэй агуулга бүхий номын утганд баригдаж тогтдог. Мөн зөв сэтгэл, зөв мэдлэг, амьдралын зөв хэвшилтэй, бүтээлч хүнээс зөвлөгөө авч болно гэх мэт өөртөө боломжтой, зохистой аргыг хэрэглээрэй.
Сэтгэлзүйн хямрал, өөрчлөлтөө тоохгүй яваад байх нь маш их эрсдэлд хүргэж болох нь ээ. Сав хөөрөөд галзуурсан хүмүүс байдаг шүү дээ?
-Төрсөний дараа хийн хямралууд, ялангуяа уруу арилгагч хий буруудаад дээш хөөрдөг. Монголчууд үүнээс урьдчилан сэргийлж төрөхийн дараах гам барих арга аргачлалыг ард түмний амьдралын зан үйлд хэвшүүлсан байдаг. Тиймээс төрсний дараа заавал гам барих ёстой. Хүйтэн мах барьж болохгүй, хүйтэн усанд гар дүрж болохгүй. Дааралгүй дулаан байж, салхинд цохиулахгүй, чихээ бөглөж, зулайгаар салхи авахуулалгүй гам барих нь зүйтэй. Учир нь нярайлсны дараах үед зулай, дагз, чих, арьсны нүх сүв зэрэг хийн орон, хийн бэлчрүүдийн ам нээгдэж, үүний улмаас гадна орчны салхи, хүйтний нөлөөлөлд өртөхөл хялбар болдог. Гам алдаад савны хий хөөрөөд галзуурсан тохиолдолд хүмүүс ихэнхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ханддаг. Тэнд тайвшруулах эмчилгээ хийдэг ч хийн бэлгэ чанарыг тэгшитгэх эмчилгээ хийдэггүй нь ажиглагддаг. Энэ үед биеийн хийн бэлгэ чанарыг тэгшитгэхийн зэрэгцээ, сэтгэл гүйх хийн судлын эмчилгээг давхар хийх нь зүйтэй.
-Уламжлалт анагаах ухааны эмчилгээ бүрт сэтгэл заслын эмчилгээ хамт явдаг юм байна. Миний ажигласнаар Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгчид эм тангаа уухынхаа өмнө тарни уншдаг, хануур эмчилгээ хийхийн өмнө эмч өвчтөнөө даатгаж залбирч, ном уншдаг юм билээ?
-Уламжлалт анагаах ухааны онол ёсоор бүх өвчин муу сэтгэлийн уг шалтгаантай гэж үздэг учир уламжлалт анагаахын эмч хүн үйлчлүүлэгчид үзлэг оношилгоо хийхдээ тэр хүний сэтгэл, оюун ухааны байдлыг шинжин ажиглаж, дүн шинжилгээ хийдэг. Сэтгэлийн байдлыг харгалзалгүйгээр зөвхөн бие махбодод зориулсан оношилгоо, эмчилгээ байж болохгүй. Манай Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн эдгэрэлт яагаад сайн байна вэ? гэвэл бид бие-сэтгэлийн оношилгоо, эмчилгээг хамтад нь харгалзан хийж байгаад оршдог гэж хэлж болно. Ямар ч сайн рентген, тоног төхөөрөмж, компюьтер томографик сэтгэлийг оношилж чадахгүй шүү дээ. Үүнтэй уялдаад Манба Дацан эмнэлэг эм тан, засал, хоол ундны эмчилгээнээс гадна тарни, уншлага бясалгал, гүрэм заслын эмчилгээ хийдэг. Учир нь уламжлалт анагаах ухаанд бүх өвчний дөрөвний нэг хэсэг нь бие, сэтгэлд нөлөөлж буй ад зэтгэрийн шалтгаантай, үүнийг зөвхөн гүрэм заслын аргаар эмчилнэ хэмээн үздэг бөгөөд үүнд тохирсон эмчилгээний олон аргуудыг тусгайлан зааж өгсөн байдаг. Бид нэгэнт уламжлалт анагаах ухаанаар нарийн мэргэшиж, энэ чиглэлээр хүн ардад тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас бүхий л тохирсон эмчилгээг онол, зан үйлийн ёс горимын дагуу хийж, хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.
-Хүмүүсийн сэтгэлзүйд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол нийгмийн стресс бухимдал шүү дээ. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Нийгмээс шалтгаалсан стресс бухимдал нь хүний сэтгэл зүйн байдал, өвчлөлтэй яах аргагүй холбоотой. Үүнд Монгол төрийн бодлого ч чухал нөлөөтэй. Учир нь Монголчууд олон зуун жилийн турш Буддизмын философид тулгуурлан хүн ардынхаа ертөнцийг үзэх үзлийг тогтоогоод зогсохгүй, “сайн, муу үйлийн үр”, “үхэл, мөнх бусын жам ёс”, “багш, эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд нялхасаа асран хамгаалах ёс”, “номт явдлаар замнахын тус эрдэм”, “10-н хар нүглийг үйлдсэний хор нөлөө”, “эхнэр, нөхөр хүний сахиж баримтлах зүйл” гэх мэт олон зүйлийг ард иргэдийхээ амьдралын зан үйлд нь ёс заншил болтол хэрэгжүүлэн хэвшүүлж ирсэн байдаг. Энэ нь гэмт хэрэг, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, нийгмийн зохистой харьцаа, тогтвортой байдлыг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой байсан. Үүний үр дүнд нийгмийн сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлж, амар амгалантай байх чухал нөхцлийг бүрдүүлж байв. Энэ нь одоог хүртэл Монголын ард түмний ахуй амьдралд тодорхой хэмжээнд уламжлан үлдэж, сайн нөлөөгөө үзүүлсээр байгаа. Харин 1937 оноос хойш 70-аад жил Монголын нийгэм Социализмын үзэл онол, философи дээр тулгуурлаж, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө”, “Хөдөлмөр хүнийг бий болгосон” зэрэг уриа, лоозон дэвшүүлж, нийгмийн зохистой дэг жаягийг тогтоож, тодорхой хэмжээнд нийгмийг амар амгалантай байхад үр нөлөөгөө үзүүлж ирсэн. Гэтэл 1990 оноос хойш манай Монголын нийгэм Ардчилсан нийгмийн үйл явцтай холбогдоод хүн ардаа ямар философи дээр тулгуурлаж удирдан чиглүүлээд байгаа нь ойлгомжгүй болж, үүний үр дагаварт нийгэмд өвчин эмгэг, гэмт хэрэг зэрэг сөрөг үзэгдлүүд нэлээд газар авч байна. Ер нь аливаа төр улс орноо ямар философиор жолоодох вэ гэдэг нь бодлогоо тодорхойлох нь их чухал. Бид Монголын уламжлал, өв соёл, зан заншилд шингэсэн үзэл онол, философи дээр үндэслэн ард иргэдээ удирдан чиглүүлж, нийгмийн ёс зүйг тогтоож, амар амгалантай, үнэнч шударга, бүтээлч нийгмийг бүрэлдүүлэх нь зүйтэй гэж боддог. Түүнийгээ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль гээд бүх шатны боловсролын байгууллагад хэрэгжүүлэх хэрэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд гараа яаж угаах вэ, шүдээ яаж угаах вэ гэдэг зан үйлд сургахын зэрэгцээ худал хэлэх, хэрэлдэх, хов хутгах, дэмий чалчих нь хэл яриагаар хийх нүгэл гэдгийг ойлгуулах, амь таслах, хулгай хийх, бэлгийн буруу хурьцал нь биеэр хийх нүгэл, хомхой сэтгэл, хорлолт сэтгэл, буруу тэрс үзэл нь сэтгэлээр хийх нүгэл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрэв энэхүү 10 хар нүглийг хийвэл чи ингэж зовно, бусдыг ийм зовлонд унагана гэдгийг сайтар ойлгуулвал энэ нь олон төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй төдийгүй мөн олон өвчнөөс сэргийлэхэд ч чухал нөлөөтэй юм. Ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшөөгүй, буруу, зөв үйлдлээ ялган салгаж мэдэхгүйгээсээ өөртөө төдийгүй өрөөлд гай зовлон авчирч, нийгмийн стресс бухимдал үүсээд байна. Монголын нийгэм дэх сэтгэлийн эрүүл мэндийн талаар ярихад хувь хүн, гэр бүл, хамт олон, боловсрол, эрүүл мэндийн бүх шатны байгууллагын хамтын үйл ажиллагаа чухал байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №03 (45)