Монголын Уламжлалт Анагаах Ухаан (УАУ) нь олон мянган жилийн түүхтэй, нотолгоонд суурилсан биеэ даасан анагаахын шинжлэх ухааны нэгэн томоохон салбар юм. Эрүүл мэндийн салбарт УАУ-ы хэрэгцээ, шаардлага сүүлийн жилүүдэд Азидаа төдийгүй дэлхий даяар асар хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч УАУ-ы тусламж үйлчилгээний хэрэглээ, төсөв санхүүжилт жил тутам нэмэгдсээр байгаа нь УАУ-ы оношилгоо, эмчилгээний үр дүн өндөр, өртөг бага, хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдэг, байгалийн гаралтай, аюулгүй, хүртээмж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой юм.
Дэлхийн зарим улс орнуудын УАУ-ы хэрэглээ
Номхон далайн баруун эргийн УАУ-ы бүсийн стратеги (2011-2020), ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дурдсанаар дээрх улс орнуудын хүн амын талаас илүү хувь (63%) нь УАУ-ы тусламж, үйлчилгээг сонгодог бөгөөд УАУ-ы хэрэглээ 2001-2008 онд 11,5 хувиар өссөн байна.
ДЭМБ-аас УАУ-ы Стратегийг анх 2002 онд батлан гаргасан бөгөөд одоогоор УАУ-ы стратеги (2014-2023), Номхон далайн баруун эргийн УАУ-ы бүсийн стратеги (2011-2020)-ийг шинэчлэн гаргаж, олон улсад мөрдөж байна. Уг стратегиудад хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нотолгоонд суурилсан олон улсын стандартад нийцэхүйц УАУ-ыг нэвтрүүлэхийг эрхэмлэн тусгаж өгчээ. УАУ-ы стратеги (2014-2023)-д тусгаснаар 1999 онд УАУ-ы талаар төрөөс баримтлах бодлого бүхий 25 улс байсан бол энэ тоо 2012 онд 3 дахин өсчээ. Энэхүү төрөөс баримтлах бодлогод тухайн улс, орнуудын УАУ-ы түүх, соёл, боловсрол, судалгаа шижилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөгжлийн чиг хандлага, хууль, эрхзүйн орчин нөхцөл зэрэг холбогдох бүхий л бичиг баримтууд цогц тусгагдсан байдаг.
Манай Монгол улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн гишүүн орон бөгөөд УАУ-ыг хөгжүүлэх төрийн бодлого (1999 он), хөтөлбөртэй анхны 25 улсад багтдаг, УАУ-ы тусламж үйлчилгээний чанар, хүртээмжээрээ Азидаа тэргүүлэгч орнуудын нэг юм. Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан үзүүлэх” гэж заасан байдаг. Мөн УИХ-аас 1999 онд анхлан баталсан “УАУ-ыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон “УАУ-ыг хөгжүүлэх хөтөлбөр 2015-2018”-ийн хүрээнд УАУ-ы эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлтэй холбоотой хууль эрхзүйн олон баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.
2016.4.22-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд зааснаар УАУ-ы эмч, сувилагчид нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг зэрэг төрийн болон хувийн өмчийн аль ч шатлалын эмнэлгийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны төв болон сургалтын байгууллагуудад ажиллах хууль эрх зүйн нөхцлөөр бүрэн хангагдсан ба УАУ-ы тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулагддаг байна. Мөн ДЭМБ-аас уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны болон бүх шатлалын эмнэлгийн байгууллагуудад нэвтрүүлэх талаар ихээхэн анхаарал тавин ажиллаж байна.
Эдгээр УАУ-ы талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр зэрэг эрүүл мэнд, боловсролын талаарх хууль эрхзүйн баримт бичгүүдийг батлуулан хэрэгжүүлэхэд Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан төвийн эрдэмтэн багш, эмч, мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Оточ Манрамба Их Сургууль нь боловсрол, анагаах ухааны хөгжлийн олон улсын чиг хандлага, Монгол улсын төрийн бодлогод тулгуурлан Эрдэм шинжилгээ-Сургалт-Үйлдвэрлэлийг шинжлэх ухааны уламжлалт болон орчин үеийн аргаар зүй зохистой баяжуулан хөгжүүлж, үндэсний өв уламжлалаа хүндэтгэдэг, хүнлэг нигүүлсэнгүй сэтгэл оюунтай, дээд боловсролтой мэргэжлийн түвшинд ажиллах, хөгжих, хөрвөх чадвартай, чанартай мэргэжилтэн судлаачдыг бэлтгэх таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгодог.