Спортын мастер Ц.Гэрэлмаа: Уламжлалтын эмчийн мэргэжлээ спорттойгоо холбож ажиллана

Шинэ Зеланд улсын Аукланд хотод болсон “World Masters Games-2017” Олон улсын спортын наадам өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр болсон бөгөөд дэлхийн 28 орны 100 мянга гаруй тамирчид спортын 28 төрлөөр оролцжээ. Энэхүү тэмцээний хүндийн өргөлтийн төрөлд манай улсаас эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчин оролцсон бөгөөд баг хамт олноороо амжилттай оролцоод ирсэн байна.
Монголын эмэгтэй тамирчдын багт Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 5-р курсын оюутан, спортын мастер Ц.Гэрэлмаа багтаж, өөрийн жиндээ 4-р байрт орсон амжилтыг үзүүлээд иржээ.

Спортын мастер Ц.Гэрэлмаатай спортын амжилт, хичээл сургуулийнх нь талаар ярилцлаа.

-“World Masters Games-2017” Олон улсын спортын наадамд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Тэмцээндээ хэрхэн оролцсон талаар ярихгүй юу?
-Миний хувьд 63 кг-ийн жинд оролцож, 4-р байрт орсон. Хүрэл медаль авсан тамирчнаас нэг кг дутуу өргөсөн ч өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцсон гэж дүгнэж байгаа. Энэ удаагийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцсон учраас Монголын Үндэсний Олимпийн хорооноос Хүндийн өргөлтийн тамирчдыг “Дурсгалын алтан медаль”, “Олимпийн алдар” одонгоор шагнасан. Миний хувьд “Олимпийн алдар” одонгоор шагнуулсандаа баяртай байна. Тэмцээн болсон орон маань цаг агаарын хувьд манайхаас өөр, халуун орон байсан учраас манай тамирчдад агаарын даралтын өөрчлөлт бага зэрэг нөлөөлсөн. Мөн энэ тэмцээнд оролцоод зөвхөн үндсэн бэлтгэлээ хийхээс гадна сэтгэлзүйн болон тактикийн бэлтгэл сайн хангах ёстой байсныг ойлгосон. Цаашид энэ тал дээр анхаарна.
-Бэлтгэлээ хэр хийсэн бэ. Өөрөө Оточ Манрамба Их сургуульд уламжлалтын эмчээр сурдаг. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийхэд амаргүй байсан байх?
-Тиймээ, хичээл бэлтгэл хоёроо аль алийг нь орхигдуулахгүй байхыг хичээсэн. Өглөө нь хичээлдээ явж, өдөр нь бэлтгэлээ хийгээд аль алийг нь зохицуулаад явдаг. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ спорт, мэргэжил хоёр минь миний зорьсон зүйл учраас аль алийг нь орхигдуулахгүйг хичээдэг. Тэмцээнд явахаас сарын өмнө сургуулиасаа түр хугацаагаар чөлөө авч бэлтгэлээ шуурхайлсан. Намайг энэ тэмцээнд оролцоход зардал мөнгөний асуудлыг шийдэж өгсөн хамаатан садан, гэрийнхэндээ, намайг үргэлж дэмжиж бэлтгэл хийх боломжоор минь хангаж, ойлгож тусалдаг багш нартаа, ангийнхандаа маш их талархаж байна.
-Дараа жил сургуулиа төгсөнө, цаашид эмчээрээ ажиллах уу. Ямар зорилго тавиад байгаа вэ?
-Мэдээж эмчээрээ ажиллана. Цаашдаа магистрт сурах бодол байна. Ер нь эзэмшиж байгаа мэргэжилдээ эзэн болохын тулд сурах зүйл их бий. Цаашид уламжлалтын эмчийн мэргэжлээ спорттойгоо холбох чиглэлээр түлхүү ажиллана. Тамирчин хүн тэр дундаа хүндийн өргөлтийн тамирчдын хувьд бэлтгэлийн дараа булчингаа суллах шаардлага гардаг. Бэлтгэлийн дараа бариа засал, зүү, төөнүүр болон бусад засал эмчилгээг хийвэл тамирчид маань илүү амжилт гаргах боломжтой гэж боддог. Бусад орны тамирчдын хувьд нэг тамирчны ард эмч, массажист, сэтгэлзүйч, тогооч гээд бүхэл бүтэн баг ажиллаж байж амжилт гаргадаг бол манай тамирчдад энэ асуудал учир дутагдалтай байдаг.
-Тамирчин хүн уламжлалт анагаах ухаанд суралцаж байгаа нь олон талын давуу талтай байгаа байх. Дээр хэлсэнчлэн уламжлалт анагаах ухааны зүгээс өөрийгөө дасгалжуулж байна уу?
-Тиймээ, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн зүгээс хэрхэн эрүүл байх вэ, тамир тэнхээгээ алдахгүйн тулд ямар эм, эмчилгээг хэрэглэх вэ зэргээр өөрийнхөө хэмжээнд судалж, хэрэглэж үр дүнг ч амссан. Тиймдээ ч энэ өвөл ханиад хүрсэнгүй, тамираа алд-сангүй. Хүндийн өргөлт бол хүнд спорт. Уураг, витамин зэрэг нэмэлт зүйл хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр энэ тэмцээнд орсон. Тиймээс энэ удаагийн тэмцээн бол монгол хүний хүч чадлыг сорьсон тэмцээн болсон гэж хэлж болно. Энэ дашрамд, Хүндийн өргөлтийн баг тамирчдаа маш сайн хариуцаж явсан Ц.Оюунчимэг эгчдээ баярлалаа. Мөн Шинэ Зеланд улсад ажиллаж амьдарч байгаа О.Майбаяр ахынхаа гэр бүл, үр хүүхэд, дүү нарт нь баярласан талархсанаа илэрхийлье. Уламжлалт анагаах ухаанаар сурч байгаа нь надад маш том давуу тал болж байна. Би уламжлалт анагаах ухааны эмч болохыг маш их хүсч мөрөөдөж байж, сургуульдаа орсон. Манай сургууль уламжлалтын хамгийн сайн сургууль учраас миний мөрөөдлийг биелүүлэх бүхий л боломж бүрдсэн. Хажуудаа Манба Дацан бааз эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр гээд материаллаг бааз суурь сайтай. Тиймээс Оточ Манрамба Их сургуульд сурч байгаадаа би маш их баярладаг.
-Одоо ямар тэмцээнд оролцох вэ?
-Шведэд Европын аварга, Австралид Дэлхийн цомын тэмцээн болно. Эдгээр тэмцээнд орохыг хүсч байгаа. Гэхдээ аливаа тэмцээнд ороход зардал мөнгөний асуудал гардаг учраас тэр болгон явж амжихгүй. Гэхдээ бэлтгэлээ сайн хангаад аль болох оролцохыг хичээнэ.

-Ярилсанд баярлалаа. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *