Шинийн 15-ны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан юм. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн 15-ны их хурлын талаар танилцуулъя.
Манба Дацан хийдэд билгийн тооллын сар бүрийн шинийн 15-нд Сандуйн жүдийг тогтмол хурдаг. Сандуйн жүд гэдэг нь нууц хураангуй дамжлага гэсэн утгатай бөгөөд энэ увидас нь Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл болох Ганжуур, түүний тайлбар болох Данжуурт багтдаг юм. Монголчуудын дунд Алтангэрэл судар, Сандуйн жүд хоёр машид өргөн дэлгэрсэн нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Их Юань гүрний үед Хубилай Сэцэн хааны зарлигаар бүтээсэн Ганжуурт Сандуйн жүд багтсан байдаг ба харин Алтангэрэл судар нь III Далай лам Хөх нуурт саатан заларч ахуйд нэгэн санваартан Алтангэрэл судрыг III Далай ламд өргөснөөр хожим Ганжуурт багтжээ.
Сандуйн жүдийн хурал нь дараах эрэмбээр горимлогдсон байдаг. Үүнд,
1. Намдаг Аарима буюу “Асар ариун цастын эх” хэмээгдэх Богд Зонхавагийн магтаал
2. Сонин гайхамшигт билэг найраг хэмээх Бурхан гэгээнээс Богд ламыг хүртэлх дамжлагын мэргэдэд залбирна.
3. Сандуйн язгуурын дамжлага хийгээд хойтын дамжлага сэлт үүн дотроо Хэрүгэ, Калачакрагийн дамжлагууд, Сандуйн ерөөл, Өлзий оршоох ерөөл, Мигзэм уншдаг.
Сандуйн жүдийн гол утга дараах дөрвөн мөр шүлгэнд хурсан гэх бөгөөд хураангуйгаар нь уншвал дараах дөрвөн мөрийг уншдаг.
Хураангуй нууцаас гарсан
Түүнчлэн ажирсан /Бурхан/ бүгдийн нууц
Очирын шимийг хурааснаас
Онц тэр ямагтыг Ялж төгссөн
/Бурхан/ номлон соёрхо.
Энэ нь Бурхан бүгдийн нууц увидасыг шим буюу очирт зарлиг, очирт лагшин, очирт таалал бүгдийн мөн чанар, эгэл хүмүүн хэрхэн муу сэтгэлийг төгс тэвчээд илт онохуй /дээд танин мэдэхүй/, их нигүүлсэнгүй сэтгэл хоёрыг арга билгийн ёсоор хослон барилдуулах аргын тухай айлдсан буй заа.
Мөн
Лагшин, зарлиг, тааллыг дээд
Түүнчлэн ажирсан бүгдийн нууц
Тэнцэшгүй бодь сэтгэл
Ялж төгссөн та шимийг номлон соёрхо
Хэмээн уг зарлигт байдаг бөгөөд хэрхэн нигүүлсэнгүй сэтгэлийг олох аргыг номлосон болохыг эндээс харж болно.
Очирт таалал гэдэг нь орчлонгийн юмс үзэгдлийн оршихуйн мөн чанар болсон хоосон чанарыг төгс төгөлдөр танин мэдвэл зовлон зовлон биш, өвчин өвчин биш үгүйрэл үгүйрэл биш, дайсан үгүй, янаг амраг, садан үгүй бүгд тэгшид орших ёсны тухай айлдсан байдаг.
Шинийн 15-ны хуралд даган баясч, хуруулснаар амьд хүмүүнд нас, буян, алдар сууг хайрладаг, цаг бусын үхэл, өвчин адыг зайлуулдаг бол нас нөхцсөнд хойтын мөрийг дээш татагч увидастай билээ.
Сандуйн жүд уншсан ламын салхин доогуур нь гарахад гурван муу заяанд унахгүй, хилэнц нүгэл нь арилдаг. Эрт дээр үеэс Монголчууд Сандуйн жүд судрыг тахиж дээдэлж шүтэж ирсэн бөгөөд элс үлээж адис жинлав хүртээгээд ажил төрөл бүтээх, машин унаандаа цацан осол бүгдийг зайлуулж, энэ ба хойтын буянд зориулж өргөдөг.
Сандуйн жүд судрыг биедээ авч явсан, бичсэн, бичүүлсэн, тахисны буянаар тэр хүмүүнтэй барилдлага бүхий хүмүүсийн нүгэл нимгэрдэг. Мөн амьд хүнд элдэв муу ёр үзэгдэх, муу зөн совин татах, нас нөхчсөн хүмүүсийн хувьд элдэв өлзий бус ёр тэмдэг гарвал даруй Сандуйн жүд уншиж засдаг эрт дээрээс уламжилсан ёс бий.

Манба Дацан хийдийн хурлын лам Б.Сүхбат

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *