Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг

Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болдтой ярилцлаа.

-Энэ жил Цагаанчулуут сумын хувьд өвөлжөө хэр байв?
-Бичин жил орон нутагт маань хур бороо элбэг дэлбэг, өвөлдөө өнтэй, цас бага, дулаахан, ер нь ойрын жилүүдэд тохиолдож үзээгүй сайхан жил болж өнгөрлөө. Энэ нь манай сум орон нутагт байгаа Найман Манла бурханы ач ивээл гэж манай нутгийнхан сүсэглэн биширч, залбирч явдаг юм. 2012 онд сумынхаа 60 жилийн ойд зориулан Хамба багш маань цагаан гантиг чулуугаар найман Манла бурханыг бүтээлгэн залсан. Үүнээс хойш орон нутаг маань ган зудгүй, өвс ногооны гарц ойр хавийн сумдаас илүү байгаа. Үүнийг найман Манла бурханы ач буян гэж Цагаанчулуутынхан маань үзэж, талархаж, сүсэглэж явдаг юм.
-Цагаанчулуутынхны сар шинийн золголт энэ жил ямар онцлогтой болов?
-Өнгөрсөн он сонгуулийн жил байсан. Орон нутгийн удирдлагууд солигдож, ажлаа хүлээж авсан шинэ Засаг даргын хувьд энэ жилийн золголтонд сумынхаа хурлын дарга, албан байгууллагуудын дарга эрхлэгч, багийн дарга нар гэсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй золголтондоо ирлээ. Улаанбаатар хотод суугаа Цагаанчулуутынхнаас гадна орон нутгаас олон хүн ирж, сайхан уулзалдлаа бид.
-Шинэ Засаг даргын хувьд орон нутагтаа ямар ажил, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна?
-Завхан аймгийн бодлого чиглэл, үйл ажиллагаа нь эхлээд иргэдээ сонсдог болох, дараа нь өрх бүрийг үйлдвэрлэгч, бүтээгч болгох зорилт тавьсан. Сум орон нутаг маань ч яг энэ зорилтын дагуу үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулаад явж байна. Өнөөдрийн нутгийн зөвлөлийн золголтон дээр Улаанбаатар хотод суугаа нутгийн уугуул иргэд бүгдээрээ хамтарч ажиллаж байж сум орон нутгаа хөгжүүлнэ гэдгийг Д.Нацагдорж хамба багш маань хэлж байсан.
-Хамба лам Д.Нацагдорж нутгийнхаа ард иргэдтэй хэр ойр ажилладаг вэ?
-Хамба багш маань орон нутагтаа их сэтгэлтэй, элэгтэй хүн. Нутагтаа очоод явахдаа гарахгүй болсон булаг шандын гарцыг сайжруулчихаад явдаг. Үүнд ч манай ард иргэд талархалтай хандаж, сүсэглэж биширч явдаг юм. Энэ зун Хамба багш маань нутагтаа очиж өөрийн биеэр найман Манла бурханаа тахиж, нутгийнхаа иргэдэд Манла бурханы тарни номыг зааж өгнө гэсэн. Ингэснээр дараа дараагийн жилүүдэд ард иргэд өөрсдөө тарни номоо уншаад Манла бурханаа тахидаг ёс жаяг тогтож, тэр хэрээр нутаг орон минь сайхан болох юм. Энэ үйл ажиллагаанд дан ганц Цагаанчулуут сумынхнаар тогтохгүй ойр хавийн сумдууд болох Цагаанхайрхан, Отгон, Шилүүстэй, Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалант сумын иргэд оролцох байх гэж бодож байна. Бид найман Манла бурханаа тахиж, залбирч сүсэглэж байж орон нутаг минь ган зудгүй, мал нь өссөн, хүн амь нь эрүүл байх болно. Үүнийг нутгийн түмэн минь ч хэлж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *