Т.Чимэд: Манай сургуулийн бааз эмнэлэг орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөн
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 5-р курсын оюутан Т.Чимэд
–Манай сургуулийн сурах таатай нөхцөл бүрдсэн. Дээр нь манай бааз Манба Дацан эмнэлэг ч орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөнөөр бидэнд дадлага хийж, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж бүрэн нээгдсэн. Бид эмнэлэг рүүгээ ороод өглөө бүр өвчтөний шээсийг үзэж шинжилж, өвчний түүхийг нь хараад, өөрөө судсыг нь барьж үзээд эмчлэгч эмчийн тавьсан оношийг өөрийнхөө оноштой харьцуулж, эмчилгээний тактикаас санаа авч, дүгнэлт хийж дадлагаждаг. Мөн сургуулийнхаа эмийн ургамал түүх хөдөөгийн баазад дадлага хийх зэргээр дадлага, туршлага хуримтлуулах бааз байгууллагууд олон бий. Манай сургуульд Medical English хичээл бас ордог болсон.
Б.Батчимэг: Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд шууд л сургуульдаа ирж бүртгүүлсэн
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 6-р курсын оюутан Б.Батчимэг
-Арван жилд байхдаа Оточ Манрамба Их сургуулийн талаар сонсчихсон, орно доо гээд бодчихсон байсан. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд шууд л сургуульдаа ирж бүртгүүлж байлаа. Анх сургуулийнхаа үүдээр ороод л хүсч мөрөөдөж, эрж хайсан зүйлээ олсон мэт баярлаж байсан. Би тухайн үед хүсч мөрөөдөж байсан зүйлтэйгээ учирсан болохоор маш их шамдалтайгаар номоо үзэж эхэлсэн. Хамба багш маань эмч хүн маш их буянтай байх ёстой, тиймээс Манлын ном, бурханы ном үзэж байгаа нь буян хурааж байгаа хэрэг. Буянтай эмчийн өвчтөн нь хүртэл хурдан эдгэрдэг гэж хэлж байсан юм. Тэр үеэс л уламжлалт анагаах ухааныг судалж байгаа хүмүүс бурханы номыг үзэх нь зөв юм байна гэж ойлгосон.
Д.Сэлэнгэ: Сайн эмч болох арга ухааныг заадаг нь Оточ Манрамба Их сургуулийн хамгийн том давуу тал
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 4-р курсын оюутан, “Өег Импекс” ХХК-ийн захирал Д.Сэлэнгэ
-Манай сургуульд энэрэх нигүүсэх сэтгэлтэй эмч болохын мөн чанарыг илүү сургадаг. Зөвхөн эрдэм мэдлэгтэй эмч болох нь гол биш. Эмч хүнд эмчийн мөн чанар гэдэг зүйл байх ёстой. Үүнийг бий болгохын тулд бид өглөө болгон уншлага уншдаг. Бид энэрэнгүй сэтгэлийг үүсгэж, үйлийн үрээ нимгэлж байгаа учраас өглөө бүр уншлагаа унших дуртай. Өвчтөнтэйгээ адилхан үйлийн үртэй, материаллаг эд зүйлсэд шунах үзлээсээ салаагүй, өөрсдөө сэтгэлээ номхотгоогүй байж яаж бусдын сэтгэлийг засах вэ. Хамгийн сайн эмч хүний сэтгэлийг эмчилдэг гэдэг. Сайн эмч болох арга ухааныг заадаг нь манай Оточ Манрамба Их сургуулийн хамгийн том давуу тал.
Ц.Гэрэлмаа: Уламжлалт анагаах ухаанаар сурч байгаа нь надад маш том давуу тал болж байна
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 5-р курсын оюутан, Спортын мастер, Хүндийн өргөлтийн тамирчин Ц.Гэрэлмаа
-Уламжлалт анагаах ухаанаар сурч байгаа нь надад маш том давуу тал болж байна. Би уламжлалт анагаах ухааны эмч болохыг маш их хүсч мөрөөдөж байж, Оточ Манрамба Их сургуульд орсон. Манай сургууль уламжлалтын хамгийн сайн сургууль учраас миний мөрөөдлийг биелүүлэх бүхий л боломж бүрдсэн. Цаашид уламжлалтын эмчийн мэргэжлээ спорттойгоо холбох чиглэлээр түлхүү ажиллана. Уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн зүгээс хэрхэн эрүүл байх вэ, тамир тэнхээгээ алдахгүйн тулд ямар эм, эмчилгээг хэрэглэх вэ зэргээр өөрийнхөө хэмжээнд судалж, хэрэглэж үр дүнг нь амсч энэ жил олон улсын тэмцээнд амжилттай оролцсон.
Агата Болак: Би Оточ Манрамба Их сургуулийг үнэхээр сайн сургууль гэж хэлнэ
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 1-р курсын оюутан, Польш улсын иргэн Агата Болак
-Уламжлалт анагаах ухаан хүний бие сэтгэлийг бүтнээр нь авч үзэж, судалдаг. Үүнийг жинхэнэ утгаар нь, нэгдсэн системээр зааж чадах сургууль бол Оточ Манрамба Их сургууль юм. Би Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж байгаад Оточ Манрамба Их сургуулийн тухай мэдсэн. Ийм сургууль байгааг мэдээд их баярласан. Хамгийн гол нь судас оношилгоог хийж сурахад мэдрэмж их хэрэгтэй юм шиг санагдсан. Тиймээс чадварлаг багш нар, практик дадлага хийх бааз эмнэлэгтэй байгаа нь маш том боломж юм. Би Оточ Манрамба Их сургуулийг үнэхээр сайн сургууль гэж хэлнэ. Миний өмнө нь сурч байсан сургуулиас тэс өөр, өвөрмөц онцлогтой сургууль.
Т.Баттулга: Түвд хэл дээрх анагаах ухааны эртний ном судруудыг өөрсдөө уншиж судалж чадна гэдэг бидний давуу тал
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы их эмчийн 6-р курсын оюутан, Намдолдэчинлэн хийдийн зоч лам Т.Баттулга
-Манай сургууль их сургуулийн статустай, улсын хэмжээний том сургууль. Эмч хүн ямар байх ёстой, ямар мэдлэг боловсрол эзэмших ёстой тэр бүгдийг хамгийн сайн сургаж чаддаг сургууль гэж боддог. Оюутнуудад богино хугацаанд маш их зүйлийг сургадаг. Би 11 настайгаасаа түвд хэлийг үзсэн бол манай сургуулийн оюутнууд нэг, хоёрдугаар курсдээ түвд хэл үзээд л бараг надтай адил түвшинд хүрсэн байсан. Манай сургуулийн оюутнууд нэгдүгээр курсээс эхлэн түвд хэл үзэж, уламжлалт анагаах ухааны онол, арга зүйг хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн анагаах ухааны судар номоос түвд хэлнээс нь судалдагаараа давуу талтай. Түвд хэл дээрх анагаах ухааны эртний ном судруудыг өөрсдөө уншиж судалж чадна гэдэг бидний давуу тал. Оточ Манрамба Их сургууль Түвдийн сургуулиудаас дутахааргүй сайн сургалттай учраас би элсэн орсон. Надаас гадна маш олон лам хуврага Оточ Манрамба Их сургуульд суралцаж, төгссөн байдаг. Манай доод курст ч олон лам бий.
С.Хулан: Бид маш мундаг багш нараар хичээл заалгадаг учраас сайн мэргэжилтэн болж төгсөнө гэдэгтээ итгэлтэй байна
Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн 3-р курсын оюутан С.Хулан
-Одоогийн байдлаар манай улсад уламжлалт эмийн эмзүйч мэргэжилтэй хүн бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс манай сургууль уламжлалтын эмзүйч мэргэжлээр элсэлт авч, дараа жил анхны төгсөлтөө хийх гэж байна. Бид уламжлалтын эмзүйч мэргэжлээр ажиллах боломжтойгоос гадна европ эмийн эмзүйчээр ч ажиллах боломжтой нь бидний давуу тал. Түүнчлэн бид маш мундаг багш нараар хичээл заалгадаг учраас маш сайн мэргэжилтэн болж төгсөнө гэдэгтээ итгэлтэй байна. Бид уламжлалт эмийн талаар Буддын гүн ухааны профессор, Хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж багшаараа заалгаж, европ эмийн хичээлийг эмнэлзүйн анхдагчид болох АУ-ы доктор, профессор Д.Энэбиш, Г.Чойжамц багш нараараа заалгадаг. Бидэнд боломж их бий. Энэ боломжийг олгож байгаа Оточ Манрамба Их сургуульдаа баярлалаа гэж хэлмээр байна.
Ч.Банзрагч: Зөвхөн лам хуврага гэлтгүй Буддын гүн ухаанд сонирхолтой хэн бүхэн Оточ Манрамба Их сургуульд суралцаарай
Манба Дацан хийдийн бага унзад лам, Оточ Манрамба Их сургуулийн Буддын гүн ухаан судлалын 4-р курсын оюутан Ч.Банзрагч
-Буддын гүн ухаан судлалын тэнхим үүсгэн байгуулагдсанаараа лам хуврага бидэнд ач холбогдолтой, тус өгөөжөө өгч байна. Тус сургуулийн эрдэмтэн багш нараар нэр орчуулга, буддын судлалыг заалгаж, 4 жил суралцаж амжилттай төгслөө. Эрдэмтэн багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Хойшид энэ тэнхимд зөвхөн лам хуврага гэлтгүй Буддын гүн ухаан судлалд сонирхолтой хэн бүхэн суралцаасай гэж хүсч, уриалж байна.
Л.Майдар:Манай сургуулиас өөр уламжлалт анагаах ухааны сувилагч бэлддэг сургууль байхгүй
Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн 4-р курсын оюутан Л.Майдар
Манай сургуулиас өөр уламжлалт анагаах ухааны сувилагч бэлддэг сургууль байхгүй. Үүгээрээ манай сувилахуйн тэнхим онцлог. Мөн ангидаа би ганцаараа эрэгтэй сувилагч төгсч байгаагаараа бас онцлог. Сувилагч бол хамгийн сайхан мэргэжил. Би энэ мэргэжлийг эзэмшиж байгаадаа баяртай байна. Төгсөөд европ анагаах ухааны эмнэлэгт ч, уламжлалтын эмнэлэгт ч ажиллах боломжтой мэргэжилтэн төгсгөж байгаа нь манай сургуулийн давуу тал. Тиймээс бид аль ч чиглэлдээ мэргэшин, аль аль анагаах ухааны давуу тал, онцлогийг шингээсэн эмчилгээ үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэж чадах мэргэжилтэн болно гэсэн. Манай сувилахуйн ангийн төгсөгчид европ анагаахын сувилагчидтай харьцуулахад бариа засал, төөнүүр, усан болон рашаан, шөл эмчилгээ, тарни бясалгал, сэтгэл заслын сувилгааг хийх чадвартайгаараа онцлог. Би Оточ Манрамба Их сургуульд суралцаж, энэ жил сургуулиа амжилттай төгссөндөө баяртай байгаа.