Т.Чимэд: Сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой байгаа

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны Хүний их эмчийн 5-р курсын оюутан Т.Чимэдтэй ярилцлаа. Тэрбээр шатрын спортоор сургуульдаа тэргүүлдэг манлайлагч оюутнуудын нэг бөгөөд дөрөвдүгээр сард зохион байгуулсан Оточ Манрамба Их сургуулийн дөрвөн төрөлт тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн юм.

-Саяхан болсон сургуулийн дөрвөн төрөлт тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээнд оролцсон амжилтаасаа хуваалцаач?
-Арван жилд байхаас шатрын спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Оюутан болоод хичээлийнхээ хажуугаар шатраа орхилгүй, сургуулийнхаа найзуудтайгаа нийлж чадвараа улам сайжруулж, сургуулийнхаа нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон. Өнгөрсөн жил хувийн хэвшлийн дөрвөн том сургуулиудын дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээнд сургуулийнхаа оюутнуудаас баг бүрдүүлж амжилттай оролцсон. Энэ удаагийн дөрвөн төрөлт тэмцээний шатрын төрөлд алтан медаль, 100 буудалт даамны төрөлд бас алтан медаль авсан. Сүүлийн медалийн төлөөх тоглолтууд их өрсөлдөөнтэй байсан. Манай сургуульд шатар, даам сайн тоглодог хүүхдүүд их бий. Тэдэнтэйгээ хааяа нэгдэж санал бодлоо солилцон, бодлого бодож ур чадвараа сайжруулдаг.
-Даам, шатрын төрөлд зэрэгтэй юу?
-Одоогоор зэрэг аваагүй. Шатрын төрөлдөө зэрэг авна гэсэн төлөвлөгөөтэй, судалж байна. Улсын том тэмцээнүүдэд амжилттай оролцож зэрэг авах болзол хангадаг юм билээ.


-Эмч мэргэжлийг, Оточ Манрамба Их сургуулийг яагаад сонгох болсон тухайгаа яриач?
-Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Ээж маань ч эмч мэргэжилтэй. Бусдад тусалдаг буянтай мэргэжил шүү дээ. Гэхдээ миний хувьд Оточ Манрамба Их сургуульд орох тухай ерөөсөө бодоогүй. Аав маань энэ сургуулийг сайн судалсаны эцэст намайг орохыг зөвлөсөн. Анх сургуульдаа элсч ороод арван жилийн ангийнхаа хоёр найзтайгаа тааралдаад нэг ангид орсон. Эхний өдөр манай сургуулийн захирал Г.Одонцэцэг багш маань түвд хэл зааж, “Га” үсгээс нь эхлүүлээд бүгдийг нь нүдлүүллээ. Гэртээ хариад аавдаа түвд хэлний хичээл орсон тухай яриад “Би ямар сургуульд орчихвоо” гэж эргэлзэж байсан. Харин аав маань эсрэгээрээ их баярлаж, “Сайн байна миний хүү, зөв сургуульдаа оржээ” гэж билээ.
-Анх эргэлзэж байсан бодол чинь одоо яаж өөрчлөгдсөн бэ?
-Мэс заслын эмч болъё гэж боддог байсан болохоор уламжлалтын эмч болох тал дээр итгэлтэй байгаагүй. Эхний нэг жилдээ учраа олохгүй тэвдэж байсан бол бурханы номыг үзэж эхэлснээр миний эргэлзээ бүрэн арилсан. “Би ямар сургуульд орчихвоо” гэж бодож байсан эргэлзээ маань 100 хувь өөрчлөгдөж хичээлдээ улам шамдах болсон. Түвд хэл үзсэний дараа Итгэл, Ламадан гэж оюун ухааныг сайжруулах бурханы тарни ном үзэж, уламжлалт анагаах ухааны онол шүнг заалгаж мэдсэнээр сургуульдаа талархах болсон. Хүн болгон бурханы хутгийг олж болдог. Зургаан зүйлийн амьтны төрөлөөс бурханы дээд төрөлийг олох боломжтой нь хүний төрөл юм. Тарни номыг үзсэнээр буян хурааж, бусдын тулд буян үйлдсэнээр бид бурханы хутгийг олох боломжтой. Тиймээс би өөрийгөө их буяны үрээр энэ сургуультай холбогдсон гэж боддог. Тэгээд ч эмч хүн хэдий чинээ буян хураана төдий чинээ сайн эмч болно гэдэг учраас багш нарынхаа хэлсэн үгийг хэрэгжүүлэхийг зорьж, буян номд шамдахыг хичээдэг.
-Түвд хэлээр бүх хичээлээ үздэг үү?
-Түвд хэл бол уламжлалт анагаах ухааны үндсэн хэл гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухаан, буддын шашны судар ном, зохиолуудыг түвд хэл дээр үзэж судалж, олон ном судрыг харьцуулж уншсанаар чадвараа дээшлүүлэх боломжтой. Манай номын сан маш баялаг номын фондтой. Түвд хэл дээрх анагаах ухааны эртний ном судруудыг өөрсдөө уншиж судалж чадна гэдэг бидний давуу тал. Анх яагаад түвд хэл заагаад байгаа юм болдоо гэж эргэлзэж байсан бол одоо түвд хэлгүйгээр урагш алхаж чадахгүй гэдгээ ойлгосон.
-Оточ Манрамба Их сургуулийн сургалтын орчин, материаллаг бааз хэр хүртээмжтэй вэ?
-Бид 1-р курст байхдаа хийдийн байранд хичээллэдэг байсан. Харин одоо бол манай сургуулийн шинэ байр ашиглалтад орж сурах таатай нөхцөл бүрдсэн. Дээр нь манай бааз Манба Дацан эмнэлэг ч орчин үеийн стандарт шаардлагыг хангасан нэгдсэн эмнэлэг болж өргөжсөнөөр би-дэнд дадлага хийж, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж бүрэн нээгдсэн. Бид эмнэлэг рүүгээ ороод өглөө бүр өвчтөний шээсийг үзэж шинжилж, өвчний түүхийг нь хараад, өөрөө судсыг нь барьж үзээд эмчлэгч эмчийн тавьсан оношийг өөрийнхөө оноштой харьцуулж, эмчилгээний тактикаас санаа авч, дүгнэлт хийж дадлагаждаг. Мөн сургуулийнхаа эмийн ургамал түүх хөдөөгийн баазад дадлага хийх зэргээр дадлага, туршлага хуримтлуулах бааз байгууллагууд олон бий. Манай сургуульд Medical English хичээл бас ордог болсон.
-Танай сургуулийн оюутнууд өөрсдийгөө яаж хөгжүүлдэг вэ?
-Манай сургуульд оюутны “Тунгаамал” гэж клуб байсан. Салбарынхаа болон нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг эрдэмтэн судлаачдыг урьж, цуврал лекц уулзалтыг зохион байгуулдаг байсан. Үүний үргэлжлэл болгож энэ жил мөн манай сургуулийн Оюутны холбоо төгсөгчдийн “Тэжээхүй ухаан” ТББ-тай хамтран Оточ Манрамба Их сургуулийг төгссөн, салбартаа манлайлагч эмч, багш нарын лекц, уулзалтыг зохион байгуулж байгаа.
-Дараа жил сургуулиа төгсөнө. Ажлын байр бэлэн үү?
-Сургуулиа төгсөөд цэрэгт явж ирчихээд эмчээрээ ажиллана даа. Хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 он №04 (32)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *