Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…
“Санжай” гэсэн түвд үг нь “бурхан” хэмээх утгатай. “Сан” хэмээх нь нисванисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэрээс ариуссан гэсэн утгатай. “Жай” гэсэн нь бүхий л юмсыг илтэд мэдэж, эрдэм бүхнийг төгссөн гэсэн утгыг илэрхийлнэ. “Шагжа” гэдэг нь бурхан багшийн язгуур угсааны нэр болно. Мүни хэмээх нь чадагч гэсэн утгатай үг. Нисванисын шулам, цогцсын шулам, тэнгэрийн хүүгийн шулам, үхлийн эзний шулам тэргүүтэн наян дөрвөн мянган нисванисыг даран чадагч болно. Бурхан багш анханд нь бодийн дээд сэтгэл үүсгэж, тоолшгүй гурван галавт буяны чуулган хурааж дөрвөн шулмыг дарсан гэдэг. Бурхан багш урьд үйлийн үрээр тамд төрөл таалахуйд хамт морин тэрэг татагч хүч бага нэгэн татан үл чадсанд эрлэгийн тамлагч гурван үзүүрт төмөр сэрээгээр хавиргаруу нь хатган алхаар нүдсэнд машид энэрэл төрж,“Түүнийг бүү цохи. Би өмнөөс нь хийе” хэмээн их нигүүлсэнгүй сэтгэлийг анх төрүүлж улмаар гучин гурван тэнгэрийн оронд төржээ. Бурхан багш олон төрөлдөө өглөг тэргүүтэн зургаан барамидыг төгсгөн, бодийн дээд сэтгэл төрүүлжээ.
Бурхан багш бээр Гэрэл цацрагч их цогцос бурханд өргөл хүндлэл үйлдэн, буяны чуулган хурааснаас эхлэн тоолшгүй их галавт долоон түм таван мянган бурханд тэр адил үйлдэж, буяны чуулган хурааж, их бодьсадвагийн эхний газрыг олсон. Мөн Чухаг дээд гишүүн бурханд өргөл хүндлэл үйлдэн, буяны чуулган хурааснаас эхлэн тоолшгүй хоёр дахь их галавтаа долоон түм зургаан мянган бурханд тэр адил үйлдэж, буяны чуулган хурааж, их бодьсадвагийн хиргүй, гэрэл үйлдэгч, гэрэл цацруулагч, судлахад бэрх, илт болох, хол одох хэмээх газар мөрийг олжээ.
Мөн Мармэзад бурхан: “Ирээдүйд чи сайн галав хэмээх цагт хүмүүний нас зуу болох үед Шагжатүв бурхан болно” гэж эш үзүүлснээр жэва тагтиг жатаг мянган дияаныг олж, их бодьсадвагийн наймдугаар газар олсноор бурхан болсон. Одсүрэн бурхан бээр тоолшгүй гурав дахь галавтаа долоон түм долоон мянган бурханд буяны чуулган хурааж эцэстээ бурханы хутгийг олжээ. Бурхан багшийн алдрыг сонссоноор найман тvмэн их галавын хилэнц арилж, бодийн дээдээс vл буцагч болдог. Бурхан багш Ринчэннинбо бурханаас таван зуун их тангараг авч, цөвийн цагийн орныг огоот барьж, арван зvгт шавь нарыг бодийн дээдэд хөтөлсөн байдаг.
Бурханы хутгийг олоход саад болох зүйлийг “шулам” хэмээх бөгөөд үүнд нисванисын шулам, цогцсын шулам, үхлийн эзний шулам, тэнгэрийн хүүгийн шулам гэж дөрөв байх бөгөөд эдгээр дөрвөн шулмыг дарж чадвал бид гэгээрэлд хүрнэ. Хүн нь өөрийн нисванисын муу сэтгэлд хорлогдон нүгэл үйлддэг. Хорлон буй энэ сэтгэл нь нисванисын шулам бөгөөд нэгэнт нүгэл үйлдсэн тул үйл нисванисын эрхээр орчлонд зовлонгийн бие цогцсыг авч төрөөд үүндээ хорлогдон зовдог бөгөөд энэ бие цогцос нь цогцсын шулам юм. Төрсний эцэст үхэх нь орчлонгийн жам ёс тул эцэстээ үхэхийн зовлонд нэрвэгдэн үхлийн эзний шуламд хорлогдон үхдэг. Ийнхүү төрөх, үхэх зэргээр орчлонд эргэлдэх үедээ тэнгэрийн хөвүүн буюу хар зүгийн тэнгэрүүдэд хорлогддог тул гэгээрэлд хүрч чадалгүй зовсоор байдаг. Эдгээр дөрвөн шулмаас хар зүгийн тэнгэрээс бусад нь бидний дотор байдаг. Эдгээр хорлол бүгд бидний нисванист сэтгэлээс үүсдэг. Бурхан багш: “Аливаа бодгал өөрөө өөрийнхөө аврал ч болдог, дайсан ч болдог. Бурханыг гаднаас бүү эрж хай” хэмээсэн.
Үргэлжлэлийг “Очирваань бурханы номын чуулган” номоос…