Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд нь жил бүрийн өвлийн сүүл сарын 30 буюу битүүний орой Балданлхамаа тахидаг. Битүүний хурал шөнөжин хурна. Битүүний шөнө Лхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг. Лхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой. Тиймээс монголчууд тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг учиртай. Тэрхүү мөс нь Лхам бурхны луусанд зориулж байгаа өглөг юм. Балданлхам бурханд балин тахил өргөх зан үйлийн хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй.
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг сэргээн байгуулсан тэр жилийн битүүний хуралд тахих томоохон хэмжээний Балданлхам бурхан байсангүйд хийдийнхэн нэгэн жижиг Балданлхам тахихаар зэхэж гэр гэртээ харьчихаад оройн хуралдаа иртэл нэг Балданлхам бурхан залагдсан байж гэнэ. Тэрхүү Балданлхам бурханг хэн залсан тухай эрэл сурал болсон ч хэн ч мэдсэнгүй. Тиймээс түүнийг тус хийдийн лам нар аранжон буюу өөрөө заларсан Балданлхам гэж нэрлээд олон жил гол шүтээн болгон, жил бүрийн цагаан сарын хурлыг хурдаг болжээ. Түүнээс хойш Манба Дацан хийдэд Дуутын хүрээний Балданлхам бурхан залагдаж ирснээс гадна маш чухал олон бурхдыг залсан байдаг. Өөрөө заларсан Балданлхам бурхныг хэн авчирч залсаныг одоог хүртэл хэн ч мэдэхгүй нь сонирхолтой.
Лхам бурхны тухай сонирхолтой хууч, домог яриа олон байдаг. Тухайлбал, нэгэн лам айлд хятад хүн зочилж гэнэ. Тэр үед гэрийн эзэн лам гэрийнхээ хаалганы тотгон дээр гурван мөс тавьж байхыг харсан хятад хүн гурван мөс тавьдаг нь ямар учиртайг асуухад өнөөх лам “Цагаан сараар Лхам бурхан зочилно. Хүргэж ирсэн луус энэ мөсөөр ундаалдаг юм” гэжээ. “Тэр Лхам бурхан айл бүхэнд ирэх үү, ганцхан танайд ирдэг үү” гэж хятад хүн дахин асуухад лам “Огторгуйд байх нар ганц хүнд гэрэл гэгээгээ өгөх үү эсвэл амьтан бүхэнд гэрэл гэгээгээ тэгш өгөх үү? гэж сөргүүлэн асуужээ. Хятад хүн “Амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгнө” гэж хэлсэнд лам “Яг түүнтэй адил Лхам бурхан амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгч айл бүхнийг зорьж морилдог юм” гэж хариулсан гэдэг.
(Хамба лам Д.Нацагдоржийн ярианаас)