Д.НАЦАГДОРЖ: МОНГОЛЧУУД ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭЛХИЙД ГАРГАХ ЦАГ БОЛСОН

Манба Дацан МУЭСТ, “Манба Дацан” эмийн үйлдвэрийн захирал, МУ-ын Гавьяат эмч, профессор Д.Нацагдоржтой уламжлалт анагаах ухаан, уламжлалт эм бэлдмэлийн өнөөгийн хөгжлийн талаар ярилцлаа.

 -Уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн өнөөгийн байдал ямар түвшинд хөгжиж байна вэ. Үндэсний эм үйлдвэрлэл гэдэг утгаар яривал хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Монголын уламжлалт анагаах ухаан олон мянган жилийн түүхтэй. Тодруулбал, бидний судалснаар 3000 орчим жилийн тэртээгээс эм үйлдвэрлэлийн салбар хөгжиж ирсэн байгаа юм. Монголын уламжлалт анагаах ухаанаар доод тал нь 5000-6000 жороор эмийг хийдэг маш том салбар бөгөөд судлагдахуун. Манай “Манба Дацан” эмийн үйлдвэр 1990 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон түмэндээ үйлчилж байна. Ер нь өнөөдөр Монголд энэ чиглэлээр зургаан эмийн үйлдвэр нийтдээ 200 гаруй төрөл зүйлийн эмийг хийж байгаа юм. Гэхдээ цаашид энэ үйлдвэрлэлийг илүү хөгжүүлэх ёстой. Учир нь монголчууд эм үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэлхийд нэрээ гаргах учиртай.

Монголын брэнд болсон эм эмчилгээ нь уламжлалт анагаах ухаанд бий. Харин төрийн гаргасан бодлогоо хэрэгжүүлж, мөрдөх шаардлагатай. Харамсалтай нь үе үеийн Засгийн газар өрнийн анагаах ухаан руу л хүч тавьсан болохоос биш төрийн бодлогын хэмжээнд боловсон хүчин, санхүүгээр дэмжээгүй.

-Уламжлалт эм үйлдвэрлэлийг дэлхийд гаргах боломжтой гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярина уу?

-Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг нь бурхны айлдсан ном судар, шүн онол бөгөөд үүнийг хамгийн эртнээс авч хэрэгжүүлсэн улс нь Төвөд, Монгол хоёр юм. Тиймээс энэ хоёр улс дэлхий дахинд уламжлалт анагаах ухааныг гаргахад маш чухал үүрэгтэй. Өнөөдөр барууныхан уламжлалт тэр тусмаа хятадын анагаах ухааныг түлхүү сонирхож байна. Тиймээс манай улс Төвөдийг бодвол тусгаар тогтносон, ардчилсан орон гэдгээрээ маш хурдацтай хөгжих боломжтой юм. Энэ том анагаах ухааныг өвлөж авчихаад бодлогогүй явж болохгүй. Бидний эм, эмчилгээ магнайд нь явах учиртай. Тиймээс үүнийг бодлогодоо тусгах хэрэгтэй. Бид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ явж ирлээ. Одоо анхааралдаа авах цаг болсон. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахын тулд нэгдүгээрт төрт засаг, хоёрдугаарт, ард түмэн, гуравт мэргэжлийн хүмүүс өөрсдөө анхаарах хэрэгтэй. Энэ гурван хэлхээс дээр монголын нэр дэлхийд цуурайтна.

-Хэрхэн дэмжвэл зүйтэй вэ?

-Одоо эмийн үйлдвэрлэлд тавигдаж буй бүхий л олон улсын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй байх, GMP стандартыг хангах гэхчилэн асуудлууд ялгаагүй яригдана. Миний бодлоор 10 жилийн дараа дахиад л шаардлага хангахгүй ажил хийж магадгүйгээс сэргийлж, эмийн үйлдвэрүүдэд цогц бодлого явуулж, стандартад нэгтгэх нь зүйтэй. Одоо Эрүүл мэндийн яам хурдацтай, төлөвлөгөөтэй ажиллахыг л хүлээж байна.

-Өмнөх бодлогоос харахад уламжлалт анагаах ухааныг дэмжсэн зүйл байгаагүй. Одоо анхаарч байгаа зүйл байна уу?

-Одоохондоо алга. Эмийн хуульд дэмжих тухай байдаг ч ерөөсөө анхаардаггүй, улсын төсөвт ч төсөв төлөвлөөгүй. Өнөөдөр монгол уламжлалт анагаах ухааны эмийг бүх аймгуудын эмийн сангаар түгээж хүн ардад хүргэмээр байна. Тэгэхгүй бол иргэд хаа хол Увс, Ховдоос мөнгө төгрөгөө зараад манайхыг зориод ирдэг. Гэтэл сумынх нь хажууд ойрхон газраас авбал иргэн хүнд маш тустай биз дээ. Түүнээс үүдээд уламжлалт анагаах ухааны эмч нарыг өрх, сум дундын эмнэлгүүдэд ажиллуулах асуудал ч яригдана.

-Ингэхэд монголын уламжлалт эм бэлдмэл төвөд, хятад, дорно дахины уламжлалт эмээс ялгаатай юу?

-Цэвэр байгалийн аглагт ургаж буй ургамлуудыг ашиглан буйгаараа чанарын хувьд 100 хувь илүү. Манай орон байгалийн хуулиар устгалаа хийдэг сонин онцлогтой. Өөрөөр хэлбэл, өвөл хүйтрээд устгалаа хийж, байгалийн сэлгэлт явагдаад дахиад шинэ ургамал ургадаг. Харин бусад улсын хувьд жилийн дөрвөн улирал ургадаг учир чансаа багатай. Гэхдээ ийм сайхан байгалийнхаа үр шимийг зүгээр хүртээд, аваад байж болохгүй. Байгалийнхаа нөөцийг яаж хамгаалах талаар одооноос бодох хэрэгтэй. Хүн эмчилсэн 30 жилийн туршлагаас үзэхэд монголын ургамал түүхий эд, гаднын GMP-ийн шаардлага хангасан эмийн түүхий эдтэй харьцуулаад үзэхээр хамаагүй илүү бөгөөд үнэхээр чанартай, сор болсон эм болдгийг мэдсэн. Түүнээс гадна уламжлалт эмийн 5000-6000 жороос 150-аад жорыг шилж сонгодог учир эмчилгээний үр дүн өндөр. Энэ бол олон жилийн хөдөлмөр, онол дадлага, практик амьдрал дээр биеллээ олсон хүний ур ухаанаас гардаг. Ер нь эм үйлдвэрлэл бол хүн харахад амархан юм шиг хэр нь сэтгэл зовоосон нүсэр ажил байдаг юм даа. Манай “Манба Дацан” үйлдвэр дээр өнөөдөр 400-аад нэр төрлийн ургамал, эрдэс, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан эм үйлдвэрлэж байна.

-Уламжлалт анагаах ухаанд дотоодын эмийн ургамлаас хэчнээнийг ашигладаг вэ?

-700 гаруй ашигт ургамал байна гэж үздэг. Гэхдээ дотоодоос түүхий эд авдаг ч манайд ургадаггүйг нь гаднаас авах жишээний. Мэдээж гаднаас ургамал авахад үнэтэй тусна. Нэг кг ургамал 400, 500, 1000 доллар, доод тал нь 60-70 доллар. Тиймээс эх орныхоо эрүүл хөрсөнд эм тарималжуулах асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй болоод байна. Үүнд монголын Засгийн газар анхаарч, эм үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Та бидний ярьж буй зүйл бол эцсийн эцэст хүн ардын эрүүл мэнд, сайн сайхны төлөө гэдгийг уншигчид ойлгож байгаа. Гэхдээ монголчууд уламжлалт эмийг тэр бүр хэрэглэдэггүй юм шиг санагддаг?

-Ханиаданд хүртэл монгол эмээ уугаад төгс эдгэдгийг монголчууд мэдэхгүй. Үүнээс болоод ханиадаа үгдрүүлээд дараагийн өвчнийг бий болгоод байдаг нь харамсалтай. Уг нь уламжлалтын эмчдээ үзүүлээд ханиадаа төгс эдгээх боломж бий.

-Тухайлбал, ханиаданд ямар эм тан зохилтой талаар зөвлөгөө өгөөч?

-Уламжлалт анагаах ухааныг “Цус шингэлдэг шүү. Аспирин уугаарай” гэдэг шиг ойлгож болохгүй. Бид тухайн өвчний шалтгаан, шинж тэмдэг, явц зэргийг харгалзан ямар эм өгөхөө сонгодог. Одоо дэлхий нийтээрээ хувь хүний эмчилгээ рүү хандаж байна. Өөрөөр хэлбэл, барууны орнуудад тухайн хүнд нь тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй тухай ярьж байна. Гэтэл үүнийг монголчууд аль 2000-3000 жилийн өмнө хийгээд ирсэн байгаа юм. Уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэл гээд эрдэнэ шиг зүйл энд байсаар атал эмнэлэгт оочирлож байгаа нь их сонин. Манай “Манба Дацан” эмийн үйлдвэр бол монголд байхгүй онцлогтой. Би эмээ хийхдээ үйлийн үрийг бодож хийдэг. Ургамлаа зөв цагт нь түүж, зөв жороор хийж, хэмжээг нь барьж, стандартыг сахих ёстой. Манай номд бурхан “Эмийн жорыг дутаавал есөн цаг бус үхлийн хамгийн түрүүнийх ирнэ” хэмээн айлдсан. Тэгэхээр маш өндөр хариуцлагыг бодож эмээ хийдэг ёс зүйтэй. Үүний дараа тухайн өвчтөний биеийн болон сэтгэлийн үйлээр дамжуулж өвчнийх нь үндэс язгуураас эдгээдэг тарни номоор равнайлж, адислаж өгдөг. Ингэж эмд их хөлгөний нууц тарнийн их хүчийг шингээж өгч байгаа юм. Уламжлалаа алдаж болохгүй. Сэтгэлийнх нь өвчнийг нь эдгээдэг бол хаашаа ч хөдөлшгүй анагаах ухаан. Өнөөдөр эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэ гээд байгаа. Тэгвэл эх орныхоо уламжлалт анагаах ухааны эмийг ууж эрүүлжээрэй. Европ эмнэлгүүдээр яваад аргаа барсан өвчнийг нь бид эдгээж байна.

Одоо 1950, 60, 70 онд хэрэглэгдэж байсан европ эмүүдийг уухыг хориглосон. Зүгээр ч нэг хориглоогүй, хортой гэж хэлээд жагсаалтаас хассан. Гэтэл уламжлалт анагаах ухаан 2000-3000 жил хэрэглэхэд ямар ч багаж, шинжилгээгээр шинжилсэн сайн, үр дүнтэй  эм гэдэг нь батлагддаг. Өнөөдөр манайхан дэлхийгээр нэг эм хайгаад л явах юм. Уг нь “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж сайхан үг байдаг даа. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй эмийг хэдэн том компанийн бизнес гэдгийг илчилсэн ном хүртэл гарсан. Үүнийг Засгийн газрынхан унших хэрэгтэй.

-Энэ анагаах ухааныг цаашид хөгжүүлэхэд боловсон хүчнийг хэрхэн бэлддэг вэ?

-Манай “Оточ Манрамба” Их сургууль 1991 оноос хойш монголын эрүүл мэндийн салбарт сор болсон эмч, эм зүйчдийг бэлдэж ирсэн. Тодруулбал, энд дорнын болон өрнийн анагаах ухааныг судалж мэддэг эм зүйчдийг таван жилээр бэлтгэдэг. Өндөр нарийн мэргэжил шаарддаг учраас сургалтад бид маш хариуцлагатай хандаж, оношоо зөв тавьж, эмчилгээгээ зөв сонгодог эмчийг бэлтгэхийг нэн тэргүүний зорилгоо болгодог. Энэ нь цаашдаа эрүүл мэнд, эмзүйн салбарт том тус дэм болно гэдэгт итгэдэг. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр уламжлалт анагаах ухааны сургалтыг муугаар явуулж буй сургуулиуд байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Уламжлалт эмийн үнэ ямар ханштай байдаг вэ?

-Сүүлийн үед гаднаас авч буй түүхий эдийн үнэ өсөөд л байна. Гэхдээ европ хийгээд хятад, төвөдийн эмээс харьцангуй хямд шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *