Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацанд тоглоно

Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, Манба Дацан хийдийн лам хуврагууд хурал ном уншин ард иргэдээ даатгадаг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 18 дахь жилдээ болно. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн санаа­чил­гаар зохион байгуулах болсон уг үйл ажиллагааг сүсэг­тэн олон түмэн хүсэн хүлээж, өргөнөөр орол­цо­хоос гадна жил ирэх бүр олон уран бүтээлчид нэг­дэн дуу хуураа хүргэсээр байна. Манба Дацан хий­дийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацаг­дорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж 18 жилийн тэртээ “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бө­гөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуу­рын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бур­хан­даа тахил хүндэтгэл үзүүлснээс хойш ийнхүү уламж­лал болон тогтсон юм. Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуваргууд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурж, Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, ард олныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг билээ. Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хүндэтгэл ёслолын үйл ажиллагааны талаар хэлэхдээ “Бурханы оронд 100 мянган хөгжмийн аялгуу эгшиглэж байдагтай адил Морин хуурын чуулгын хөгжимчид бол бурхадын орон хийдэд бодитойгоор тэрхүү аялгууг татаж байгаа хөгжмийн аялгуугаар ном номлогчид юм шүү” гэв.
Сүсэгтэн олон та бүхнийг Манла бурханд дуун өргөл өргөдөг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, өөрийгөө болон гэр бүл, түмэн олноо өвчин зовлонгүй байхын тухайд даатган, Морин хуурын аялгуут эгшигэээр сонороо мялаахыг урин залж байна.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *