Судсаар оношлуулахын өмнөх бэлтгэл
Судсаар шинжлэхийн өмнөх өдрөөс өвчтэй, эрүүл хэн боловч идээ унд, явдал мөрийн дэглэм сахиж, бэлтгэл хангасан байна. Гайхамшигт долоон судсыг шинжлүүлэх бол 3-7 хоногийн өмнөөс идээ, унд, явдал мөрийн бэлтгэл хангаж, хий, шар, бадган тэргүүтэй өвчний суурийг шинээр хямруулах идээ ундыг тэвчиж, сэрүүн бүлээн нь тохирсон идээ ундыг хэрэглэх бөгөөд хэт цатгалан юмуу эсвэл хэт өлсгөлөн байж болохгүй.
Мах, архи зэрэг хэт илчлэг шимтэйг идэж уух, гал наранд хэт халах, биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, ялзарсан иссэн ногоо гэх мэт халуун шарыг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ. Өтгөн цай, ямаа, гахайны мах гэх мэт их сэрүүн идээ зэрэг хүйтэн бадганыг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ.
Бэлгийн үйл хийх, ажил үйлээр нойр таслах, ихэд ярих, гаслаж шаналах, сэтгэл хямрах тэргүүтэн сэтгэлийн үйл ихдэх, удаан хугацаагаар суух, явах гэх мэт хийг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ.
Гурван гэмийн бэлгэ чанарыг хямрааж, хөдөлгөх нөхцөлүүдийг тэвчиж идээ унд, явдал мөрийн бэлтгэлийг зохих ёсоор хангах нь судас оношилгоонд чухал ач холбогдолтой. Судас оношилгоо хийх зайлшгүй шаардлага гарч, идээ унд, явдал мөрийн бэлтгэл хийх чөлөөгүй бол өвчтөн, эмч хоёул тус тусын амьсгал болон лугших судасны гүйдлийг хэвийг байдалд оруулж шинжилнэ.
Судсаар оношлох үед өвчтөн, эмч хоёр хэт даарсан, хэт халууцсан байж болохгүй бөгөөд өвчтөний гарыг мушгих, дарах, боох зэргээр судасны лугшилтын гүйдэлд өөрчлөлт оруулахаас болгоомжлох нь зүйтэй.
Өвчнийг шинжлэх хамгийн тохиромжтой судас нь гарын бугуйн лугших судас юм
Лугших судас нь хүний биеийн толгой, их бие, гар, хөл гэх мэт бүхий л хэсгүүдэд салаалан барилдаж оршдог. Хэрэв цул эрхтэн зүрхтэй ойр хүзүүний нидлог /Хүзүүний гүрээний лугших судасны нэр/, суганы үлдү /Цавьны лугших судасны нэр/ зэрэг лугших судсанд шинжилвэл зөвхөн зүрхний өвчин төдийгөөс өөр бусад өвчнийг тодруулж танихгүй. Харин гарын бугуйн лугших судас нь хүний бие махбодын дээр, доор, гадна, дотор, цул, сав бүгдэд ойр, хол нь тэнцүү оршдог. Тиймээс өвчнийг шинжлэх хамгийн тохиромжтой судас нь гарын бугуйн лугших судас юм.
Анагаах ухааны зарим судар номонд гарын бугуйн лугших судсанд өвчнийг шинжилдгийн учир шалтгааныг нийтэд эгэлийн ёсоор нарийн тайлбарлах боломжгүй хэмээн мэргэдүүд таалсан байдаг. Учир нь үүнийг тайлбарлахын тулд нууц тарнийн ухааныг сайтар мэдсэн байх шаардлагатай бөгөөд үүнтэй салшгүй холбоотой байдаг.
Эрүүл биеийн судасны лугших ёс
Өвчтэй, өвчингүйн ялгааг ерөнхийд нь судасны лугшилтын тоогоор таньж шинжилдэг. Ямар нэг өвчнөөр өвчлөөгүй, эрүүл биеийн судсыг шинжлэхдээ шинжилж буй эмчийн амьсгал нь элдэв шалтгаанаар өөрчлөгдөөгүй, хамрын сүвээр амьсгал гаргах, авах, орших гурав нь хэвийн байх ёстой. Амьсгал нь таван махбодын эрхээр явагддаг. Үүнд, Шороо, усан махбодоор амьсгал завсарт оршиход хоёр лугшина. Огторгуй, төмөр махбодоор амьсгалаа дотогш авахад нэг лугшина. Гал, хий махбодоор амьсгал гадагш гарахад хоёр лугших бөгөөд нийт таван удаа лугшдаг. Алгуур удаан амьсгалах үед тав хагас, богино амьсгалахад дөрөв хагас лугшиж болно. Арван таван удаагийн лугшилт гэх мэт цөөн лугшилтаар өвчнийг онож шинжлэхэд бэрх тул зуугаас цөөнгүй лугшилтаар сайтар шинжилвэл лугшилтын тоо нэг хэсэг их, нэг хэсэг бага, судасны дээр, доор нарийн, бүдүүн лугшиж байгаа эсэх, нэг хатуу, нэг алгуур, нэг хэсэг доороо живж, нэг хэсэг дээрээ дэлгэрч буй эсэх, үе үе зогсох, үе үе зогсохтой зэрэг таталдах, үе үе сулрах гэх мэт ямар нэг өөрчлөлтгүй, гүйдэл нь тэгш лугшиж байвал өвчингүй эрүүл биеийн судасны лугшилт юм.
АУ-ы доктор, Уламжлалт анагаах ухааны их эмч Г.Одонцэцэгийн “Онош зүй” номоос