Карло Баглиани: Оточ Манрамба Их сургууль Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болжээ

Италийн Ториногийн Их сургуулийн профессор Карло Баглианитай Манба Дацан төвд айлчлах үеэр нь ярилцлаа.

-Та Хамба лам Д.Нацагдоржийн урилгаар Монголд ирсэн гэсэн. Ямар ажлаар ирэв?

-Монголд миний олон найз байдгийн нэг нь Хамба лам Д.нацагдорж. Тэр миний хувьд маш онцгой хүн. Бид олон жилийн өмнөөс нэгнийгээ мэддэг болж, хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад ч мөн хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж, оточ Манрамба их сургуулийн багш, оюутнуудад лекц тавихаар ирсэн.

-Таныг сүүлд ирсэнээс хойш Манба Дацан төв хэр өөрчлөгдсөн байна?

-2003 онд Монголд ирсэнээс хойш Улаанбаатар хот, Манба Дацан төв их олон талаараа өөрчлөгдсөн байна. Манба Дацан төв ард иргэддээ дээд зэргийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болж хөгжсөн байна. Манба Дацан эмнэлэг болон оточ Манрамба их сургууль нь барууны өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрч ажиллаж байгааг өөрийн нүдээр үзлээ. Хамба лам маш завгүй ажиллаж байгаа нь олон зүйлээс ажиглагдсан. Миний бодлоор Манба Дацан төв бусад яаралтай тусламжийн төвүүдтэй хамтран ажиллаж болохуйц яаралтай тусламжийн хэсгийг байгуулвал маш их хэрэгтэй санагдлаа.

-Та өмнө нь Монголын ЭМЯ-тай хамтран баг, сумын яаралтай тусламжийн төвүүдийн чанарыг сайжруулах тал дээр ажилласан. Одоо Монгол улсын эрүүл мэндийн салбарынхантай ямар чиглэлээр хамтран ажиллаж байна вэ?

-Би ЭМЯ-ны ажилчидтай хамт хөдөө орон нутгаар явж үзэхэд баг, сумдад яаралтай тусламжийн төвийн хэрэгцээ их байгааг олж харсан. Тиймээс гэр эмнэлэг буюу Монгол гэрийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төв болгох санааг дэвшүүлж байсан. Би Торино хотын Яаралтай тусламжийн төвд мэс засалчаар ажиллаж байсан, одоо тэндээ зөвлөхөөр ажилладаг. Мөн италийн “ахмад мэргэжилтнүүдийн нийгэмлэг”-ийн гишүүн. Манай нийгэмлэгийн гишүүд хувь хүн болон улсын хөгжлийн төлөө ажилладаг. Би хөгжиж буй орнуудын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах тал дээр ажиллах их сонирхолтой. Тиймээс Монгол-италийн хоорондох эрүүл мэндийн салбарынхантай туршлага солилцох төслийг эхлүүлэх хүсэлтэй байгаа. Хамба лам Д.Нацагдоржийн тусламжтайгаар оточ Манрамба их сургуулийн багш, эмч, оюутнуудад энэ чиглэлээр хичээл заах, Монголын талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа амжилттай, үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаа.

-Та Оточ Манрамба Их сургууль дээр тавьсан лекцийнхээ үеэр Монгол-Италийн хооронд гүүр тавигдсан, энэ гүүрийг Хамба лам Д.Нацагдорж тавьсан гэж хэлж байсан. Тэр ч утгаараа Манба Дацан төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байдаг уу?

-Тиймээ, Монгол-Италийн хооронд гүүр тавигдсан. Энэ гүүрийг олон жилийн өмнө Хамба лам Д.нацагдорж тавьсан юм. Харин одоо энэ хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлмээр байна. Би Хамба ламтай энэ талаар ярилцсан. Гадны орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний системийг хуулж хэрэгжүүлэх бус, харин Монголд ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг Монголчууд л сайн мэдэх ёстой. Тиймээс Манба Дацан төвтэй хамтран ажиллаж, өөрийнхөө зүгээс туршлага солилцон ажиллахад
бэлэн байгаагаа хэлсэн.

-Та Хамба лам Д.Нацагдоржтой олон жил найз нөхдийн харилцаатай байсан гэсэн. Түүнийг хувь хүн талаас нь дүгнэвэл?

-Тэр бол маш онцгой, идэвхитэй амьдардаг хүн. Түүний Монголоо гэсэн сэтгэл агуу гэдгийг дурьдах хэрэгтэй. Хамба лам Д.нацагдорж бол маш ухаалаг, агуу удирдагч юм. Түүний хийж байгаа ажлууд бүгд бусдын тусын тулд байдаг. Тиймээс ч би түүнийг маш их хүндэлдэг. -Хамба лам Италид очиж үзлэг оношилгоо хийж байсан. Италичууд уламжлалт анагаах ухааны талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? -итали бол их өвөрмөц орон. олон бүс мужтайгаас гадна муж болгон өөрийн гэсэн соёл, онцлогийг агуулж байдаг. италийн хоёр муж уламжлалт анагаахыг орчин үеийн анагаахтай хослуулан ажилладаг. нэг нь Tuscany, нөгөөх нь миний ажиллаж байгаа Пиодмонт юм. Хамба лам италийн венус, ром, Флоренц, Милан, Турин, имполи зэрэг хотуудаар аялан, уламжлалт анагаах ухааны талаар олон сонирхолтой лекцүүдийг уншсан нь хүмүүст их таалагдаж, олон хүн түүнээс тусламж хүсэж, эмчлүүлж байсан.

-Италичууд эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ. Засгийн газрын зүгээс ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг талаар ярихгүй юу?

-Италийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг ч гэлээ эмнэлгийн тусламж үйлчилгээ маш үнэтэй тул зарим тохиолдолд иргэд нэмэлт төлбөр төлөх шаардлага гардаг. Зөвхөн нэн ядуу бүлгийн иргэд яаралтай тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авдаг. италид уламжлалт эмчилгээг сонгон, эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс Монгол болон Төвдийн анагаах ухааныг хөгжүүлэх боломж бий.

-Монголын уламжлалт анагаах ухааны онцлог нь юу вэ?

-Миний бодлоор Монголын уламжлалт анагаах ухаан хүн байгальтай асар холбоотой шинжлэх ухаан. Хувь хүний энерги гадаад орчинтойгоо хэрхэн зохицож байдгийг судалдаг агуу ухаан юм. Монголчууд байгальтайгаа зохицож амьдардаг хүмүүс. одоогийн нөхцөлд Улаанбаатар хотод агаарын бохирдол, замын түгжрээ гэх мэт сөрөг асуудлууд их байгаа учраас өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие, сэтгэлээ хамгаалах асуудал их чухал. Уламжлалт анагаах ухаан бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд цогцоор нь эдгээх талаар асар их ойлголтыг өөртөө багтаасан анагаах ухаан бөгөөд үүнийг Манба Дацан төв болон оточ Манрамба их сургууль дэлхий дахинаа дэлгэрүүлж байгаа юм. Хүний биеийг мөсөн уултай зүйрлэвэл уламжлалт анагаах ухаан далд хэсгийг буюу нүдэнд харагдахгүй байгаа хэсгийг судалж, оношилж, эмчилж чаддагаараа онцлог.

-Та энд байх хугацаандаа эмчилгээ хийлгэв үү?

-Тэгэлгүй яахав. Энд байхдаа Монгол эмчилгээ хийлгэж, маш сайхан боллоо. италид очоод Манба Дацан эмнэлгийн талаар олон хүнд танилцуулах болно. Бие, сэтгэлийг цогцоор нь эмчилдэг Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг би мэргэжлийн хүний хувьд маш өндөр түвшинд байна гэж үнэлнэ. намайг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, сайхан зочилсон Манба Дацан төвийн хамт олон болон Хамба лам Д.нацагдоржид баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. Таньтай дахин шинэ мэдээтэй уулзах болтугай.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №03 (45)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *