-Уламжлалт анагаах ухааны чадварлаг сайн эмч нарыг Оточ Манрамба Их сургууль бэлддэг гэж уламжлалт анагаах ухааны салбарынхан ярьдаг юм билээ. Танай сургуулийн онцлог, давуу тал юу вэ?
-Оточ Манрамба Их Сургууль нь анагаах ухааны чиглэлээр байгуулагдсан анхны хувийн хэвшлийн их сургууль. Манай сургуулийн сургалт яагаад сайн байна вэ, төгсөгчид нь яагаад чадварлаг байна вэ гэхээр бид хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж ирсэнд байгаа юм. Оточ Манрамба Их сургуулийн явуулж байгаа энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон. 16-р зууны үеэс Буддын их арван ухааны нэг уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, уламжлалтын эмчийг бэлтгэхдээ 5 наснаас эхлэн тусгай нарийн сургалтаар үндсэн бичиг үсэг зааж, суурь боловсрол олгож төлөвшүүлээд, тусгай шалгалт авч 16-17 наснаас нь анагаах ухааны чиглэлээр тусгайлан сургаж байсан. 7 жилийн хугацаанд нарийн дэг жаяг, хөтөлбөрийн дагуу сургасны үндсэн дээр эмчийн зэрэг олгодог байсан. Төгсөлтийн дараах шаталсан сургалтаар эмч нарын зэрэг цолыг нь ахиулж, насан туршийн сургалтын системийг бий болгосон байсан. Үүнтэй уялдаад уламжлалт анагаах ухаан Монгол оронд мэргэжлийн түвшинд хөгжиж ирсэн. Мэргэжлийн оточ эмч, маарамбууд ард түмэндээ амьдралын зан үйл, хэвшилд нь өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар маш нарийн гүн гүнзгий мэдлэгийг бий болгож, монголдоо төдийгүй дэлхийн олон оронд алдар нэр нь дуурсагдсан олон эмч нар төрөн гарч, алдартай зохиол бүтээлээ туурвиж ирсэн байдаг. Энэхүү сургалтын тогтолцоо нь Энэтхэгийн алдарт 500 бандида нар төрөн гарч байсан Наландрын их сургуулийн сургалтын сонгодог арга барил дээр суурилсан байдаг. Оточ Манрамба Их сургуулийн сургалтын чанар, амжилт бүтээл энэхүү олон мянган жилийн баялаг гуу сангаас суралцагчиддаа заана хүртээж байгаатай салшгүй холбоотой юм.
-Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, Хамба лам Д.Нацагдорж Монголын нэртэй оточ маарамбуудаас уламжлалт анагаах ухааны жүд дамжлагыг авч үлдсэн хүн гэдэг шүү дээ. Тэрхүү жүд дамжлагыг таслалгүй Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад дамжуулан сургаж байгаа нь чухал байх.
-Тэгэлгүй яахав, Хамба лам Д.Нацагдорж өөрөө 1974 оноос Монголын уламжлалт анагаах ухааны жүд дамжлагыг хадгалж байсан олон лам, эрдэмтэн багш нараасаа шавь сургалтаар заалган, эмийн ургамал, нууц жор, оношлох, эмчлэх арга ухаанд уйгагүй суралцаж, мөн Энэтхэг улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцсан байдаг. Хамба лам Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулахдаа уламжлалт анагаах ухааны сургалтын сонгодог аргыг баримтлан мөн орчин үеийн сургалтын шилдэг аргыг хослуулан сургалтын хөтөлбөрөө боловсруулж, сургалтаа явуулж эхэлсэн. Манай сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга нь суралцагсдад нарийн мэргэжил олгохоос гадна, энэрэн нигүүлсэх сэтгэл, хүнлэг ёс зүйг төлөвшүүлдэг. Мөн уйгагүй хичээл шамдал, тэвчээр, өгөөмөр зан чанарыг суулгаж өгдөг. Энэ нь суралцагсад болон төгсөгчдийн ажил, амьдрал, нийгэмд хандах хандлага, үйлчлүүлэгсэд, ажил олгогчдын сэтгэгдлээс харагддаг.
-Оточ Манрамба Их сургууль сургалтын хөтөлбөрийнхөө 70 хувьд уламжлалт анагаах ухаан, 30 хувьд нь өрнийн анагаах ухааны суурь мэдлэгийг тусгасан байдаг нь аль аль талдаа хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж байна гэж хэлж болох уу?
-Өрнийн анагаах ухаанаас бидэнд авах зүйл маш их бий. Тиймээс сургалтын хөтөлбөрийнхөө 30 хувьд нь өрнийн анагаах ухааныг оруулж байгаа. Өрнийн анагаах ухааны анатоми, физилоги, хими, биологи зэрэг үндсэн суурь хичээлүүдийг эмч хүн зайлшгүй үзсэн байх ёстой. Мөн тухайн мэргэжлийн өвөрмөц онцлогтой уялдан орчин үеийн нарийн мэргэжлийн хичээл, дээд боловсролын суурь хичээлүүдийг заадаг. Манай сургууль оюутнууддаа уламжлалт анагаах ухааны хөдлөшгүй суурь мэдлэгийг өгч, уламжлалт болон өрнийн анагаах ухаан, буддын судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, практик дээр шууд ажиллах чадвартай болгодог. Мөн уламжлалт анагаах ухаан нь буддын нэг салбар ухаан бөгөөд судар, тарнийн аль алиных нь суурь мэдлэгийг олгодог. Манай төгсөгчид уламжлалт анагаах ухаан, орчин үеийн шинжлэх ухаан, судар, тарнийн чиглэлийн алинаар нь ч гүнзгийрүүлэн судлах, ажиллах боломжтой. Төгсөгчдийнхөө ажлын байрыг хараад байхад ихэнх нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр гадаад, дотоодод амжилт гаргаад явж байна. Зарим нь тарнийн ёсонд суралцаад бясалгал номоо хийгээд явж байгаа бол мэс заслын эмч болсон нь ч бий. Манай сургуулийн амжилтын үндэс бол сургалтын хөтөлбөр, үүнийг ном ёсоор нь дамжуулж авсан эмч, багш нар, нэгэн зорилгын дор нэгдсэн чадварлаг хамт олонтой маань холбоотой.
-Анагаах ухааны цаашдын чиг хандлагад хувь хүнд тохирсон эмчилгээ зонхилох төлөвтэй байна. Энэ нь уламжлалт анагаах ухааны онол, эмчилгээний зарчимтай нийцэж байгаа шүү дээ. Тиймээс цаашид уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд ихээхэн шаардлагатай болох нь. Оточ Манрамба Их сургуульд илүү олон мэргэжилтэн бэлтгэх нөөц бололцоо бий юу?
-Хамгийн сайн анагаах ухаан бол хувь хүнд чиглэсэн, хувь хүний өвчинд, тухайн бодгальд чиглэсэн оношилгоо эмчилгээ байх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны онол яг л ийм байдаг. Эхний үед манай сургууль маш цөөхөн мэргэжилтэн бэлтгэж байсан. Энэ нь багшлах боловсон хүчинтэй холбоотой. Харин одоо бид өөрсдийнхөө төгсөгчдийг боловсруулж бага багаар багшлах боловсон хүчнээ чадавхжуулсанаар багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Сургуулийн сурах орчинг бүрэн бүтээн байгуулж, сургалт явуулах томоохон бааз эмнэлэгтэй болсон. Сургалт судалгаа хийх лабораториудыг иж бүрнээр тохижуулж, үйл ажиллагаанд орууллаа. Манай сургууль 2500 оюутны багтаамжтай хичээлийн байртай. Тиймээс олон оюутан сургах бололцоо бүрдсэн. Бид ирэх 9 дүгээр сараас англи хэл дээр сургалт явуулах бэлтгэлээ хангасан тул дотооддоо төдийгүй олон улсын түвшинд сургалт явуулах боломжтой болоод байна. Үүнийг ойрын зорилт болгон хэрэгжүүлнэ.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд уламжлалт анагаах ухааны салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэж нийлүүлж байгаа нь маш том хөрөнгө оруулалт. Үүнээс гадна салбартаа ямар ахиц дэвшил, шинэчлэлийг авчирсан бэ?
-Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмнэлэг бол Монгол улсдаа уламжлалт анагаах ухааны чиглэлд тэргүүлж, хөгжлийг тодорхойлж байгаа байгууллага гэж хэлж болно. Бид өнгөрсөн хугацаанд маш олон шинэчлэлийг салбартаа хийсэн. Манай байгууллага уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний чиг хандлагыг тодорхойлж байна, уламжлалт анагаах ухааны жишиг эмнэлгийг барьж байгууллаа. Эмнэлгийн стандартыг тогтоосон. Уламжлалт анагаах ухааны өвчний ангилалзүйг баталгаажуулж гаргасан. Эмнэлзүйн, онолын судалгаа хийж байна. Бид 1990 оноос хойш дэлхийн 56 улс оронд өөрсдийн хичээл зүтгэл, хүч хөрөнгөөр уламжлалт анагаах ухааныг сурталчлах, лекц тавих, үзлэг оношилгоо хийж уламжлалт анагаах ухаанаа төдийгүй Монгол орноо сурталчилан таниулж ирсэн.
-Ярилцсанд баярлалаа.