ДЭМБ-ын төлөөлөгчид Манба Дацан төвийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын УАУ-ы салбарын хөгжилд өндөр үнэлгээ өглөө

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Баруун бүсийн Номхон далайн эргийн Уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх Юу Ли Пак болон Солонгосын Эм хүнсний яамны Эмийн лаборатори хариуцсан дэд дарга тэргүүтэй ДЭМБ-ын зөвлөхүүд Манба Дацан МУЭСТөвд анх удаа зочилж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчид Манба Дацан төвийн салбар байгууллагууд болох Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын уламжлалт анагаах ухааны өнөөгийн нөхцөл байдал, эмийн ургамлын аюулгүй байдлын лаборатори, эмийн сан, эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүйн баталгаажилт, хууль эрхзүйн орчны талаар судлан, харилцан санал солилцлоо.

ДЭМБ-ын Баруун бүсийн Номхон далайн эргийн Уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх Юу Ли Пак Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмнэлэг, эмийн үйлдвэртэй танилцсаны дараа “Монгол улс нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр бүсдээ тэргүүлэгч орон гэдэг. Гэхдээ би монголд анх удаа ирж байгаа болохоор уламжлалт анагаах ухааны салбарын хөгжил яг ямар түвшинд байгаа талаар тодорхой төсөөлөлгүй байсан. Гэтэл Манба Дацан төвтэй танилцаад уламжлалт анагаах ухааны томоохон эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэрийг нэг дор цогцлоосон байгааг хараад үнэхээр их гайхлаа. Энэ хэмжээнд хөгжсөн байна гэж төсөөлөөгүй. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байгаа танай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсондоо баяртай байна” хэмээв.

ДЭМБ нь эрүүл мэндийн үйлчилгээний анхдагч шатны байгууллага буюу өрхийн эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгааг ДЭМБ-ын төлөөлөгчид онцолж байсан бөгөөд ирэх 9 дүгээр сард энэ талаар хэлэлцэх томоохон хурлыг зохион байгуулах аж. Тус хурлаар хувь хүн рүү чиглэсэн, үр дүн өндөртэй мөртлөө өртөг багатай уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх талаар бодлого боловсруулах, эрүүл мэндийн үйлчилгээний анхан шатны байгууллагуудад уламжлалт анагаах ухааны оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хот хөдөөгүй тэгш хүргэх тал дээр гишүүн орнуудыг зөвлөмж аргазүй, мэдээллээр хангах, туршлага солилцох зэрэг асуудлыг ярилцаж, шийдэлд хүрэх юм байна.

Энэ талаар МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн захирал, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж хэлэхдээ “Монгол нутагт үйл ажиллагаа явуулж байсан 250 гаруй Манба Дацангууд өрхийн эмнэлгийн үүргийг гүйцэтгэж, хүн ардад уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг үзүүлж байсан. Гэвч хэлмэгдүүлэлтийн үеэр эдгээр Манба Дацангуудыг устгаж, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ нэг хэсэг хаагдмал байдалд орсон. Гэхдээ бид 1990 онд МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийг байгуулсанаас хойш өдий 27 жилийн хугацаанд хувь хүнд чиглэсэн үр дүнтэй уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг ард иргэдэд аюулгүй, чанартайгаар хүргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны байгууллагуудад нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсаар ирсэн. Манай төгсөгчдийн багагүй хувь нь өдгөө өрхийн эмнэлгүүдэд ажиллаж, уламжлалт анагаах ухааны аюулгүй, чанартай оношилгоо, эмчилгээг хүргэж байна. ДЭМБ энэ чиглэлд анхааран ажиллаж байгаад бид бүхэн талархаж байна. ДЭМБ-ийн уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөхүүд манай төвд айлчилж, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн түвшинд өндөр үнэлгээ өгсөнд баяртай байна. Уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны байгууллагуудад нэвтрүүлвэл хүн амын өвчлөл буурах өндөр ач холбогдолтой. Тиймээс Манба Дацан төв, Оточ Манрамба Их сургуулийн зүгээс ДЭМБ-ийн зорилго, зорилт, зөвлөмжид нийцүүлэн ДЭМБ-ийн суурин төлөөлөгч, ЭМЯ-аараа дамжуулан энэ ажлыг үр дүнтэй хэрэгжих талаас нь хамтран ажиллах бөгөөд манай сургуулиас төрөн гарсан уламжлалт анагаах ухааны мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин энэ чиглэлд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *