Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…
“Лам” гэсэн үгийг уйгаржин монгол үсгээр “валам” хэмээн бичдэг нь түвдээр “лам”, бичихдээ “ва, ла, м” гурван үсгийг оролцуулан бичдэгтэй холбоотой юм. “Лам” буюу “валам” нь их эрдмийн оргил гэсэн утгатай. Ла үсэг нь өндөр даваа гэсэн утгатай. Энэ нь лам багшийн эрдмийг өндөр уулын оргилтой зүйрлэсэн бөгөөд өндөр уулын оройд гарсан хэн боловч эргэн тойрноо илт харж чаддагтай адил багшийн эрдмийг түүнтэй адилтгасан зүйрлэл юм.
Ва үсэг нь үнээ гэсэн утгатай. Хүслийг хангагч их эрдэнийн үнээ нь зуун амт төгөлдөр номын цагаан сүүний шимээр шавь болон амьтан бүгдийг цаг үргэлжид тэтгэн цэнгүүлж, энэ болон хойт төрөлд нь гэгээрэлд хүргэдэг утгыг бэлгэдсэн. М (ма) үсэг нь эх гэсэн утгатай. Ганц хүүтэй эх хүн хүүгээ хэрхэн хайрлан энэрэн асарч, санаа сэтгэлээ зориулдаг лугаа адил багш бол хамаг амьтан бүхэнд нинж, асралыг хайрлагч эх нь болой хэмээсэн бэлгэдэлтэй. Энэ талаар зарим судар номд сэтгэлчлэн бүтээх сүргийн манлай, их эрдэнийн үнээ нь дээд хөлгөний гэтлэхийн зам мөрд хөтлөгч шат хэмээсэн утгатай.
Тэргүүлшгүй цагаас ачлал хайр, нигүүлслээр тэтгэсэн нь эх, эрдмийн чуулганы оргил лам мөн хэмээсэн. Багшид буруугаар бодсон эгэл төрөлхтөний атгагийг арилгахын тухайд өөрийн тэргүүний орой дээр нэг тохой өндөр орон зайд улаан, шар хонгорцогтой буман навч дэлгэсэн цагаан лянхуан дээрх арслант сэнтий дээр өөрийн их ачит язгуурын багшаа зална.
Багшийн лагшинд номын гурван хувцас лаго, танго, намжар, орой тэргүүндээ гурван аймаг савын ваншү өмссөн. Хоёр мутар нь сэтгэлийн алжаалыг анагаах мутрын чагжатай. Болгоолт нь билгүүн, энэрэлийн чадалтай. Ийм дүр байдлаар бясалгахдаа багшийг бурхан бодитойд бодох сүжгийг алдалгүй, багшаа цаг үргэлжид бурханд бясалгаж бодсоноор бясалгалын дээдийг олно.
Дүвчэн Нарова бээр: “Лам багш л байхгүй бол бурхан хэмээхийн нэр ч байхгүй. Мянган галавын бурхан ч лам багшийг шүтсэнээр гардаг” хэмээн айлдсан. Тиймээс багшийг бурхан бодитойд мэдэж үйлд. Юу зарлигласан бүгдийг нь бурханы зарлиг хэмээн мэдэж үйлд.” хэмээсэн.
Уламжлалт анагаах ухаан сонин №12 (28)