Инээмсэглэх нь дархлааг сэргээж, цусны даралт бууруулах шидтэй

Оточ Манрамба Их сургуулийн 1-р курсын оюутан Ц.Энхтуяа

Бидний харилцааны чухал хэрэгсэл бол нүүр царайны хувирал бөгөөд нүүрний булчингийн хөдөлгөөнөөр сэтгэлийн асар их хувилбар, нарийн ялгааг гадаад төрх байдлаараа дамжуулан илэрхийлдэг. Хүний төрлийн уг язгуур нь буяны мөн чанартай тул энэ төрөлдөө баяр баясгалантай, амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжтой талаар Манла бурханы номонд дурьдсан байдаг. Монгол хэлний их, бага тайлбар толиос харахад инээх үйлийн хүндэтгэлийн хэлбэр нь мишээх бөгөөд бурхадын царай амирлангуй, мишээнгүй гэжээ.
Инээмсэглэл бол хүн төрөлхтөний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувиралын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр бид 18-19 янзаар инээдэг байна. Инээмсэглэхэд “Эндорфин” буюу аз жаргалын гормон болон “Серотонин” хэмээх стресснээс ангижруулагч бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг. Инээмсэглэх нь стресснээс ангижруулаад зогсохгүй бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй бөгөөд ханиаднаас сэргийлэхэд нэн тустай.
Инээмсэглэлийг судалдаг шинж-лэх ухааныг “Житоложи” гэдэг. Энэ нь инээмсэглэлийн сэтгэлзүй болоод бие махбодод үзүүлэх харилцан нөлөөллийг судалдаг байна. Инээмсэглэх үед хүний нүүрний дээд уруулыг өргөгч булчин, хацрын том жижиг булчин зэрэг нүүрний олон булчингуудыг өргөж тэнийлгэдэг бол сэтгэлдээ таагүй мэдрэмж бий болгох үед хүзүүний шар мах болон уруул буулгагч булчингууд амны өнцөг болон доод уруулыг доош татаж, эрүүний арьсыг үрчийлгэн царайг барайлгадаг. Тиймээс инээмсэглэл нь сайхан харагдахын нууц гэж хэлж болно.
Инээмсэглэл гэдэг нь сэтгэл хангалуун, хамгийн тааламжтай үеийн гадаад илрэл, өөрт бий болсон өвчин эмгэгээ эмчлэх хэрэглэгдэхүүн-эм болгон ашиглаж болох өөрийн доторх гайхамшигт чадвар. Хүний инээх үйл нь гадаад инээмсэглэл бол өөдрөг, баяр баясалтай, урам зоригтойгоор өөрийгөө болон бусдыг гэсэн цаглашгүй сэтгэлтэй байвал тэр нь дотоод инээмсэглэл болох юм. Тиймээс та инээмсэглэлээрээ бусдыг тайвшруулан, асрал хайр энэрэл түгээж, орчин тойрныхоо хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байгаарай. Инээмсэглэл бол шидэт эм юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *