Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын ангийн анхны төгсөлт боллоо

Уламжлалт анагаах ухааны анхны их сургууль болох Оточ Манрамба Их сургуулийн төгсөлтийн баяр өнөөдөр болж, Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн ангийн 16 дахь, Сувилахуйн ангийн 5 дахь, Буддын гүн ухаан судлалын ангийн анхны төгсөлт боллоо. Ингэснээр Монголын эрүүл мэнд, буддын судлалын салбарт шинэ мэргэжилтнүүд, боловсон хүчин нэмэгдэн орж байна.

Оточ Манрамба Их сургууль нь Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны сувилахуй, Буддын гүн ухаан судлаач, Эмзүйч гэсэн мэргэжлээр элсэлт авч, сургадаг бөгөөд энэ жилийн хувьд Буддын гүн ухаан судлалын ангийн анхны төгсөлт болж байгаагаараа онцлогтой.

МУЭСТ Манба Дацан нь шашин соёлын болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд төвийн дэргэд Оточ Манрамба Их сургуулийг үүсгэн байгуулж, Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжлээр бакалаврын боловсролтой дээд мэргэжилтэн бэлтгэж ирсэн билээ. Тэгвэл 2013 оноос эхлэн шинээр Буддын судлаач мэргэжлээр сургаж эхэлсэн нь ийнхүү энэ жил анхны төгсөлтөө хийж байна.

Монголд олон сүм хийд байгаа ч тэнд сууж, ард иргэдэд шашны үйлчилгээ үзүүлэх лам хуврага цөөхөн бий. Нөгөө талаас зах зээлийн нийгэмд шилжиж эхэлснээр маш олон хүүхдийг шашны нэгдсэн бодлогогүй, системгүй, зохион байгуулалтгүй, боловсрол олгох сургалтад хамруулсан. Тиймээс тэдэнд шашны системтэй боловсрол олгох шаардлага хэрэгцээ тулгарч буй. Түүнчлэн Монголын олон залуус Энэтхэг, Хятад, Төвд зэрэг Дорно дахины улсын сүм хийдэд шавилан сууж, ном үзэж ирсэн ч мэдлэг мэргэжлийг нь баталсан мэргэжлийн диплом, боловсролын гэрчилгээ үгүй байгаа нь энэ чиглэлийн сургалтыг явуулах шаардлага байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэ эрэлт хэрэгцээг харгалзаж Буддын судлаачийн ангийг нээсэн билээ.

Буддын судлалын ангид ЕБС-ийг төгссөн, ЭЕШ өгч зохих оноо авсан эсвэл шашны байгууллагад 5 болон түүнээс дээш жил ажилласан, гадаадад шашны боловсрол олгох сургалтанд 2 жил, түүнээс дээш хугацаагаар суралцсан боловсролтой иргэнийг элсүүлэх боломжтой.

Оточ Манрамба Их сургууль нь магадлан итгэмжлэгдэж, ахисан түвшинд аттестатчилагдсан бөгөөд эрдмийн зэрэг цолтой чадварлаг багш нар ажилладаг юм. Мөн оюутнууд мэргэжлийн Англи, Төвд хэлтэй болж төгсдөг онцлогтойгоос гадна 2500 оюутны суудал бүхий 6000 м2 9 давхар хичээлийн байранд хичээллэж, ховор ном судар, сурах бичиг бүхий номын сангаар үйлчлүүлэх боломжтой юм.

Хамгийн гол нь Оточ Манрамба Их сургууль нь сургалтын материаллаг баазыг бүрэн анхаарч, 80 ортой бааз эмнэлэг, 160 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэдэг уламжлалт эмийн үйлдвэрт дадлага хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Буддын судлалын ангийн оюутнууд Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдэд дадлага хийх, туршлага солилцох цаашлаад шавилж суух боломжтой юм. Манба Дацан хийд нь дотоод, гадаадын олон байгууллагатай хамтран ажиллаж, лам нарынхаа мэдлэг боловсролд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг билээ. Одоогийн байдлаар тус хийдийн 5 лам оюутан Испани улсын төрийн бус байгууллагын тэтгэлгээр суралцаж байна.

Цаашид зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээг өргөн хэрэглэх хандлагатай байгаа тул Оточ Манрамба Их сургууль нь уламжлалт эмийн эм зүйч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд Эм зүйчийн ангийн анхны төгсөлт дараа жил тохиох юм.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *