Хамба лам Д.Нацагдорж: Энэ жил бар, луу, бич жилтэй хүүхдүүдийг онцгой анхаарч, заслыг нь сайн хийлгэ

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийг сар шинийн дугаарынхаа зочин хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, сар шинийн баярын мөн чанар, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа.

-“Тийн унжлагат” хэмээх нохой жил айлчилж байна. Ирж буй жилийн өнгө, үр өгөөж ямар байна вэ. Энэ талаар яриагаа эхлэе?
-Монголчууд Буддизм дахь “Цагийн хүрд”-ний ёс уламжлал бүхий одон зурхайн тооллыг баримтлаж цаг тооны бичгийг зохиодог олон мянган жилийн түүхтэй ард түмэн. Жаран жил болгон өөр өөрийн гэсэн онцлог, мөн чанартай байдаг. Энэ жил “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил урган гарч байна. Энэ жилийг жарных нь үүднээс авч үзвэл хүмүүсийн хувьд хулгай, дээрэм, муу зүйлээс хол байж, муу зүйлийг үйлдэхгүй байхыг хичээх хэрэгтэйг сануулсан. Хэрэв муу зүйл хийх аваас нохой жилийг дагасан муу нөлөөтэй хорлогч зэрэг зүйлүүд хүний амьдралыг улам бүр доройтуулах нөлөөтэй. Мөн хүмүүний амьдралд чухал нөлөөтэй хоол хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй байна. Үр тариа тарьж ургуулж, олон хүнд тусалж байгаа хүмүүс байгаль дэлхийгээ тахиж, лус савдгаа баясгаад байгалийн шим баялгаас хүртэх тал дээр анхаараарай. Шороон нохой жилийн үхрийн зурлагыг авч үзвэл, хаврын сард болон зуны эхэн сард гандуу, салхитай байх, зундаа хур бороо хэвийн ч зарим газраар гандуу тарчиг байх нь. Өвлийн сард өнтэй. Мал адгуусанд ээлтэй. Төр засаг, ихэс дээдсийн дунд хямрал, үл ойлголцох асуудлууд буй болох тал бий. Ард түмэн ч гэсэн энэ жилийг аль болох уужуу тайван ухаанаар асуудлаа шийдэх, улс орон, гэр бүл, хамт олон дотроо асуудлаа зөв зүйтэй шийдэх хэрэгтэй жил байгаа. Хэрэв тэгэж эс чадвал хоорондоо тэмцэлдэх, бухимдалтай байх жилийн сөрөг нөлөөлөл бий. Аливаа жилийн сөрөг таагүй зүйлийг өөрчилж чаддаг хамгийн том хүч бол хүн өөрөө. Хүний бодол санаа, хийж байгаа бие, хэл, сэтгэлийн сайн үйл явдлаас аливаа сөрөг зүйлийг эерэг сайн болгодог жамтай. Сайн байсан ч тэр хүн явдал мөрөө буруудуулвал үйлс нь буруудах талтай. Бүгдээрээ хичээвэл энэ жил амар амгалантай сайхан жил болж өнгөрнө.
-Бичин жил их ширүүн байдаг гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг нохой жилд ямар нэгэн онцлог бий юу?
-Нохой жил үнэн шударгын мөн чанартай. Энэ жил Монголын ард түмэн нийтээрээ сайн үйлсийг хийж, сайхан үйлийг бүтээх хэрэгтэй. Шинэ ажил үйлс эхлүүлвэл нохой жилийнхээ үрийг дагаад түргэн бүтэх, цаашдаа амжилттай байх талтай. Энэ жил үнэнч шударгыг эрхэмлэх жил. Монголчууд “Нохой эзэндээ үнэнч” гэж ярьдаг шүү дээ. Нохой жилд үнэнч шударга байж, ёсзүйг эрхэмлэвэл цаашдаа сайн сайхан явахын нигуур дэлгэрнэ.
-Жилийнхээ засал номыг хийлгэж, одон гарагийн үр нөлөөнөөс зайлсхийх боломжтой. Гэвч үүнийг үл ойшоох хүмүүс олон бий. Та тэдгээр хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хэнд ч болов, зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтний амьдрал, ажил үйлс, эрүүл мэндэд орчлонгийн нар, сар, гараг эрхэс сайн, муугаар нөлөөлж байдаг. Муу сөрөг зүйлс амьдралд нөлөөлөх тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлж, хамгаалж, арилгах шаардлагатай. Үүнийг ямар жилтэй, ямар гараг эрхэсийн нөлөөлөлд төрсөн хүн бэ гэдгээс хамаарч тэр хүмүүст өөр өөрийнх нь засал номыг хийдэг. Агуу бурхад, ихэс дээдэс ном заслын талаар стандарчлаад өгчихсөн. Түүнийг нь уншдаг лам хуврага, орон хийдтэй, олон мянган жилийн түүх соёл, өв уламжлалыг аваад явж ирсэнээрээ Монголчууд азтай ард түмэн. Энэ талаараа бид бусад үндэстэн ястануудаас давуу. Тиймээс Монголчууд бид өөрсдийнхөө болоод өрөөл бусдын, гэр бүлийнхээ хүмүүсийн төлөө засал номыг анхаарах хэрэгтэй. Энэ бол мухар сүсэг биш. Засал номоо хийлгээгүйгээс болж амьдралдаа зовж шаналж байгаа олон хүнтэй уулзаж учирч явлаа. Үүнд хувь хүнийхээ хувьд их харамсч явдаг юм. Ийм сайхан орон хийд, ном, буянтангууд нь байсаар байхад үгүйсгэсэн үзэл бодол нь өөрт нь тус болсонгүй. Ном буян нөлөөлдөггүй юм шиг байж байгаад амьдралдаа муу үр дагавар амсах уу, эсвэл нэгэнт тогтчихсон тааллыг дагаж яваад өөрийн буяны хүчийг нэмэгдүүлэн сайн зүйлд хүрэх үү гэдгээ бодох л хэрэгтэй. Монголчууд минь засал номоо сайн хийлгээрэй, сайн нөлөөтэй шүү л гэж зөвлөе.
-Зурхайн ухаан, засал номын талаар ойлголт мэдлэггүйгээсээ болж үл ойшоодог байх л даа. Ер нь энэ талаар ямар ойлголттой байх ёстой вэ?
-Энэ талаар яривал маш олон асуудал байна. Хамгийн эхний асуудал бол шинжлэх ухаантай яв цав таарч байгаа үндэс суурьтай, үнэнийг өгүүлж байгаа одон зурхайг үгүйсгэж болохгүй. Хүлээж аваад өөртөө болон гэр бүлдээ үр дүнтэйгээр ашигла. Хэрэв хүсвэл дэлгэрэнгүй судлаж мэдэж болно. Буддын одон зурхай болоод хар зурхайн зурлагыг шинжлэх ухааны үндэстэй юм байна гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн. Одон орон судлалын хамгийн нарийн техник, багаж тоног төхөөрөмжөөр гаргадаг тооцоолол нь бидний баримталдаг одон зурхайн зурлагатай яв цав нийлдэг. Тиймээс Буддын шашин бол шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрсөн. Үүнийг мухар сүсэг гэж үзээд хэрэггүй, надад юм нөлөөлөхгүй гэж эсэргүүцээд, төрийн хүнд юм халдахгүй гэж үзээд ч хэрэггүй. Од болон жил, мэнгэ, суудал, ад тотгор, лус савдгийн хүчин зүйлс хэнд ч нөлөөллөө үзүүлнэ. Тиймээс бид муу нөлөөллөөс нь урьдчилан сэргийлж, хамгаалж, засч залруулах үүрэгтэй.
-Энэ нохой жилд ямар хүмүүс онцгойлон засалтай байна?
-Шинэ төрсөн хүүхдүүдэд ном сайн уншуулах хэрэгтэй. Дашзэвэг Найман гэгээн, Цэнд-Аюуш, Бумчин, Загдзүсүм, хүүхдийн Банзрагч зэрэг номыг уншуулаарай. Энэ жил 3 настай бич жилтэй хүүхдүүд төмөр суудалд таарч байгаа учраас эрэгтэй, эмэгтэй ялгалгүй гэмтэхээс сэргийлж, суудлын заслыг хийлгээрэй. Мөн луутай хүмүүст “Дүнсэр” хэмээх гараг эрхэс нөлөөлж байгаа, 10 настай үхэр жилтэй хүүхдүүд мэнгэ нь голлосон, суудал нь өнцөгдсөн байгаа тул заслуудаа сайн хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн 13-ны жил дээр маш сайн гүрэм засал хийлгэж, буян хийх хэрэгтэй. Ингэх нь тухайн хүүхдийн 13 жил амьдрах явцад болсон сөрөг үр дагаврууд, урьд насны үйлийг арилгах, цаашид сайхан амьдрахад тустай. Тиймээс 13-ны жил дээр Дамдин, Хаянхирваа, Манла, Цагаан шүхэрт, Ногоон Дарь-Эх, Лус савдгийн номнуудыг уншуулаарай. Түүнээс гадна Говийнлха, Жамсран бурхан тахиулж, Дашзэвэг Найман гэгээнийг олон удаа уншуулах шаардлагатай. 19 настай луу жилтнүүдэд “Дүнсэр” хэмээх гараг эрхэс нөлөөлж, мэнгэ голлож, төмөр суудал дээр таарч байгаа тул жилийнхээ заслуудыг маш сайн хийлгэх хэрэгтэй. Харин “Гүймэг” хэмээх ширүүн хэмнэл мөчлөг 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай бар жилтнүүдэд таарч байгаа тул гүймэгийн засал хийлгэж, Жанаггагдаг, дагалдах номнуудыг сайн уншуулаарай. Энэ жил мөн бөөр, давсаг, эмэгтэйчүүд, шээс, бэлгийн замын өвчлөлтэй хүмүүс их анхаарч, ялангуяа хөл, гар өвддөг, элэг цөсний өвчтэй, даралт ихэсдэг, сахарын өвчтэй зэрэг цустай холбоотой өвчлөлтэй хүмүүс биеэ сайн гамнаж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх нь зөв.
-Ихэнх хүмүүс цагаан сарын дараа шинийн 15-ны дотор амжиж номоо уншуулъя гэдэг. Хэдийд ном уншуулах хэрэгтэй вэ?
-Би олон номын хуудас эргүүлж, судлаж, уншиж үзсэн хүн. Ингэхдээ нэг зүйлийг их сайн ойлгож, оюун тархиндаа тогтоож авсан. 12 дугаар сарын 22-ноос эхлээд хүний дараа жилийн өнгө аяс ордог, энэ нь цаанаа нарийн утга учиртай юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би 12 сарын 22-нд дараа жилийнхээ заслыг хийлгэдэг. Зарим хүмүүст номыг нь хэлж өгөөд засуулдаг. Мэдээж сар шинээ дөнгөж гарангуут шинийн 15-ны өдрүүдэд засал номоо хийлгэх нь сайн. Хэрэв тэр өдөртөө амжихгүй бол дараа нь хийлгэсэн ч болно. Яагаад энэ 15 хоногт амжиж засал номоо хийлгэх гэдгийн учир нь, шинийн 1-15-ныг дуустал бурхадын агуу их номын олон сайхан дүйцсэн өдрүүд таарч байдаг юм. Тиймээс эдгээр дүйцсэн өдрүүдэд хүмүүс хувьдаа ном уншуулах нь өөрт болоод бусдад хийсэн буян нь арвиждаг номтой учир ном мэддэг хүмүүс шамдаад байгаа юм.
-Гэртээ ямар бурхан залж, шүтэх ёстой вэ гэж олон хүн асуудаг. Буддын шашныг хэлмэгдүүлсэн он жилүүдээс шалтгаалаад иргэдийн дунд буддын шашны талаарх ойлголт мэдлэг дутмаг байх шиг. Магадгүй ихэнх айл Баяннамсрай бурхантай бо-лов уу?
-Хүмүүс амьдралдаа мэнгэнийхээ бурханыг их сайн шүтэх хэрэгтэй. Гэтэл зурхайн үүднээс авч үзвэл хонь жилтэй хүмүүс жаран жилд гал, шороо, төмөр, усан, модон гээд таван өнгийн хонь таарч байгаа юм. Тэгэхээр тэр ямар махбодитой жилд төрсөнөөс шалтгаалж өөрийг нь үлэмжийн харж хамгаалдаг бурхан болоод чойжинсрүнма, сахиуснууд байдаг. Би бол амьдралдаа мэнгэнийхээ бурханыг бүтээлгэсэн хүн. Миний шүтэж явах бурхан Дарь-Эх юм билээ. Би олон Дарь-Эх бүтээлгэсэн. Багш минь олон жилийн тэртээ айлдахдаа “Багшийгаа таалал болохоор бурхан бүтээлгэнэ гэж бүү яваарай, би амьддаа өөрийнхөө мэнгэний бурханыг бүтээлгээд шүтэж, номыг нь уншиж байсан, тэгээд л болно шүү” гэж айлдсан юм. Би тэр айлдварыг нь сонсоод багшийнхаа нэгэн адил энэ амьдралдаа мэнгэнийхээ бурхан Дарь-Эхээ олон жил шүтлээ. Та бүхэн мэнгэ, жилийнхээ холбоотой бурхан, чойжинсрүнма нарыг мэдэж аваад ойр дотно байгаарай.
-Сар шинийн баярын мөн чанар юунд оршиж байна вэ?
-Цагаан сар бол Монгол үндэстнийг буянд дагуулсан баяр. Нүгэлээ наминчилж буян ихээр хурааж, тэрхүү буянаараа сайхан амьдарч явах боломжтой, өв уламжлал, ёсзүйгээ хүндэтгэсэн баяр билээ. Цагаан сарыг арван цагаан буяны өдөр болгон тэмдэглэх нь зохистой. Монголчууд та бүхэн арван цагаан буянаараа амар амгаланг эдлэх болтугай.

-Ярилцсанд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ЭХ СУРВАЛЖ: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *