Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзана зөвлөж байна
Монголын цагаан сар бол эртнээс уламжилж ирсэн Монголын төр ёсны хамгийн том баяр юм. Хүннүгийн үеэс цагаан сарын баярыг хийж ирсэнийг сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Тэмүүжин Монголын тархай бутархай олон аймгуудыг нэгтгэж, Их Монгол улсыг байгуулан, Чингис хаанд өргөмжлөгдсөн 1206 оноос эхлэн Азийн орнуудын нэгэн адилаар хаврын тэргүүн сард Цагаан сарын баяраа тэмдэглэж ирсэн юм. Тэр цагаас өдгөөг хүртэл бид улам утга төгөлдөр, ач холбогдолтойгоор өргөн тэмдэглэсээр ирлээ. Монголын ард түмэн цагаан сарын баяраар буюу бар сарын шинийн нэгний өглөө эртлэн босож тэнгэр бурхандаа, этүгэн эхдээ мөргөн идээ ундныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлдэг.
Тухайн жилдээ ажил үйлс бүтэмжтэй, эндэл осолгүй байхыг бэлгэдэн хийморьтой сайн зүг рүүгээ гарч, буян хишигтэй сайн зүгээсээ ирж, зүг мөрөө гарган, өвөг дээдэс, аав ээждээ золгож, элбэг дэлбэг сайхан шинэлж ирсэн уламжлалтай. Монголчууд “Амар байна уу, та”, “Амар айлдаж байна уу, та”, “Амархан морилж байна уу, та” хэмээн амар мэндийг эрэн золгох нарийн ёс заншилтай хүмүүс.
Цагаан сарын баяр бол Билгийн тооллыг /сарны тоолол/ эрхэмлэж ирсэн Азийн орнуудын тэмдэглэдэг баяр. Манай монголчууд сар хийгээд гараг эрхэсийн орчил хөдөлгөөн эх дэлхийд үзүүлж байгаа нөлөөллийг нарийн судлаж ирсэн. Иймд тухайн жил ямар болох, тухайн хүний амьдрал, ажил үйлс ямар байхыг урьдчилан тооцдог нарийн арга ухааныг хөгжүүлэн өнөөдрийг хүртэл авч ирсэн юм.
Шороон нохой жил ямар байх вэ?
Ламын гэгээний анхдугаар дүр Ц.Лувсанданзанжанцан (1639- 1704) “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх судартаа жаран жилийн үрийг номлохдоо: Шороон нохой жилийг “Тийн унжлагат” хэмээн нэрлээд “Хулгай олшрон, олсон эд малыг хаад ноёд аваад, эд тариа үнэгүй болно” гэжээ. Энэ нь тайлбарлаваас, төр засаг алба татвар ихээр авч, ард иргэдийн тариа будаа үнэгүйдэж, тэр хэрээр хулгай олшрохыг хэлсэн байна. Шороон үхрийн зурлага, боовны үр, цасан чихрийн амт зэрэг зурлагуудаас дүгнэж үзэхэд хаврын сард болон зуны эхэн сард гандуу, хуурайшилтай. Зундаа хур дунд боловч газрын шим ургац гайгүй. Зарим нутагт гандуу. Өвлийн адаг сар дэлгэр сайн. Малд буянтай. Идэш хоол дутагдахгүй. Ихэс дээдсийн хямрал тэмцэлтэй. Ард иргэд бухимдал ихтэй байх төлөвтэй. Жилийн өнгө төлөвийг ихэс дээдсээсээ эхлээд хүн бүр үйл ажиллагаандаа тусгаж, аливаа эрсэдлээс болгоомжлоорой.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №2 (43)