Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын тэнхим анхны төгсөлтөө энэ жил хийнэ

Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын тэнхимийн анхны төгсөлт энэ жил болох бөгөөд өнөөдөр Буддын гүн ухаан судлаачийн ангийн оюутнуудын бакалаврын дипломны жинхэнэ хамгаалалт амжилттай боллоо. Буддын судлалын тэнхимийн оюутнууд маш олон сэдвээс шүүж дипломын сэдвээ сонгосон нь онцлог бөгөөд буддын судлаач бэлтгэдэг их, дээд сургууль болон дацан хийдүүдэд бодитойгоор үр нөлөө өгөх сэдвүүдийг сонгосон байна. Тухайлбал, Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын ангийн 4-р курсын оюутан Ч.Банзрагчийн “Бурханы шашин, түүний ёс суртахуун Монгол оронд дэлгэрсэн нь”  сэдэвт дипломын ажил нь нийгмийн аль ч салбарт ёс суртахууны үнэ цэнэ, үнэлэмжийн талаар замбараагүй ойлголттой болсон өнөө үед нийгмийн ёс суртахууны үндсэн гол багана нь буддын гүн ухаанаас улбаатай гэдгийг харуулж байгаагаараа чухал сэдэв болж байгаа юм.

Мөн Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын ангийн 4-р курсын оюутан Б.Сүхбатын “Манба Дацан хийдийн их дүйцэн хурлуудын ерөнхий тайлбар хийгээд цогчин жасаа хурлуудыг бусад хийдүүдтэй харьцуулах нь” сэдэв нь сүсэгтнүүдийн танин мэдэхүйн хэрэгцээг хангаж байгаагаараа ач холбогдолтой. Сүсэгтнүүдэд сүсэг бишрэлийн хэрэгцээнээс гадна танин мэдэхүйн хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа бөгөөд сүм хийдэд ирээд ямар ном уншуулж байгаагаа мэдэхийг хүсдэг болсоноос гадна уншуулж байгаа ном дахь зан үйлд бодитойгоор оролцохыг хүсдэг болсон. Тиймээс Б.Сүхбатын дипломын ажил сүсэгтнүүдэд тодорхой мэдээлэл өгч байгаагаараа онцлог юм.

Оточ Манрамба Их сургуулийн Буддын гүн ухаан судлаачийн ангид элсэгч нь дотоодод шашны байгууллагад 5-аас дээш жил ажилласан бол шууд элсэх боломжтой бөгөөд түүх, нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн бүрэн дунд боловсролтой хүмүүсийг элсүүлж сургана. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *