Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 6-р курсын оюутан Г.Хурцбилэгтэй ярилцлаа.
-Яагаад уламжлалтын эмчийн мэргэжил сонгосон бэ?
-Би багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан. Тиймээс 1999 онд арван жилийн сургуулиа төгсөөд АШУҮИС-д элсч ороод гурван жил гаран сурсан. Гэсэн ч нэг л болж өгөхгүй, гуравдугаар курсээсээ сургуулиасаа гарч, амьдрал зохиож, үр хүүхэдтэй ч болсон. Одоо би дөрвөн хүүхэдтэй. Том нь наймдугаар анги, бага нь гуравдугаар анги. Сургуулиа орхисон ч би эмч болох мөрөөдлөө орхиогүй. Амьтны тусын тулд заавал эмч болно доо гэж бодож явсаар уламжлалтын эмчээр сурахаар шийдсэн. Сургуулиас завсардаад олон жил болсон ч элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд тэнцэж, тэгээд зургаан жилийн өмнө элсч орж байлаа.
-Уламжлалтын эмч бэлтгэдэг сургуулиудаас Оточ Манрамба Их сургуулийг яагаад сонгов?
-Манай найз Оточ Манрамба Их сургуульд суралцаж төгссөн. Тэр найзаасаа энэ сургуулийг маш сайн сургалттай болохыг нь мэдсэн. Ээж маань уламжлалтын эмч бэлтгэдэг сургуулиудыг судлаад Оточ Манрамба Их сургуульд элсэхийг зөвлөсөн юм. Анх сургуульдаа элсч ороход Хамба багш маань бидэнд хичээл ордог байсан. Уламжлалт анагаах ухааны талаар, багш шавийн шүтэн барилдлагын тухай ярьж, амьтны тусад хийхийг хүсдэг байсан бүхний хариултыг хэлж өгөх шиг болсон. Оточ Манрамба Их сургуульд суралцаж эхлээд зөв сургуульдаа оржээ гэж баярлаж байсан.
-Энэ жил сургуулиа төгсөнө. Оюутны жилүүд тань ямар байв. Суралцах хугацаандаа юуг олж авав?
-Маш их зүйлийг сурч авсан. Хувь хүний зан чанараас авахуулаад маш их зүйл өөрчлөгдсөн. Бурханы шашны их таван ухааны нэг тэжээхүй ухаанд суралцаж, дээдийн ном үзнэ гэдэг их хувь тавилан шүү дээ. Амьдралын хувьд ч энэ он жилүүдийн турш их зүйлийг олж авсан. Өөрийнхөө дотоод мөн чанараа мэдэхийг хичээдэг болсон. Хүмүүстэй харилцах харилцаа ч өөр болсон.
-Оточ Манрамба Их сургуулийн сургалтын онцлог юу вэ?
-Уламжлалтаараа дагнасан сургалтыг явуулдаг цорын ганц сургууль. Манайх хичээлээ төвөд хэл дээр үздэг. Бусад сургуулиуд төвөд хэл үздэггүй, зөвхөн орчуулгын номноос л үздэг. Ингэхээр номын цаад утга учрыг ойлгохгүй гэсэн үг. Манай сургууль төвөд хэлээр хичээлээ үздэг учраас уламжлалт анагаах ухааны онол жүдийн нууц увидасыг нь дамжлага болгож заадаг гэсэн үг.
-Уламжлалт анагаах ухааны эмч ямар байх ёстой. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд бэлтгэгдэж чадаж байна уу?
-Манай сургууль уламжлалтын сайн эмч бэлтгэж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Анагаах ухааны дөрвөн үндэс номын “Номлолын үндэс”-ийн 31-р бүлэгт эмч, сувилагч ямар байх ёстой талаар заасан байдаг. Манай багш нар Оточ Манрамба Их сургуулийг төгссөн хүмүүс байдаг. Манай багш нараас үнэхээр сайн мэргэжилтэн бэлтгэгдсэнийг харж болно. Уламжлалтын эмч өрнийн анагаах ухааны эмч нарыг бодвол илүү бодь сэтгэлтэй, хүнийг хайрлах энэрэх, асрах сэтгэлтэй байдаг. Эмч хүн ямар ч хүнийг ялгалгүй тэгш харьцах ёстой байдаг. Ганц хүүтэй эх адил бүх хүнийг хайрлах ёстой. Хамгийн гол нь манай сургуулийн оюутнууд энэ сэтгэлийг өөртөө үүсгэсэн байдаг.
-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу тал нь юу вэ?
-Өрнийн анагаах ухаан нь өвчнийг шинж тэмдгээр нь эмчилдэг бол уламжлалт анагаах ухаан өвчнийг шалтгаан нөхцлөөс нь эхэлж эмчилдэг. Шинж тэмдгийг нь яаж ч дарсан өвчний эх үүсвэр болсон шалтгааныг нь эмчлээгүй тохиолдолд бүрэн эдгэж чадахгүй ш дээ. Тиймээс уламжлалт анагаах ухааны хамгийн том давуу тал өвчнийг уг үндэс сууриар нь эмчилдэгт байгаа юм.
-Уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг мэдээллийг хүмүүст яаж хүргэх ёстой вэ?
-Хүмүүсийн уламжлалт анагаах ухааны талаарх мэдээлэл муу байгаа. Би уламжлалтаар сурдаг гэхээр хүмүүс “Чи тэгээд бариач болох уу” гэж асуудаг. Уламжлалт анагаах ухааныг зөвхөн бариа заслаар ойлгож болохгүй. Уламжлалтад маш олон төрлийн эмчилгээ, засал байгаа. Тиймээс уламжлалтын эмч нар үзэж оношилж, эмчилж байгаа хүн бүрдээ маш сайн зөвлөгөө өгч, таниулах хэрэгтэй. Манай сургуулийн анхны төгсөгчдийн нэг АУ-ы доктор Ж.Амарсанаа “Бүгдээрээ хамтарч нийтээрээ зүтгэж байж уламжлалт анагаах ухааныг олон нийтэд таниулна” гэж хэлж байсан.
-Дэлхийн улс орнуудад уламжлалт анагаах ухааныг их сонирхож байгаа. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эмч нарыг маш сайхан боломжууд хүлээж байгаа байх?
-Тэгэлгүй яахав, бидэнд асар их нөөц, боломж бий. Европын анагаах ухаан нэг эм гаргалаа, тэр нь хэдэн жилийн дараа мухардалд орж хор хөнөөлтэй болдог. Одоо бүгд л антибиотикээс татгалзаж, уламжлалт эмчилгээг хийлгэж байна. Ер нь цаашдаа эмгүй эмчилгээ, нэг хүнд зориулсан эмчилгээ тархах байх. Уламжлалт анагаах ухааны гол зарчим бол хувь хүнд, бодгальд таарсан эмчилгээг хийдэг шүү дээ. Тиймээс уламжлалт анагаах ухаан их эрэлттэй байгаа.
-Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид гадаадын олон улс оронд амжилттай ажиллаж байгаа. Сургуулийн зүгээс төгсөгчдийг гадаадад ажиллуулах боломж нөхцлөөр хангадаг уу?
-Зөвхөн манай сургуулийн төгсөгчдийг ажилд авна гэж гадаадын олон эмнэлгүүд ханддаг. Ялангуяа Оросын эмнэлгүүд манай төгсөгчдийг ажилд авах сонирхолтой байдаг. Дээрээс нь манай сургуулийн гадаад харилцаа улам өргөжиж, Тайвань, Япон, АНУ, Польш, Болгар гээд олон оронд мэргэжилтэн солилцох хөтөлбөрийг хэрэг-жүүлэхээр ярьж байгаа. Тиймээс бидэнд их боломж бий.
-Сургалтын материаллаг баазаар хэр хангагдсан бэ?
-Сургуулийн байр, номын сан, бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, хийд гээд сургалтын баазаар бүрэн хангагдсан. Манайх 80 ортой өөрийн гэсэн бааз эмнэлэгтэй учраас дадлагыг маш сайн хийдэг. Эмнэлэг дээр урт хугацаанд дадлага хийж, өвчтөнтэй харьцах, эмчлэх арга барилд суралцдаг. Тиймээс ч онол, дадлагыг маш сайн хослуулж үздэг нь давуу тал юм.
-Удахгүй сургуулиа төгслөө. Өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Төгсөөд эмчээрээ ажиллаж, уламжлалт анагаах ухааныг түгээнэ. Мундаг багш нараас ийм сайхан ном сурч үзсэн хүн мундаг эмч болохоос аргагүй. Үүнд ямар ч эргэлзээ байх ёсгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №11 (40)
Захиалгын индекс-101227