Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамцтай уламжлалт эмийн талаар ярилцлаа. Оточ Манрамба Их сургууль нь уламжлалт эмийг судлах чиглэлд амжилттай ажиллаж байгаа юм.
-Уламжлалт эмийн талаар хэрэглэгчид маш бага мэдээлэлтэй байна. Түүнээсээ болоод уламжлалт эм танг өргөн хэмжээнд авч хэрэглэдэггүй. Гэтэл уламжлалт анагаах ухааны сан хөмрөгт хүчтэй сайн эм олон бий гэж та хэлж байсан. Уламжлалт эмийн давуу талыг хэрхэн таниулах вэ?
-Уламжлалт анагаах ухааны эмийг эм биш нэмэлт бүтээгдэхүүн гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Уламжлалт эмийн үйлчилгээ, хүний бие махбодод үзүүлэх нөлөөг европ эмтэй харьцуулахад харьцангуй зөөлөн, тогтвортой үйлчилгээ үзүүлдэг. Монголын уламжлалт анагаах ухаан бол гурван гэм /хий, шар, бадган/-ийн онолтой ардын эмнэлэг биш гэж үзэх боломжтой шинжлэх ухаан юм. Зарим нэг талаараа шинжлэх ухаанаас холоо түрүүлээд хөгжчихсэн юмаа гэдэг нь харагдаж мэдэгдэж байгаа том ухаан мөн. Монгол эм нь тэр хий, шар, бадганыг аривдуулах эсвэл хэмжээг нь багасгах, зохицуулах, тэнцүүлэх замаар хүний эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд эмчилгээний ашигтай нөлөө үзүүлж байдаг. Тиймээс монголын уламжлалт анагаах ухаан бол ардын эмчилгээ биш. Зарим хүмүүс уламжлалт анагаах ухааныг ардын эмчилгээ гэж үздэг учраас шинжлэх ухаанд нотлогдоогүй зүйл гэж хэлдэг. Монголын уламжлалт анагаах ухааныг бид хүрч ойлгохгүй байгаа байж магадгүй. Монголын уламжлалт анагаах ухааны эмийг сайн судлаж, түүний давуу талын нотолгоог тогтоож чадвал монголчууд дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг гаргах, бий болгох боломжтой. Уламжлалт эмийг ард түмэн 1000 жил хэрэглээд давуу чанарыг нь мэдрээд ирчихсэн юм шүү гэдэг нь эх зохиол судлаж гаргасан олон баримтаас бэлхэн харагдаж байна. Тиймээс үүнийг Монгол түмний хэдэн зуун жил хадгалж, дамжуулж ирсэн оюуны баялаг өв сан гэж ойлгох нь илүү ухаалаг хандлага болно.
-Уламжлалт эм ямар технологиор хийгддэг вэ?
-Монголын уламжлалт анагаахын эм өөрийн гэсэн технологитой. Уламжлалт эмийн үндсэн хэдэн хэлбэр бий. Тан, талх зэрэг нунтаг эм, үрлэн эм, шингэн эмийн хэлбэр бий. Архин эм гэсэн бүлэг эм ч байна. Архин эм нь европын анагаах ухааны саяхнаас ихээхэн анхаарч эхлээд байгаа биотехнологийн зарчим шүү дээ. Ер нь эмийн биотехнологийн аргыг монголчууд аль эрт хийчихсэн юм. Архин эм гэхээр эмийн ургамлыг спиртэнд хандалчихсан ханд биш, микробийн исэлтээр эмийнхээ чанарыг өөрчилсөн эмийн бэлдмэл гэж хэлвэл зохино. Биотехнологийн аргаар өнөөдөр Европчууд хүний инсулин, өсөлтийн даавар зэрэг орчин үеийн маш өндөр технологитой, чанартай, хэт өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг гарган авч эмчилгээнд хэрэглэж байна. Гэтэл уламжлалт анагаах ухааныхан аль эрт микробын тусламжтайгаар исгэж байгаад шинэ эм гаргаад авчихсан байсныг нь бид мэдэхгүй тоохгүй, танихгүй яваад байдаг. Уламжлалт эм гэхээр хэдэн ургамал холиод л боллоо гэж хүмүүс боддог байх. Монгол эмийн найрлагад эмийн ургамлаас гадна амьтны гаралтай түүхий эд, эрдэс бодис ч бас ордог. Эдгээр эмийн найрлагад ордог хольц, түүхий эдийг номхотгох гэж том технологи бий. Монгол эмийн түүхий эдийг заавал номхотгож байж эмээнд оруулдаг. Номхотгох гэдэг нь илүү хүчтэй болгох, хүчийг нь багасгах, хүч багатай бодисын хүчийг ихэсгэх эсвэл хортой бодисыг хоргүйжүүлэх арга технологи юм. Уламжлалт анагаах ухаанд тарьдаг эмийн хэлбэр л алга. Гэхдээ Хятадад цөөнгүй уламжлалт эмийг тарилгын хэлбэрт аль хэдийн оруулчихсан байгааг мэддэг нь мэдэж л байгаа. Тэгэхээр үүнийг судлах ёстой гэсэн үг. Бид оюуны энэ их өв сан, баялагийг судалж, түгээх ажлыг хийх хэрэгтэй.
-Уламжлалт эмийг улсын бүртгэлд бүртгэж эхэлсэн. Ингэснээр чанар, аюулгүйн талаас эргэлзэх хэрэггүй гэсэн үг үү?
-Манай улсад одоогоор найман үйлдвэр уламжлалт эм үйлдвэрлэж байна. Өнгөрсөн 2015 оноос уламжлалт анагаах ухааны эмийг улсын бүртгэлд бүртгэж, технологийн болон чанарын хяналтыг нилээд сайжруулж эхэлсэн. Тэгэхээр уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эм чанарын баталгаатай, технологи нь хянагдсан гэсэн үг. Уламжлалт эмийн чанарын баталгаа гэдэг дээр хоёр зүйлийг хэрэглэгчид маань мэдмээр байгаа юм. Нэгдүгээрт, уламжлалт эмийн үйлдвэрүүд эмийн түүхий эдээ цуглуулаад эмэнд хэрэглэж болох эсэхийг шалгуулдаг. Өөрөөр хэлбэл Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмийн чанарын хяналтын төв лабораторт түүхий эдээ өгч, эмийн түүхий эд болох боломжтой гэсэн чанарын баталгаа гарснаар эм үйлдвэрлэлд хэрэглэж эхэлдэг. Хоёдугаарт, үйлдвэрлэгдэж бэлэн болсон эмийн дээжээс ахин сорьц авч шинжлүүлэн, зөвшөөрсний дараагаар зах зээлд гаргаж байгаа. Тиймээс уламжлалт эмийн чанарын баталгаа дээр эргэлзэх шаардлагагүй болсон. Гэхдээ үйлдвэрийн бус аргаар гэр орондоо хувь хүмүүс уламжлалт эм хийж борлуулах тохиолдол байдаг. Ийм эмэнд чанарын хяналт хийх боломж байхгүй. Уламжлалт эмийн үйлдвэрийн хаягтай шошготой, серийн дугаартай эмийг баталгаатай гэж үзэж болно.
-Жоргүйгээр олгох уламжлалт эм бий юу. Тухайлбал, сав агшаах танг амаржсан эх болгон уудагтай адил ийм эм, танг тийм өвчний үед ууна гээд заагаад өгчихөж болохгүй юу?
-Орчин цагийн монголчууд уламжлалаасаа их холдсон, бас европ эм ялангуяа антибиотикт хэт их найдах болсон. Дээрээс нь дур мэдэж эм хэрэглэх хандлага гүнзгий шингэчихсэн болохоор ядахдаа уламжлалт эмэндээ хандах хандлагыг нь их эвдчихгүй байхсан гэж хэлмээр байна. Хуучцуул “…маний уудаг нь Мана шитан, ноёны уудаг нь Норов дүнтан” гэж хэлэлцдэг. Бас тааврын таван танхаг эмтэй ч гэж үг бий. Хүн болгон дур мэдээд эм хэрэглэх нь онохоосоо алдах нь их байх болов уу. Эмийг эмчийн шийдвэр, сонголтоор хэрэглэх дэлхийн нийтлэг хандлага бий болчихсон цаг үед бид амьдарч байна шүү дээ.
-Уламжлалт эмийн хэрэглээг дэмжие гэвэл ЭМД-ийн дэвтрээр хөнгөлөлттэй авах эмийн жагсаалтад уламжлалт эмийг оруулж өгөх хэрэгтэй байх. Энэ хэдий хугацаанд ажил хэрэг болох бол?
-Уламжлалт анагаахын эмийн талаар хийгдсэн шинжлэх ухааны ул суурьтай нотолгоо одоо цагт тун их хэрэгтэй байна. Юуны өмнө Зайлшгүй шаардлагатай уламжлалт эмийн жагсаалт гаргах хэрэгтэй. Маш сайн судалгааны үндсэн дээр шүү дээ. Тэдгээр нь бүгд батлагдсан технологийн дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд стандартын ижил шаардлагыг хангах чанарын үзүүлэлттэй байх нөхцөлд уламжлалт анагаахын эмийг эрүүл мэндийн даатгалаар олгох эмийн жагсаалтад оруулах нөхцөл бүрдэнэ. Уламжлалт анагаахын эм эмчилгээний арга эрүүл мэндийн анхан шатны буюу өрх, сумын эмнэлгийн тусламжийн түвшинд хамгийн өргөн нэвтрэх хэрэгтэй. Наад зах нь эрүүл амьдрах арга ухааныг нь хүн амдаа зааж эзэмшүүлвэл хэмжээлшгүй их тус болох юм.
-Ярилцсанд баярлалаа.