С.Түмэнгэрэл: Манба Дацан эмнэлгийн байгууллагын соёл их онцлогтой санагдсан

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Өгөөж чихэр боов ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэлтэй ярилцлаа.

-Таньтай өглөө бүр сошиал ертөнцөд “Хамгийн сайхан өглөөний мэнд хүргэе” постоор чинь уулздаг. Өнөөдөр харин Манба Дацан эмнэлэгт уулзаж байгаа нь онцлог байна.
-Тиймээ, би бүх хүнтэй “Хамгийн сайхныг өглөөний мэнд хүргэе” гэсэн сайхан постоороо мэндчилэхийг хүсдэг. Хэрэв та анзаарсан бол “Хамгийн сайхныг өглөө” гэж бичдэг. Энэ нь өглөө болгон хүнд аливаа сайхныг өгдөг, бид өглөөг эрүүл саруул угтаж байгаа нь сайхан, үүнийг хүн бүр мэдрээсэй гэсэндээ тэгж бичдэг. Өнөөдөр ч мөн тэгж бичиж, өглөөг Манба Дацан эмнэлэгт эхлүүллээ. Би Монголын уламжлалт эмчилгээний талаар урьд нь найз нөхдөөсөө сонсч байсан. Зарим нь сайн гэдэг, зарим нь муу л гэдэг. Угаасаа социолизмын үеэс уламжлалт анагаах ухаан жар, далан жил дарагдаад, энэ талаарх хүмүүсийн ойлголт янз бүр болчихсон. Харин сүүлийн үед уламжлалт анагаах ухааны уламжлагдаж ирсэн эмчилгээ, өв соёл сэргэж байгаад баяртай байна. Тиймээс ч уламжлалтаар нэг эмчлүүлж үзэх юмсан гэсэн бодолтой явсаар Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэхэд ямар сэтгэгдэл төрж байна. Манба Дацан эмнэлгийг яагаад сонгов?
-Өвөрмонголчууд уламжлалт эмчилгээгээ их хэрэглэдэг, шүтдэг, эмчлүүлдэг. Гэтэл монголчууд нэг их хэрэглэдэггүй. Уламжлалтаар эмчлүүлж үзэх юмсан гэж бодож явсаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн. Эмнэлэгт байх хугацаандаа Манба Дацан эмнэлгийн зөвлөх оточ, гавъяат эмч Хамба лам Д.Нацагдорж, Г.Одонцэцэг доктор, бусад эмч нартай уулзаж ярилцахад уламжлалт анагаах ухаан үнэхээр гайхамшигтай, сонирхолтой санагдсан. Уламжлалт анагаах ухаан нь ямар учиртай юм, яаж эмчилдэг, яаж сурдаг юм гээд маш олон зүйлийн талаар ярилцсаны эцэст уламжлалт анагаах ухааныг судлах хүсэл төрсөн. Эмчилгээгээ эхлээд, тан ууж эхэлсэн. Маш их таалагдсан. Тан уусан эхний хэдэн өдөр хямардаг юм байна. Тэгж өвчнийг нь хөдөлгөж байгаад үндсээр нь дардаг учраас тан маш сайн гэдэг юм билээ. Д.Нацагдорж хамба ламтай ярьж байхад тангаар ихэнх өвчнийг эдгээдэг гэж байсан. Уламжлалт анагаах ухаанд эмэн эмчилгээнээс гадна засал эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээнүүдийг хийдэг. Эмийн бус эмчилгээнд зүү, төөнүүр, рашаан, бумба, бариа гээд 120 гаруй төрлийн эмчилгээ байдаг юм байна. Би зүү тавиулахаас бусад эмчилгээг нь хийлгэлээ.
-Манба Дацан эмнэлгийн эмч нарын бясалгал, мөргөл танд илүүтэй таалагдсан гэсэн. Та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Би буддын философийг хүндэлдэг. Зарим нэгийг нь дагадаг, заримынх нь учрыг ухаж ойлгохыг хүсдэг, олохыг хичээдэг. Буддын гүн ухаанд хүндэтгэлтэй, сүсэгтэй ханддаг. Манба Дацан эмнэлэгт эмч нар нь өвчтөнүүдийнхээ төлөө залбирч байгааг хараад нэг зүйлийг ойлгосон. Буддын шашин, уламжлалт анагаах ухаан хүний сэтгэлийг ариусгаж, өөрийгөө болон бусдын сэтгэлийг ойлгон хүндэтгэхэд сургадаг том ухаан юм байна гэдгийг мэдэрсэн. Манба Дацан эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийнхээ төлөө залбирч байгаа нь энэ эмнэлгийн маш том онцлог. Би өмнө нь энэ уншлага номыг зөвхөн хийдэд л уншдаг байх гэж бодож байсан. Тиймээс ч эмч нарын уншлага залбирал үйлдэж байгааг хараад талархаж, үүнийг маш зөв соёл гэж бодож байна. Хүн итгэлээр амьдардаг учраас хүмүүст энэ нь их урам зориг өгдөг байх.
-Таны амьдралын хэвшил, дадлын талаар сонирхмоор санагдлаа. Хүнсний салбарт олон жил ажилласан хүний хувьд зөв дадал хэвшилтэй байх гэж бодогдлоо?
-Зөв хэвшилтэй байхыг хичээдэг. Зөв гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Миний хувьд уламжлагдаж ирсэн философи, соёл, сургаалийг үнэн зөв юм болов уу гэж мэдрэхээрээ түүнийг дагачихъя гэж боддог. Хүн төгс биш учраас алдаа онооноосоо суралцаад түүнийгээ сайжруулаад, өөрийнхөө итгэж үнэмшсэн зүйлээ зөв юм байна гэж явахыг хичээдэг дээ.
-Танай компани анх 10 гаран нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол одоо 170 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манлай үйлдвэр болсон. Хүн амынхаа хүнсний аюулгүй байдлын төлөө ажиллахдаа та юуг гол чиглэлээ болгож ирсэн бэ?
-Ерөөсөө л дэлхийн хөгжил цэцэглэлттэй яаж хөл нийлүүлэх вэ, Монголын хэрэглэгчиддээ яаж сайн бүтээгдэхүүн хүргэх вэ гэдэг санаа бодлоор явж ирсэн. Орон орны техник технологийг судалж, аль тохирохыг нь авчирч нутагшуулаад илүү амттай, өнгө зүстэй, хэрэгтэй, чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн хүслээр хамт олонтойгоо ажиллаж байна.
-Та ямар нэг спортоор хичээллэдэг үү?
-Өөрийнхөө биед тохируулаад ууланд алхах, гүйх, туухай өргөх, бассейнд сэлэх зэргээр эрүүл мэндээ бодож спортоор хичээллэхийг хичээдэг. Ямар нэг спортоор тууштай хичээллээд, түүндээ амжилт гаргасан зүйл байхгүй.
-Уламжлалт анагаах ухаанд алхалтыг явдал мөрийн дээд нь гэдэг. Тэгэхээр ууланд алхах нь хамгийн зөв явдал мөр болж байгаа юм л даа.
-Тийм шүү. Уламжлалт анагаах ухаанд идэх уух, явах суухаа өөртөө, улиралдаа зохицуулаад эрүүл зөв амьдардаг нь маш чухал санагдсан. Явдал мөр гээд нэрийг нь хүртэл сайхан оноосон байгаа юм. Ууланд алхах үнэхээр сайхан. Эрүүл агаарт гараад алхаж байхдаа аливаа зүйлийг эргэцүүлж, боддог учраас бас нэг талаараа бясалгал болдог. Ууланд авирах нь хүний амьдрал шиг юмдаа гэж би боддог. Уулын оргил өөд зарим нь чирүүлээд, үүрүүлээд гардаг бол зарим нь гүйгээд л гардаг шүү дээ.
-Та гадаадын олон улс оронд сурч, амьдарч байсан. Тэр үед эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч л байсан байх. Ер нь гадаадын эмнэлгүүдтэй харьцуулахад Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ ямар байна?
-Олон орноор явж байсан. Одоо эргээд нэг тоолоход ажил амралтаа хослуулаад 70-аад оронд явсан байна. Тэр үеэрээ урьдчилан сэргийлэх зорилгоор олон эмнэлэгт үзүүлж байсан. Манба Дацан эмнэлэг орчин үеийн шаардлагад нийцсэн сайхан эмнэлэг. Орчин нь ч тэр, уламжлалаа авч явж байгаа зан заншил, байгууллагын соёл нь ч тэр их онцлогтой санагдсан. Уламжлалт анагаах ухааны эмчилгээг орчин үеийн хөгжилтэй хослуулаад явж байгаа эмнэлэг гэж хэлнэ. Би Д.Нацагдорж гуайг маш их хүндэтгэж байна. Энэ бүхнийг цогцоор нь бий болгоод авч явж байгаа нь асар их хөдөлмөр. Өнөөдөр манай нийгэмд бизнес эрхлэх, аливаа зүйлийг бүтээхэд ямар их саад тотгор байдаг билээ, үүнийг даваад ийм мундаг цогцолборыг байгуулсанд би бизнес эрхэлдэг хүний хувьд бахархаж, баярлаж байна. Хамгийн гол нь уламжлалаа хадгалж үлдэхийн зэрэгцээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн ажиллаж байгаа нь үнэхээр мундаг санагдсан. Эмнэлэг, эмийн үйлдвэр, сургууль, хийд гээд бүхнийг нэг дор цогцлооход асар их хөдөлмөр, тэвчээр, ухаан шаардагдана шүү дээ. Тиймээс Манба Дацан эмнэлгийн захирал, Хамба лам Д.Нацагдорж болон эмнэлгийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *