Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 5-р курсын оюутан М.Золбоотой ярилцлаа.
-Өмнө нь бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн байхаа?
-Тиймээ, 2007 онд аравдугаар ангиа төгсөхөд Англи явах боломж гарч, тэнд эхний хоёр жилд хэлний курст сураад, нэг жил компьютерийн ангид, сүүлийн хоёр жилд нь бизнесийн менежмент чиглэлээр бакалавр хамгаалсан. Би уг нь багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан л даа. Тиймээс Англид байх хугацаандаа анагаахын сургуулийг сонирхож үзсэн ч тухайн үед анагаахын сургалтын төлбөр маш өндөр, олон улсын оюутнууд барагтаа суралцдаггүй байсан. Зөвхөн Англичууд суралцдаг маш өндөр төлбөртэй байсан учраас сурч чадаагүй. Гэхдээ бизнесийн менежмент чиглэлээр амжилттай сураад 2013 онд монголдоо ирээд эмч болох мөрөөдлөө биелүүлж эхэлсэн дээ.
-Яагаад уламжлалтын эмч болохоор шийдэв. Уламжлалтын талаар мэддэг байсан уу?
-Оточ Манрамба Их сургуульд сурч эхлэхээсээ өмнө уламжлалтын талаар мэддэггүй байсан. Барууны орнуудыг харж байхад Европ анагаах ухааны хөгжил тодорхой хэмжээнд хүрсэн, хүчтэй антибиотик эмчилгээнд суурилсан, тэр нь нэг талаараа хортой нөлөө үзүүлдэг сул талтай. Тиймээс ч уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож, уламжлалтын эмчилгээ үйлчилгээ авахыг хүсч байсан нь уламжлалтын эмч болоход нөлөөлсөн байх. Уламжлалт эмчилгээ 100 хувь байгалийн гаралтай, хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй нь сонирхолтой санагдаж байсан. Тиймээс уламжлалтын талаар, уламжлалтын эмч бэлтгэдэг сургуулиудыг судлаж байгаад олон хүний санал болгож, зөвлөсний дагуу Оточ Манрамба Их сургуульд орсон.
-Уламжлалт анагаах ухааны эрэлт хэрэгцээг олж хараад мэргэжлээ сонгожээ?
-Тэгж хэлж болно. Ер нь хүмүүс химийн гаралтай эм, антибиотикээс татгалзаж байгаа. Тиймээс ч уламжлалт анагаах ухаан их эрэлттэй байна. Уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд түгээх, дэлгэрүүлэх боломж асар их бий. Уламжлалтын эмч бол маш ирээдүйтэй мэргэжил.
-Энэ жил тавдугаар курс, ирэх жил төгсөх юм байна. Нэгдүгээр курст элсэж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Одоо ингээд эргээд харахад нэгдүгээр курсэд хамгийн хэцүү үе байжээ. Уламжлалт анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй, шууд л төвөд хэл зааж эхлэхэд нь их тулгамдаж байсан. Яагаад төвөд хэл заагаад эхлэв гээд л сөрөг зүйл их бодогдож байсан. Тэгээд хичээлээ үзэх тусам төвөд хэл сурах нь энэ мэргэжлийг бүрэн дүүрэн эзэмшихэд туслах цорын ганц арга гэдгийг ойлгосон. Уламжлалт анагаах ухааны онол шүн дамжлагыг төвөд хэл дээр үзэж судлах зайлшгүй шаардлага бий. Тиймээс курс ахих тусам мэргэжилдээ улам бүр дуртай болж байна.
-Нэгдүгээр курсэд их хэцүү байсан гэлээ. Тэгвэл сургуулийнхаа шинэ элсэгчдэд хандаж зөвлөгөө өгвөл?
-Оточ Манрамба Их сургуульд суралцахад маш их хичээл зүтгэл, тэвчээр шаардана. Манай сургуульд гадаад, монгол оюутны аль ч бай маш их тэвчээртэй, хичээнгүй сурах хэрэгтэй. Нэгдүгээр курсээс төвөд хэл орж хэлэхэд маш хэцүү санагдах боловч хичээлдээ улам бүр шамдах тусам амтанд нь орно. Битгий бууж өгөөрэй. Угаас бидний үзэж байгаа энэ ном бол гүн утгатай дээдийн ном учраас олон бэрхшээл тохиолдоно. Тэр бүгдийг даван туулж, өөрт тохирсон арга барилыг олоод, хичээнгүй суралцах юм бол үнэхээр мундаг мэргэжилтэн болж төгсөнө гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.
-Оточ Манрамба Их сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ?
-Нэгдүгээрт, уламжлалт анагаах ухааны онол шүнг өдий болтол таслалгүй дамжуулж ирсэн Хамба багшийн минь дамжлага байна. Хоёрдугаарт, оюутнуудыг дадлага хийж, практик дээр сурч мэдэх боломжийг олгодог бааз эмнэлэг, эмийн үйлдвэртэй нь маш том давуу тал. Бид оюутан байхдаа өвчтөнүүдтэй харьцаж эхэлнэ гэдэг том давуу тал.
-Оточ Манрамба Их сургуулийн захирал, Хамба лам Д.Нацагдорж багшийнхаа хажууд ойрхон суралцаж байгаагийн хувьд их зүйлийг сурч авдаг байх?
-Тэгэлгүй яахав, тиймээс ч би өөрийгөө энэ сургуульд орсондоо азтай гэж боддог. Хамба багшаараа хичээл заалгаж, олон жил хуримтлуулсан агуу мэдлэгээс нь бага ч болов сурч мэдэж байгаа нь азтай. Багш маань уламжлалт анагаах ухааны салбарт монголдоо төдийгүй дэлхийд танигдсан хүн. Багшаараа маш их бахархаж хүндэлдэг. Илүү их зүйл сурч авах юмсан гэж боддог.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?
-Төгсөөд эмчээрээ ажиллана. Олон улсад Монголын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Хамба багш маань барууны олон оронд уламжлалт анагаах ухааны ач тус, гайхамшгийг түгээж дэлгэрүүлж байгаа. Хамба багшийнхаа гаргасан зам мөрөөр Монголын уламжлалт анагаах ухааны нэрийг дэлхийд гаргах хүсэлтэй байдаг. Тэгээд ч төр засгийн зүгээс уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргах бодлого барьж байгаа учраас түүнийг хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болж, монгол эмч нарын нэр хүндийг өндөрт өргөнө гэсэн том зорилготой явдаг. Сургууль маань зорилгодоо хүрэх бүхий л бололцоог бүрдүүлдэгт талархдаг.
-Хувь хүнийхээ хувьд өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?
-Бидний үзэж байгаа “Анагаах ухааны дөрвөн үндэс” ном их олон хэл дээр бичигдсэн байдаг. Би англи хэл дээрх номыг Энэтхэгээс захиж авчруулж, хичээлийнхээ хажуугаар үзэж судалдаг. Англи хэл дээр онолоо үзэх нь ирээдүйд их хэрэг болно.
-Уламжлалт анагаах ухааныг үзэж судлахад өөрт чинь юу илүү онцгой санагдсан бэ?
-Мэдээж судас оношилгоо бол хамгийн гайхалтай. Гадныхан судас бариад оношилдог гэдэгт итгэхэд бэрх байдаг байх. Өрнийн анагаах ухаанд машин, техник төхөөрөмж дээр суурилсан шинжилгээний хариуг харж байгаад дараа дараагийн арга хэмжээг авдаг бол уламжлалтын эмч нар судсыг нь чагнаж үзээд аль эрхтэнд ямар өөрчлөл, өвчлөл байна гэдгийг шууд хэлдэг. Олон жил бясалгаад судас оношилгоогоор турлагажсан хүмүүс илүү өндөр түвшинд оношилдог. Би энэ чадварыг багш нараасаа хардаг.
-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруухан байгаатай санал нийлэх үү. Ялангуяа уламжлалтын талаар хүмүүс мэддэггүй, ойлгодоггүй. Тэдний мэдлэг мэдээллийг сайжруулах арга замыг юу гэж харж байна?
-Ажиглаад байхад Монголчууд өөрсдөө уламжлалт анагаах ухааныг тоодоггүй, ойшоодоггүй, болж өгвөл европ анагаахын эмнэлэгт ханддаг. Гэтэл гадныхан энэ анагаах ухааныг ямар гайхалтай, агуу гэдгийг нь ойлгочихоод хандаад байдаг. Уламжлалт анагаах ухааны талаар сайн сурталчлах хэрэгтэй. Иргэдийн хамгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг өрхийн эмнэлгүүдэд уламжлалтын эмч нарыг ажиллуулж, өвчнийг эхний шатанд нь засч эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухааныг зааж зөвлөдөг байх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл хүмүүсийн хандлага, ойлголт өөрчлөгдөх байх.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №02 /43/