Тарни тоолохын ач тус хязгааргүй болой

-Тарнийг зөв уншиж, бясалгаваас адис жинлав оршино хэмээдэг-

Монголчууд олон мянган жилийн түүхийг бүтээж явахдаа бөө мөргөл, бурханы шашин, лал, христийн шашныг хүртэл авч, мөн чанарыг нь таньж мэдээд эдгээрийн дотроос бурханы шашныг сонгож шүтэх болсон. Тиймээс ч эртнээс нааш монголчууд бурханы шашны судар тарнийн ёсыг судалж мэдэн, түүнийг амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж ирсэн гэгээлэг ард түмэн юм. Хувь хүний ухамсар хэдий чинээ дээд оюунлаг сэтгэхүйтэй байна улс нийгэм тэр хэрээр амар амгалан байдаг. Энэ утгаараа залуу хойч үедээ судар тарнийн утга учир, ач холбогдлыг таниулах хэрэгтэй байна.

Тарни хэмээх үг нь мандра гэсэн санскрит үгнээс гаралтай. “Ман” хэмээх нь сэтгэл, “дра” хэмээх нь аврах гэсэн утгатай. Тиймээс тарни нь сэтгэлийг аврах, тэтгэх утгыг агуулна. Хүний бие сэтгэлийг 84 мянган нисванисийн муу сэтгэл хорлож байдгийг судалж мэдсэний үндсэн дээр түүнийг ариусгаж арилгах, хамгаалах ерөндөг болсон 84 мянган тарни номыг номложээ. Тиймээс бурхадын зарлигласан тарнийг зөв уншиж, бясалгаваас тарнийн адис жинлав оршино хэмээдэг.

Тарни тоолохын ашиг тусыг хязгааргүй гэдэг бөгөөд муу нүгэл хилэнц үйлийн үр, хүсэл, тачаал, уур хилэн, мунхаг, атаа хорсол тэргүүтэн нисванисийг арилгаж, ад тотгорыг зайлуулдаг аж. Мөн өнгө царай зүс, хийморь лүндааг бадруулж, аливаа хүн хийгээд хүн бусын хорлол хэрүүл тэмцэлд үл хорлогдох тустай. Түүнчлэн удам угсаа гени, биеийн дархлааг сайжруулж, бие сэтгэлийг нян, вирус ад хорлолоос хамгаалан, өвчин бүхнийг анагаах увидастай юм. Тиймээс ч тарни нь урт наслуулж, ухаан сайжруулан бие сэтгэлийн жаргалыг эдлэж суухад тусална.

Нар дэлхий ертөнцийг адилханаар гэрэлтүүлж ач тусаа үзүүлж байдаг боловч уулын арын хавцалд байгаа хойшоо харсан нүхэнд нарны тусгал тусдаггүй. Энэ нь нарны гэм биш нүхний гэм хэмээдэг. Үүн шиг бурхадын зарлигласан судар, тарнийн номын адис жинлав ч зургаан зүйлийн хамаг амьтан бүхэнд адилханаар туслаж, гэгээрүүлэхээр номлогдсон байдаг. Гэвч судар тарнийн ухааныг судалж, түүний адис жинлав, тус эрдмийг нь хүртэж чадахгүй байгаа нь урьдын үлгэр адил хойшоо харсан нүхтэй адил бөлгөө.

Манлын тарни:

Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ

Маха вэйхазаеэ вэйхазаеэ

Раза самуд гадэ суха

Манла бурханы тарнийг тоолох, эргэл мөргөл хийх, тахих, соёрхлыг тавьж үйлдсэний тус эрдэм хязгааргүй байна гэдгийг бурхан багш бээр дахин дахин айлдсан байдаг. Манла бурханы алдар нэр, тарнийг нэгэн удаа өгүүлснээр найман түмэн галавын хилэнц дэв, арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц, дэв арилна хэмээсэн.

Түүнчлэн заларсан долоон Манлад соёрхолыг талбиваас байх өвчин зовлонд нэрвэгдсэн нь түүнээсээ амар хялбар хагацаж, урт наслах бөгөөд өвчин зовлонгүй болж дайсан, хулгайчийн аюул тэргүүтэн амьдралд тохиолддог хорлол хөнөөл бүгд амирлах болно.

Очирваань бурханы тарни: Ум вазар бани хум пад

Очирваань бурханы тарнийг тоолох үед Очирваань бурханаас цагаан гэрэл гаран өөрт хийгээд өглөгийн эзэнд туссанаар хилэнц түйтгэрийг арилган, хишиг буян, шид бүтээл хайрлан, үйлс бүхнийг бүтээнэ. Мөн шар гэрэл туссанаар нас, буян аривжин, хүссэн бүхэн хур буух мэт ихсэх болой. Улаан гэрэл цацарч туссанаар цагаан зүгийн амьтад болон хар зүгийн тотгор бүгдийг эрхэндээ хурааж, өмнө бөхийж сөгдөж, цангинах дуу гарч байна хэмээн бодож бясалгадаг бөгөөд тэдэнд зөөлөг энэрэнгүй дүр байдлаар тушаан тэтгэнэ. Тарниа тоолохыг төгсгөөд Базарсад бурханы тарнийг тоолох Базарсад бурханы тааллын “Хум” үсгийг тойрсон зуун найман үсэг байх ба түүний лагшингаас гэрэлт рашаан цацран, өөрийн биед шингэснээр тарнийг илүү, дутуу тоолсон зэрэг тарнийн тангарагийн гэм нүгэл бүхэн арилах болно. Тарни тоолох үед амарлих, дэлгэрүүлэх тэргүүтэн үйл бүхэн бүтнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *