Оточ Манрамба Их Сургуульд түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулагдан хурлаа хийлээ

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын Докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2017 оны 251-р дугаар тушаалаар Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, тус зөвлөлийн түшиц сургуулиар Оточ Манрамба Их сургууль байхаар баталжээ.

Монголын уламжлалт анагаах ухаан нь 5000 жилийн түүхтэй бөгөөд энэхүү түүхэн хугацаандаа дэлхийн олон оронд алдар цуу нь дуурсагдсан хэдэн мянган эрдэмтэн, эмч нар төрөн гарсан юм. Уламжлалт анагаах ухаан 1990 оноос дахин сэргэн хөгжсөнөөс хойш олон доктор, эрдэмтэн мэргэд төрсөн бөгөөд 27 жилийн дараа өнөөдөр ийнхүү Уламжлалт анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулагдан Оточ Манрамба их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд анхны хурлаа хийлээ.

Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний даргаар Академич, АУ-доктор, профессор Ч.Чимэдрагчаа, Орлогч даргаар Академич Д.Цэрэндагва, Нарийн бичгийн даргаар Академич Ш.Болд нар ажиллах бөгөөд Академич Д.Батсүрэн, доктор Г.Одонцэцэг, Б.Дагвацэрэн, Б.Саранцэцэг, З.Ариунаа, Г.Чойжамц, Б.Лагшмаа, С.Цэцэгмаа, Б.Болдсайхан, Ж.Амарсанаа, Б.Цэрэнцоо, П.Батхуяг нарын 15 докторын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Хуралд тус зөвлөлийн түшиц их сургуулиар сонгогдсон Оточ Манрамба Их сургуулийн захирал, Хүний гавъяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор, Хамба лам Д.Нацагдорж уригдан оролцсон юм. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах биеэ даасан зөвлөл байгуулагдаж байгаа нь уламжлалт анагаах ухааны түүхэнд бичигдэх үйл явдал юм. Уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэн мэргэд энэхүү зөвлөлийг байгуулах саналыг олон жилийн өмнөөс тавьж, өнөөдөр ажил хэрэг болгож байгаад баяртай байна. Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн түшиц сургуулийн хувьд Оточ Манрамба Их сургуулиас бүхий л талаараа дэмжин ажиллаж, уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Оточ Манрамба Их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш уламжлалт анагаах ухааны салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн, эрдэм судлалын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Тиймээс та бүхэнтэй хамтран ажиллаж, энэ хариуцлагатай зөвлөлийн үйл ажиллагаа бүхий л талаар дэмжин ажиллах болно” гэсэн юм.

Уламжлалт анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга Академич, АУ-ы доктор, профессор Ч.Чимэдрагчаа зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ “Оточ Манрамба Их сургууль бол уламжлалт анагаах ухааныг түүчээлэн хөгжүүлж, уламжлалт анагаах ухааны салбарын олон эрдэмтэн докторуудыг төрүүлсэн сургууль юм. Уламжлалт анагаах ухааны эрдэм судлалын ажлыг өндөр түвшинд хүргэж, хөгжүүлж ирсэн Оточ Манрамба Их сургууль манай зөвлөлийн түшиц сургууль болсонд баяртай байна. Тиймээс манай Уламжлалт анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажил амжилттай явагдаж, уламжлалт анагаах ухааны салбараас Нобелийн шагналтан төрнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *