С.Хүрэлбаатар: Манба Дацан эмнэлгийн эмчилгээний үр дүн ямар ч эмнэлэгтэй харьцуулашгүй сайн

Манба Дацан эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гуайтай ярилцлаа.

-Та Манба Дацан эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг. 20 гаруй жил Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлжээ. Та уламжлалт анагаах ухааны ач тусыг хэрхэн хүртэж байв?
-Манай гэр бүлийнхэн Д.Нацагдорж багшийн чадвар, тэр хүний байгуулсан эмнэлэг, дацаны ач буяныг олон жил эдэлж, Хамба багшийг гурван үеэрээ шүтэж, багш шавийн барилдлагатай яваа хүмүүс. Миний хувьд сүүлийн арваад жилд жил болгон хэвтэж эмчлүүлж байна. Нэг хэвтээд эмчлүүлчихвэл жилээ сайхан даадаг. Энэ удаад би нэлээд хавантай, өндөр даралттай, сахар ихтэй орж ирсэн. 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмчилгээний үр дүн гараад тэнцвэрт байдалдаа ороод сайхан боллоо.

-Манба Дацан эмнэлгээр олон жил үйлчлүүлсэн хүмүүс уламжлалт анагаахын талаар нэлээд мэдлэг, мэдээлэлтэй болсон байдаг. Таны хувьд?

-Зориуд судлаагүй ч Хамба багш, эмч нарын зөвлөгөө, Г.Одонцэцэг докторын Оношзүй номыг үзэж, уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэлтэй болсон. Нарийн гайхамшигтай шинжлэх ухаан гэж шүтэж явдаг. 1991 онд анх Хамба багштай танилцсан. Настай ээж минь хүнд өвчтэй, хэвтэрт байхад эмнэлгүүд 45 хоногоос хэтрэхгүй настай гэж байлаа. Тэгэхэд Хамба багш эмчилж, ээжийг минь гурван жил энх тунх явуулсан. Түүнээс хойш биширч хүндэтгэж, Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байх явцдаа багш шавийн барилдлагатай болсон.

-Уламжлалт анагаах ухааны давуу тал нь юу вэ?

-Хүний бие махбод, өвчин зовиурийг засч илааршуулахын тулд зөвхөн тэр эрхтэнийг эмчлээд зогсохгүй, цаад өвчин үүсгэж байгаа шалтгааныг нь эмчлэх тал дээр анхаардаг нь давуу тал. Европын анагаах ухаан молекулын түвшинд оношилдог, эмчилдэг л ана-гаах ухаан шүү дээ. Тэгвэл уламжлалт анагаах ухаан нь тухайлсан нэг эрхтэнг биш өвчнийг үндэс сууриар нь эмчилдэг. Энэ бол хамгийн чухал.

-Та Японд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар хоёр ч удаа томилогдож, Японд олон жил амьдарсан. Энэ хугацаанд ч гэсэн Манба Дацан эмнэлгийг байнга зорьж ирдэг. Анагаах ухаан их хөгжсөн Япон орны эмнэлгүүдтэй харьцуулахад Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ ямар байна?

-Японд анагаах ухаан их хөгжсөн. Эмнэлгүүд нь, эмчилгээ үйлчилгээ нь маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Би сахарын зовиуртай хүн л дээ. Түүнээс үүдэлтэй судасны бөглөрөл, зүрх, бөөр гээд өвчин зовиураа Японд эмчлүүлдэг. Гэхдээ яагаад жил бүр Манба Дацан эмнэлэгт эмчлүүлдэг вэ гэхээр Манба Дацан эмнэлгийн арга барил, эмчилгээний үр дүн ямар ч эмнэлэгтэй харьцуулашгүй сайн. Ядаргаа, хий хуй, аливаа өвчний шалтгаан, зовиурыг арав хоногийн дотор сайхан болгож тэнцвэржүүлдэг. Хамба багшийн чадварыг зөвхөн би төдийгүй гадаадын олон улс орны хүмүүс таньж мэдээд зориуд эмчлүүлэхээр ирж байна шүү дээ. Тиймээс л би жил болгон бодон бодон ирж эмчлүүлж, Манба Дацан эмнэлгээс салахгүй байгаа юм. Би Манба Дацан эмнэлгийг байгуулагдсан цагаас нь л мэднэ. Манба Дацан эмнэлэг маань хөгжил дэвшлийн хуулиар л явж байна. Анх Манба Дацан хийд байгуулагдаад эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо хоёр сайхан барилга бариад улам өргөжин, орчин үеийн стандарт шаардлагыг хангасан эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэр болж өргөжсөн. Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуульд зөвхөн Монгол орны өнцөг булан бүрээс тө-дийгүй дэлхийн олон улс орноос хүмүүс ирж эмчлүүлж, суралцаж байна. Түүнийг нь би хажуунаас нь харж бахархан, өөрөө ач буяныг нь хүртээд явж байна даа.

-Японд бас уламжлалт анагаах ухаан бий. Уламжлалт анагаах ухааных нь хөгжил ямар түвшинд байна?

-Японд уламжлалт анагаах бий л дээ. Гэхдээ тэр нь нэлээд хоцрогдчихсон, уламжлалт анагаах ухаан гэхээсээ илүү европ анагаах ухаанаа хөгжүүлэх чиглэлд илүү анхаарсан юм билээ. Ардын эмчилгээ, оношзүйг хуулиар хориогүй ч зохицуулсан юм байдаггүй. Сүүлийн үед химийн бус эмчилгээ, эмийн чиглэлийг хөгжүүлэх гээд эхлэл төдий л байж байгаа газар. Ер нь сүүлийн үед Японд дорно дахины анагаах ухаан, өрнө дахины анагаах ухаан хоёрын ололттой, дутагдалтай талуудыг нь харгалзаад түүнийг нийлүүлэх, ойртуулах арга ухаан юу байна вэ гэдгийг судалж, ажиллаж байгаа юм билээ.

-Та уламжлалт анагаах ухааны эрүүл зөв амьдрах арга барилаас амьдралдаа хэрэгжүүлдэг үү?

-Тэгэлгүй яахав. Манба Дацан эмнэлгийн эмч нар зөвлөгөө мэдээлэл сайн өгнө. Наад зах нь идээ унд, явдал мөрөө тохируулах, жижиг зовиур шаналгааг хэрхэн яаж өөрөө анагаах зэргээс эхлүүлээд цэгэн бариаг хүртэл мэддэг болсон. Түүгээрээ өөрийгөө болгоод л явдаг юм. Манба Дацан эмнэлгийнхэн уламжлалт анагаахын талаар үйлчлүүлэгчидтэй мэдээлэл сайн өгдөг нь талархууштай. Уламжлалтын талаар мэдлэг мэдээлэлтэй байвал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах боломжтой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №09 (38)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *