Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл: Далай лам буддын сургаал номлолыг эдүгээчлэн тайлбарлаж, илүү ойлгомжтой болгосон

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэлтэй “Буддын шашны ёс суртахууны сургаалыг дэлгэрүүлэхэд XIV Далай ламын гүйцэтгэж буй үүрэг” сэдвээр ярилцлаа. Тэрбээр энэхүү сэдвийн хүрээнд судалгаа явуулан, магистрын зэрэг хамгаалсан юм.

-Таны судалгааны сэдэв их сонирхолтой юм. XIV Далай лам монголчуудад их ойрхон хүн. Тиймээс түүний сургаал айлдварууд Буддын шашны төдийгүй, монголчуудын үзэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа нь маш сонирхолтой байна? 

-Тиймээ. Судалгаагаараа Буддын шашны ёс суртахууны сургаал, түүний мөн чанар агуулгыг тайлбарлахаас гадна XIV Далай ламын эдүгээчилсэн буюу орчин цагийн хэллэгт оруулсан тайлбаруудыг түүний үйл ажиллагааных нь зорилго чиглэлтэй холбон тайлбарлахыг зорьсон. Өнөөгийн улс төр, нийгэм, шашны амьдралд гарсан өөрчлөлт шинэчлэлтэй уялдуулан Буддын ёс зүйн номлолыг эдүгээчлэн тайлбарлаж буй нь хүмүүст илүү ойлгомжтой болж, Буддын шашны ёс суртахууны сургаал, айлдварыг олон нийтэд хүргэхэд их чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс ч орчин цагт Буддын шашныг түгээн дэлгэрүүлж байгаа олон сайхан сэтгэгчид, нийгмийн зүтгэлтнүүд, судлаачид дундаас XIV Далай лам яах аргагүй ялгарч, үйл ажиллагаа, хэлсэн номлолууд нь шашны мэргэжилтэн, судлаачид, энгийн ард иргэдийн анхаарлыг татаж байгаа юм.

XIV Далай лам монголд найман удаа айлчилж байсныг судалгаандаа тусгажээ. Үүнээс харахад Далай багшийн гурав дахь айлчлал буюу 1991 онд манай улс ардчилсан шинэчлэлийн гараагаа эхэлж, 1994 онд дөрөв дэх айлчлалаа хийхэд энэ үйл явц гүнзгийрч байсан үе. Тэгэхээр ардчилсан нийгэмд хөл тавьж байсан монголчуудад Далай багшийн сургаал хэрхэн нөлөөлсөн бэ?

-Далай лам одоогийн байдлаар монголд найман удаа заларсан. Хамгийн анх 1979 онд, дараа нь 1982 онд Азийн буддистүүдийн энхтайвны бага хурлын 5, 6-р чуулганд оролцохоор уригдан ирсэн байдаг. Тухайн үед монголд шашин шүтлэг хаалттай, социализмын үе байсан. Гэсэн ч бид Далай ламыгаа залаад уулзаж байжээ. Тэр үед Далай багш голдуу лам нарт хандан номлол, айлдваруудаа айлдаж байснаас нь харахад түүний бодлого чиглэл нь социолизмын үеийн монголд Буддын шашин ямар байгааг харах байсан болов уу. Харин 1990 он гарсанаас хойшхи айлчлал буюу гурав, дөрөв дэх айлчлалуудын үед монголд өөрчлөлт шинэчлэл бий болж, зах зээлийн нийгэмд шилжин, ард иргэдийн амьдрал, сэтгэл санааны байдал ч хүнд байлаа. Тухайн үед 70 жил хаагдсан шашин шүтлэг нээлттэй болсон ч шашны талаарх нэгдсэн ойлголт байхгүй, хууль журам ч үгүй, ерөнхийдөө ард түмний дунд оюун санааны орон зай байсан гэж хэлж болно. Үүнийг Далай лам харж, энэ үеэс л ёс суртахууны номлолоо түлхүү айлдсан байдаг. Ялангуяа лам нарт сахил санваараа хэрхэн сахих, лам гэлтгүй энгийн ард иргэдэд ч сахил хэрэгтэй талаар номлож байлаа. Сахил гэдэг нь ёс суртахуунлаг байхад чухал зүйл юм. Үүнийг л ард иргэдэд ойлгуулж эхэлсэн. Одоо монголчуудын дунд хэлц үг болтлоо өргөн хэрэглэгдэж байгаа “Архиа бага ууж, айргаа тааваараа ууцгаая” гэх үгийг Далай багш 1995 оны айлчлалын үеэр айлдсан байдаг. Далай лам монголд айлчлах бүртээ тухайн үеийн нийгмийг мэдэрч, монголчуудад ямар сургаал, номлол хэрэгтэй байна гэдгийг харж байсан. Үнэхээр л тэр үед монгол орон архинд дэндүү шумбасан, түүнийгээ дагаад амьдрал хэцүүдсэн байлаа. Харин Далай багш энэ сургаалыг хэлснээр хүмүүсийн архинд хандах хандлага өөр болсон гэж хэлж болно. Мөн энэ үеэр шашин сүм хийдийн анхны хууль гарсан байдаг. Үүгээрээ ардчилсан шинэчлэлийн үед хийж байсан Далай багшийн айлчлалууд онцлог гэж хэлж болно.

-Далай багш монголд айлчлах бүртээ тухайн үеийн нийгмийн байдлыг мэдэрч, монголчуудад ямар сургаал, номлол хэрэгтэй байгааг харж байсан гэлээ. Тэгвэл орчин цагт Далай багшийн сургаал, айлдвар хэрхэн өөрчлөгдөж, юунд чиглэсэн бэ?

-Сүүлийн үеийн айлчлалуудыг нь хараад байхад голдуу залуучуудад хандаж, ёс суртахууны номлолыг илүү ойлгуулах гэж шинжлэх ухаанч ханддаг болсон. Шинжлэх ухааныг шашинтай хослуулж аль талаараа нийлж байна, аль талаараа өөр байна гэдгийг орчин цагийн түвшинд залуусын сэтгэл оюунд тааруулж ойлгогдохоор сургаалаа хайрлаж байна. Далай багшийн “Шинэ мянганы ёс зүй” гэсэн ном байдаг. Энэ номыг, мөн сүүлийн үед хэвлэгдсэн бусад номнуудыг залуучууд уншсанаар ёс суртахуун гэж юу болох, Далай багшийн айлдсанаар шашнаас ангид ёсзүй гэдэг нь юу юм зэрэг ёс суртахууны талаарх ойлголтуудыг мэдэж авна.

-“Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зөвхөн Монгол, Түвд хоёрт л байдаг их бага хөлгөнтэй, очир тарнийн ёсыг хослуулан цогцлоосон Наландрагийн ёст бурханы шашнаа эрхэмлэн дээдэлж явах нь чухал” гэж Далай багш хэлсэн байдаг. Энэ нь юуг сургаж байна вэ?

-Бурханы шашин их бага хөлгөнтэй. Их хөлгөн дотроо судрын тарнийн гэж хоёр хуваадаг. Дэлхий дээрх Буддын шашинт улсуудаас Түвд, Монгол хоёр л энэ судар, тарнийн ёсыг хоёуланг нь хослуулсан бурханы шашинтай байна. Тиймээс судар тарнийн ёсыг хоёуланг нь агуулж байгаа энэ чухал шашнаа битгий алдаарай, уламжлалаа бариарай гэж сургаж байгаа юм. Өнөөгийн Хятад, Солонгос улсууд их хөлгөнтэй гэж байгаа боловч зөвхөн судрын ёс нь байдаг, тарнийн ёс нь байдаггүй. Лаос, Камбож улсууд бага хөлгөнийн шашинтай. Үүгээрээ ялгаатай юм.

-Далай багшийн сургаалаас хамгийн бодууштай, санаж явах сургаалыг манай сонины уншигчдад хэлж өгөхгүй юу?

-Далай багшийн номлож байсан номлолуудаас “Таны эрх өөр хэн нэгний эрхээр хязгаарлагдана” гэсэн сургаалыг их бодууштай. Мөн “Шинэ мянганы ёс зүй” номыг уншаарай гэж уриалмаар байна. Далай багшийн сургаалыг орчин цагийн монгол хэлэнд их орчуулдаг болсон. Ялангуяа Далай багшийн намтар, түүний сургаалуудыг нь анхаарч уншаасай гэж бодож байна. Тэгэхээр энэ хүний юу хэлэх гээд байгааг, Далай багш орчин цагт яагаад дэлхий нийтийн анхаарлыг татах болов гэдгийг олж мэдэх болно.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *